Дональд Трамп, Меланиа нар COVID-19 эсрэг вакцинд хамрагджээ

0
хуваалцах
333
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Меланиа Трамп нар нэгдүгээр сард COVID-19 эсрэг вакцинд Цагаан ордонд байхдаа хамрагдсан гэж  Трампын зөвлөх даваа гаригт мэдээллээ. Гэхдээ хэдэн тун вакцинд хамрагдсан нь одоогоор тодорхойгүй байна.

Түүнчлэн Трамп ням гаригт Флорида мужид бага хуралд оролцох үеэрээ  дэмжигчдээ вакцинд хамрагдахыг уриалсан билээ. Тэрээр “Вакцины чанарт санаа зовнихоосоо илүү хүн бүр вакцинд хамрагдах нь чухал” гэж хэлсэн юм. Энэ нь албан тушаалаасаа бууснаас хойш түүний бодол эрс өөрчлөгдсөнийг илтгэж байна. Учир нь тэрээр ерөнхийлөгч байхдаа цар тахлын халдварыг үл тоож, маск зүүх, зай барихааас татгалзаж байсан билээ. Мөн Трамп Цагаан ордны эрдэмтдийн баг санал болгох хүртэл COVID-19 эсрэг вакцинд хамрагдахгүй гэж арванхоёрдугаар сарын дундуур мэдэгдэж байв.

Ийн вакцинд хамрагдсанаа зарлаагүй нь түүний өмнөх болон дараагийн Засаг захиргааныхаас ялгаатай байна. Учир нь шинэ ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар арванхоёрдугаар сард вакцинд хамрагдаж байгаагаа телевизээр шууд дамжуулсан юм. Мөн ерөнхийлөгч асан Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон нар вакцины аюулгүй байдалд итгэлтэй байгаа тул вакцинд хамрагдаж байгаагаа олонд нээлттэй зарлаж байв.

Эх сурвалж:CNN