Ч.ЗОТОЛ

“Ноёд групп”-ийн захирал  Г.Буяндорж хэвлэлийн хурал хийж мэдээлэл хийлээ. Мөн түүний эхнэр, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, өмгөөлөгч Д.Батжав нар түүнтэй хамт байр сууриа илэрхийлсэн юм.

Г.Буяндорж хэлэхдээ “Манай гэр бүл Монгол Улсад анх удаа гэр бүлээрээ энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Энэ шийдвэрийг гаргахад амаргүй байлаа. Би гэр бүлийнхээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэнчин тавьж, эрсдэлд оруулан энэ хэвлэлийн хурлыг хийж байгааг та бүхнийг ойлгохыг хүсье. 2011 оноос хойш  цагдаа, прокурорын байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд, өмнө нь прокурорын байгууллага болон мөрдөн байцаах албанд ажиллаж байсан өмгөөлөгч нарын хоорондоо холбоотой нарийн зохион байгуулалттай хууль бус үйлдэл, тэдний бий болгосон “Шударга бусын хонгил”-ын ноцтой үйл ажиллагааг  миний бие дурдаж  байна.

2011 оноос хойш   БНХАУ-ын  иргэн Шан Душен гэдэг хүний өргөдөл гомдлоор, намайг болон миний ах дүү нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хүн 2014 онд Замын-үүдийн боомтоор Монголоос гарч явсан. Тэр хүнийг БНХАУ-д  ажиллаж, амьдарч байхад би энд Цагдан хорих 461-р ангид 409 хоног хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж,  компанийнхаа 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг алдсан. Энэ хүн одоо ч Хятад улсдаа амьдарч байгаа. Энэ асуудлаар прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү оруулсан. Давхцсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болж, хамгийн сүүлчийн шүүх хурал 2019 оны дөрөвдүгээр сард болж Дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Душен гэдэг хятад иргэн биш байна. Энэ хэргийн иргэний нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Шүншү гэх хүн биш байна гэж дүгнэсэн. Үүний дагуу 2020 оны дөрөвдүгээр сард нийслэлийн ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Батгэрэл захирамж гарган мөрдөн байцаалтад буцаасан. Шүүхийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын албан бус  “Хонгил”-ын прокурорууд 10 жил Хятад иргэний  захиалгаар асуудлыг явуулж, бүх яллах дүгнэлт нь дээд шүүх дээр очиж хүчингүй болж унаж байна. Үүний цаана 4-5 прокурорын асуудал яригдана. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Тэдний буруутай үйл ажиллагаа байна гэдгийг Дээд шүүх дүгнэсэн. Тиймээс намайг болон, манай гэр бүлийг 2011 оноос хойш “Шударга бусын хонгил”-оор чирсэн энэ үйл ажиллагаануудыг залруулахаар Ёс зүйн хороонд нь өргөдөл гаргаж байна. Ёс зүйн дүрмийн 3.8-д “Прокурор гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг хамгаалах ёстой. Гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хамгаалж, нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээх ёстой гэсэн энэ заалтын дагуу нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар гомдол гаргаж байна. Дээд шүүхээс Хятадын иргэн Шан Душенийг хохирогч биш гэж дүгнэсэн 2020 оны дөрөвдүгээр сард Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хил хаалтай байсан. Тийм нөхцөлд Шан Душен улсын хилийг нэвтэрч орж ирсэн. Энэ асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Эрүүгийн хэргийн анхны шатны шүүх  хурал дээр /шүүгч нь Батгэрэл/ Шан Душен  Монголын дөрвөн өмгөөлөгчийг дагуулан орж ирсэн. Дээд шүүх түүнийг хохирогч биш гэж дүгнэсэн учраас тэр хүн хуралдаанд оролцоод гарч явсан. Энэ хүн 2014 оноос 2020 он хүртэл БНХАУ-д амьдарсан, тэндээс Монголын прокуроруудыг удирдаж эзэн биегүй хэрэгт намайг хорьж шалгаж байсан нь Дээд шүүхийн тогтоолоор хөдөлшгүй батлагдсан. Тиймээс баримт түшиглэн хэвлэлийн хурлыг хийж байна.

Би Монгол Улсын иргэний хувьд надтай холбоотой, миний компанийг бүлэглэн дээрэмдсэн прокуроруудтай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа. Мөн миний компанийг залилж авсан асуудлыг ч бас шалгаж байгаа. Энэ хүрээнд Шан Душен гэдэг хятад иргэн Монгол Улсад 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан баримтуудыг миний бие  илчлэн гаргаж ирж Нийслэлийн прокурорын газарт нотлох баримт 65 хуудас материалын хамт өгнө. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор надад хариу өгөх учиртай. Би гурван удаа энэ асуудлаар шинжээч томилж өгөөч, гэрчүүдийг асууж өгөөч, ажлын хэсэг гаргаж өгөөч, үүний цаана татварын байгууллагын эрх бүхий хүмүүсийн оролцоо байгаа юм биш биз, энэ хүн улсын хилээр хэрхэн яаж орж ирсэн нь тодорхойгүй байна, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж болзошгүй байна гэсэн өргөдөл гомдол гаргасан. Өргөдөл гомдол гаргангуут Нийслэлийн прокурорын газрын прокурор Батмэнд надад хариу өгөхдөө “хянан шийдвэрлэсэн” гэсэн атлаа, дээд шатны шүүхэд гомдол гаргахгүй гэсэн эцсийн шийдвэрийг надад гурван удаа өглөө. Үндсэн хуулиар олгогдсон эрх, Монгол Улсын иргэн нь  төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг ноцтой зөрчлөө.  Монгол Улсын прокурорын тухай хууль, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 болон бусад хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Гэтэл энэ прокурор эцсийн шийдвэр гэж надад өгч байна. 47 тэрбум төгрөгийг шалгуулахгүй гэж байна. Ийм прокурор Монгол Улсад байна гэхээр бид ямар нийгэмд амьдарч байна. Бид ямар хүмүүсийг прокурорын байгууллагад томилчихоод эрхээ хамгаалуулна гээд сууж байна вэ. Энэ бол прокуроруудын сүлжээ, гинжин хэлхээ. Эрхзүйт, ардчилсан  Монгол Улсад ийм байж болохгүй. Энэ асуудлыг би Ёс зүйн хороонд нь өгч шалгуулж байгаа. Энэ 47 тэрбум төгрөгтэй холбоотой хятад иргэний компани Монгол Улсын татварын байгууллагад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, баримт нь надад байна. Энэ хүнтэй холбоотой бүх баримтыг би улсын прокурорт гаргаж өгнө. Гэмт хэргийг илрүүлж, нотлох баримтыг өгчихөөд байхад төрийн байгууллагын эрх бүхий хүмүүс гэмт хэрэгтэнд ял оноохгүй байх хатуу бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ 47 тэрбумын цаана асар олон ноцтой баримт, санхүүгийн гүйлгээнүүдийн баримт  бий. Үүнийг би прокурорт итгэж өгөхөд хүндрэлтэй. Иймд ажлын хэсэг гаргаж өгөөч гэж байгаа. Ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ, Татварын ерөнхий газар, АТГ-ын ажлын хэсэг гаргаж, Хятадтай холбоотой 47 тэрбум төгрөгийн мөнгө угаасан хэргийг шалгаж өгөөч гэж хүсч байна.

“Шударга бусын хонгил”-ын прокурор хэрхэн үүсч, бидний 10 жилийн амьдралыг чирсэн асуудлыг хэлье. Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд гэж хүн 2011 онд надад анх эрүүгийн хэрэг үүсгэсэн, Хятадын иргэн Шан Душений  гомдлоор Ц.Батболд өмнө нь Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газрын дарга байсан, тиймээс тухайн үед эрүүгийн байцаан шийтьгэх хуулийг ноцтой зөрчиж байж. Цагдаагийн шалгах ёстой хэргийг өөрийн хамаарах газар руу татсан. Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газар бол шүүгч, прокурор, шийдвэр гүйцэтгэгч, цагдаа тусгай субьектийг шалгадаг эрх бүхий байгууллага байсан. Гэтэл жирийн бизнесмэн намайг тэр “Хонгил” руу чирсэн тогтоол гаргаж, 10 жил шалгасан. Энэ хэргийг удирдан чиглүүлж байгаа прокурорын сүлцээний толгойлогч нь Ц.Батболд юм. Хяналтын прокурор нь Ж.Сандагсүрэн, тэр мөн л Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газар мөрдөгч байсан. Тэр хоёр бол нэг өрөөнд хамт сууж байсан мөрдөн байцаагч. Шүүх дээр очиход ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Батжаргал нь надад ял өгсөн. Тэр шүүгч мөн Прокурорын дэргэдэх  мөрдөн байцаах газарт мөрдөгч байж  байгаад шүүгч болсон. Энэ гурав хоорондоо хэрэг шидэлцэж “Хонгил” үүсгэдэг. Өмгөөлөгчийн асуудал бас яригдана. Авлига, албан тушаалын хэрэгт зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа нь тэдэнтэй хамт ажиллаж байсан, найз нөхдийн холбоо бүхий өмгөөлөгчид байгаа. Тухайлбал, өмгөөлөгч З.Шүрэнчулуун, мөрдөгч прокурор Ш.Хосбаяр, Алдархишиг нар намайг “Шударга бусын хонгил”-оороо чирж, манай гэр бүлийн эрх чөлөөт амьдрал, аюулгүй байдалд халдан, бидний амьдралын үнэт 10 жилийг чирэгдүүлсэн. Үүнийг би яргалал гэж үзэж байна” гэв. Тэрээр прокурорын байгууллага 72 цагийн дотор нотлох баримтууд, өргөдөл гомдолтой холбоотой шударга шийдвэр гаргахыг  шаардаж байна. Шударга шийдвэр гаргахгүй бол  “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд суулт өлсгөлөн зарлана гэлээ.

Тухайн үед болсныг тодруулбал, Г.Буяндорж нь “Ноёд групп” ХХК болон   охин компани болох “Ноёд констракшин” ХХК-ийн  эзэмшил, өмчлөлд байсан 6.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө болох Баянзүрх дүүргийн V хороонд байршитай 1.2 га газар, уг газар дээр баригдаж байсан орон сууцны зориулалттай 540 айлын орон сууцны барилга, түүнд оруулсан 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай нийт 25 тэр бум төгрөгний борлуулалттай ажиллах “Сэлэнгэ 888” орон сууцны хорооллоо  бизнесийн хамтрагч гэх нэр бүхий иргэдэд залилуулжээ. Залилуулсан гэдгээ мэдсэн даруйд  цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулахад эсрэгээр нь намайг  олон үндэслэлгүй хэргүүдээр удаа дараа шалгаж, 409 хоног цагдан хорьж, миний  эрх,  эрх чөлөөгөө хязгаарлан  хэлмэгдүүлсэн.  Би  бүхий л нотлох баримт, холбогдох мэдээллийг өгсөн, эзэн холбогдогч тодорхой атал 2011 оноос  өнөөдрийг хүртэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй  хууль хяналтын байгууллагын шатанд 10 жил болж байна” гэв.  

Эх сурвалж: www.polit.mn