С.САРУУЛ

Короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн.  Иргэдээ вакцинжуулах төлөвлөгөөний хүрээнд насанд хүрсэн иргэд буюу нийт иргэдийн 60 хувь буюу 1.9 сая хүнд хийх вакцин авах юм байна. Үүнд, Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн AstraZeneca вакцинаас 150 мянган тун, БНХАУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Синофарм” вакцинаас 300 мянган тун, ОХУ-д үйлдвэрлэсэн, ДЭМБ-д бүртгэгдэхээр хүлээгдэж буй “Спутник V” вакцинаас 20 мянган тун тус тус татан аваад байгаа аж.

Эхний ээлжинд эрүүл мэнд, цагдаа, онцгой болон стратегийн салбарын ажилтан, алба хаагчдаа вакцинжуулж эхлээд байгаа гэлээ. Вакцин татан авалтын талаар Эрүүл мэндийн сайд Энхболд “ COVAX хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сар хүртэл AstraZeneca вакцины 112000 тунг хүлээн авахаар тогтсон бөгөөд үүнээс эхний 14400 тун энэ сарын 15-ны дотор татан авна.  Түүнчлэн ОХУ-аас манай улсад “Спутник V” вакциныг тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн. Үүний сацуу 200,000 тунг худалдааны шугамаар захиалж, тавдугаар сарын эхээр татан авахаар төлөвлөсөн. “Синофарм” компаниас 300000 тун вакциныг арилжааны шугамаар дөрөвдүгээр сард багтаан худалдан авах боломжийг судалж байгаа бол COVAX хөтөлбөр, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Pfizer вакцины 25,000 тунг оруулж ирэх асуудал хэлэлцэгдэж байгаа” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn