З.БАТЦЭЦЭГ

Арван жилийн өмнө АНУ-ын нууц мэдээлэл Wikileaks дээр нийтлэгдсэн нь ихээхэн дуулиан тарьсан. Олон материал одоо ч гэсэн чухал хэвээр байна. Энэ нь олон улсын улс төрд яаж нөлөөлсөн бэ,  түүнээс хойш юу өөрчлөгдсөн бэ?

2010 оны 11 дүгээр сарын 28-д барууны таван томоохон хэвлэлийн байгууллага нэгэн зэрэг Вашингтоны дипломат ёсны нууцын тухай нийтэлсэн. Эх сурвалж: АНУ-ын төрийн департаментын 251, 287 нууц материал. Энэ нь Америкийн гадаад улс төрийн төрхийг нэлээд таагүй таалаас нь харуулсан байв. АНУ-ын дэлхийн өнцөг булан бүрт суугаа Элчин сайдын яамнаас ирсэн илгээмжнүүд Wikileaks интернет платформ дээр тавигдсанаар илчлэгдсэн юм. Урьд өмнө ийм их нууц материал сэтгүүлчдийн гарт орж ирж байсан удаагүй.

Wikileaks ба Der Spiegel

Der Spiegel нь Wikileaks-ийн Герман хамтрагч болсон юм. Тэд энэ явдлыг “АНУ-ын гадаад улс төрийн томоохон сүйрэл” гэж нэрлэсэн юм. Үүнээс гадна Вашингтон дипломатууддаа бүр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ажилчдыг тагнах үүрэг өгсөн байв. Wikileaks-ийн нийтлэлд Арабын орнууд Ираны цөмийн байгууламжуудад агаараас цохилт өгөхийг шаардаж байсан, Бээжингийн зүгээс Хойд Солонгосын дарангуйлагч Ким Чен Ирд хэрхэн дургүйцэн, тэвчээр алдаж байгаа талаар, Америкийн дипломатууд ажиллаж байсан улс орны, тэргүүлэх улстөрчдөд таагүй үнэлгээ өгч байсан талаар унших боломжтой байв. 

Wikileaks-ийн хамгийн том илчлэлт

“Элчингийн цахилгаан 2010 оны Wikileaks-ийн илчлэлтийн оргил байсан” хэмээн Der Spiegel сонины сэтгүүлч Марсель Розенбах DW-д өгсөн ярилцлагадаа дурссан байна. Жуллиан Ассанж 2006 онд Wikileaks-ийг үүсгэн байгуулсан ба дөрвөн жилийн дараа цойлон гарч ирсэн юм. 2010 оны 4 дүгээр сард “Дагалдах аллага” нэртэй бичлэгийг ил гаргасан. Уг бичлэгт 2007 онд АНУ-ын цэргийн  нисдэг тэрэг Багдад руу дайрах үед энгийн ард иргэд, тэр дундаа Reuters-ийн 2 сэтгүүлч амь үрэгдсэн нь бичигджээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран хэвлүүлсэн “Афганистаны дайны өдрийн тэмдэглэл”, “Иракийн баримт бичиг”-т энэ хоёр дайны бодит байдлыг цочирдуулсан, эвгүй байдлаар дүрсэлсэн нь Төрийн Департамент болон Пентагоны сайн тосолсон PR машинаас хальсан явдал байлаа.

Мэдээлэл алдагдан Wikileaks-т тавигдсанаас болж 2011 оны намраас эхэлж АНУ-ын бүх дипломат мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон. Марсель Розенбахын хэлснээр энэ материал одоог хүртэл эрэлт хэрэгцээтэй “Энэ нэг ёсондоо нийтийн архив болж хувирсан. Одоог хүртэл олон сэтгүүлч материал бэлдэхэд хэрэг болдог” байна.  

Дипломат баримтыг нийтэлснээр “Арабын хавар”-ын эхлэл болсон уу?

Wikileaks-ийн ачаар Арабын улсуудад эрх мэдлийг хэтрүүлэн ашигладаг, хээл хахуулийн баримтууд ил болсон, тэр дундаа Тунист. Мөн үндэсний Засгийн газрын жинхэнэ зорилго, олон нийтэд зарласнаасаа огт өөр болох нь ил болсон. Дипломат баримтууд нийтлэгдсэн үе нь арабын ертөнцөд эсэргүүцлээ илэрхийлж эхэлж байсантай яг давхцсан бөгөөд Розенбахын үзэж буйгаар дараа саруудад “арабын хавар” болоход нөлөөлсөн байна.

Гэхдээ Wikileaks-ийн илчлэлт сэтгүүлчдэд бас нөлөөлсөн гэж Розенбах үзэж байгаа юм. Учир нь яг тэр үед хэвлэл мэдээллийн олон улсын хамтын ажиллагаа байгуулагдсан байна. “Энэ нь дэлхийн сонирхлыг татахуйц, геополитикийн агуулагатай материалуудтай харьцах шинэ арга байлаа. Иймэрхүү мэдээллийн нууц алдагдахад яах ёстой талаархи сэтгүүлчдийн стандарт болсон юм”.

Wikileaks-ийн илчлэлт мөн ерөнхийд нь мэдээллийг ойлгоход өөрчлөлт оруулсан гэж Сэм Форсайт үзэж байна. Тэрээр дэлхийн энх тайван, зөрчлийг судалдаг Хессены фондод мэдээллийн дайны шинжээч хийдэг юм. Олон улсын тавцанд Wikileaks-аар төлөөлүүлэн зөвхөн сэтгүүл зүйн аргыг ашигладаг олон улсын харилцааг зөрчиж, тэр ч байтугай стратегийн түвшинд нөлөөлөх эрлийз, төрийн бус жүжигчин гарч ирэв. Үүний үр дагаврын нэг нь мэдээллийн орчинд зөрчилдөөн хурцадсан явдал юм. “Өнөөдөр бүгд хэвлэл мэдээлэл хяналт дор байх ёстой гэдэгийг ойлголоо. Бид хүүрнэлийг хянадаг харилцааны урсгалыг идэвхтэй бий болгох хэрэгтэй” гэж Форсайт үзэж байна.

Wikileaks-ийн мэдээлэгч Челси Мэннинг

Wikileaks 2010 онд тэсрэх бөмбөг шиг мэдээллээ Челси Мэннингээс авсан. Тэр үед түүнийг Брэдли Мэннинг гэдэг байсан ба тэрээр Ирак дахь АНУ-ын цэргийн албан хаагч, АНУ-ын засаг захиргааны мэдээллийн санд нэвтрэх эрхтэй нэгэн байв. “Нэвтрэх нууц эрх нь чамд байгаад, тэгээд тэнд Вашингтоны серверийн харанхуй өрөөнд хадгалагдаж байснаас нийтэд ил болгох нь зүйтэй, олон ер бусын зүйлүүд байвал чи яах байсан бэ?” гэж тэрээр америкийн хакер Адриана Ламогаас 2010 оны 5 дугаар сард асуужээ. Мөн тэрээр дөрөвний нэг сая орчим нь “төрийн департаментаас дэлхийн өнцөг булан бүрт суугаа Элчин сайдын яамдууд болон консулын газруудаас илгээсэн бичгүүд, гуравдагч орнуудыг хэрхэн мөлжиж байгаа талаар дотроос нь нарийвчлан тайлбарласан” талаар ярьжээ. Мэннингийн хэлснээр энэ мэдээллийг гадагшаа гаргаж “ямар нэг зүйлийг өөрчилж болно” гэж үзжээ.

Ламод итгэж болно гэж Мэннинг андуурчээ. Хакер мэдээлэгчээсээ урвасан юм. Удалгүй түүнийг баривчлан цэргийн шүүхээр оруулан, 35 жилийн хорих ял өгсөн ч, 7 жил ял эдэлж, хүйсээ солиулан Чэлси Мэннинг болсоны дараа түүнийг өршөөжээ. “Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа хэдэн мянган дипломат ажилтан нэг өглөө сэрэхэд, гадаад бодлогын бүрэн мэдээллийн багцыг олон нийтэд ил болгосныг сонсоод хүнд цохилтод орно” гэж Мэннингийн үзэж байсан зөв байсан юм.

АНУ, Жулиан Ассанжийн эсрэг

Клинтоны анхны хариу үйлдэл нь 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Вашингтонд хэлсэн үг бөгөөд “Дэлхийн аюулгүй байдлыг хамгаалж, эдийн засгийг хөгжүүлдэг олон улсын хамтын нийгэмлэг, холбоо, түншлэлд халдаж байна” гэжээ. Вашингтоны уур бухимдал өөр зүйлээр илэрч байсан юм. Жулиан Ассанжийг алахыг уриалан, Paypal, Mastercard, Visa нар Wikileaks-т хандив өгөхөө зогсоон, Wikileaks сайтыг хэд хэдэн удаа ажилгүй болгох гэж оролдон, америкийн улстөрчид Wikileaks сайтыг террорист бүлэглэл хэмээн нэрлэж байлаа. АНУ-ын төрийн нарийн бичигийн дарга, тэр үед ТТГ-ын захирал Майк Помпео  Wikileaks-г “дайсны гадаадын тусгай алба” гэж нэрлэж байжээ.

Америкийн улстөрчид дахин дахин хэлдэг: Wikileaks-ийн “гар цусанд дүрэгдсэн”, авторитар дэглэмийн сөрөг хүчнийхэн болон мэдээлэгчдийн амь насанд аюул учруулж байна гэдэг. “Энэ буруутгал юугаар ч нотлогдоогүй” гэж  Der Spiegel-ийн редактор Розенбах баталж байна. “Нийтлэл гарснаас хэдэн сарын дараа Пентагон хүртэл тэгж ярьж л байсан”.

Харин ч хамгийн түрүүнд Жуллиан Ассанжид ихээхэн дарамт ирэн, түүнийг улсын дайснаар тодотгосон юм. Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд  7 жил хоргодоод, одоо тэрээр Английн чанга дэглэмтэй хориход байгаа юм. Америкчууд түүнийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. Хэрэв үнэхээр түүнийг шилжүүлэн өгвөл 175 жилийн хорих ял түүнийг хүлээж байгаа. Шийтгэлийг 1 дүгээр сарын 4-нд зарлах байсан ч Ассанжийг амиа хорлох магадлалтай хэмээн Англи улс шилжүүлэн өгөхөөс татгалзжээ.

Эх сурвалж: www.dw.com