Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд гуравдугаар сарын 3-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1847 оны энэ өдөр Александр Белл Шотландын Эдинбург хотод төрсөн ба 13 настайдаа Эдинбургийн хаантны сургуулийг дүүргээд 16 насандаа Уэстон-Хауз академийн уран илтгэл, хөгжмийн багш болсон байв. 1870 онд Беллийнхэн Онтариа мужийн Брэнтфорд хотод ирэн суурьшжээ. Канадад тэрээр цахилгаан холбоогоор дохио дамжуулах боломжийг судалж байсан бөгөөд цахилгаан утсаар хөгжим дамжуулах зориулалттай цахилгаан төгөлдөр хуур зохиосон байна. “Хэл яриаг цахилгаан долгионы тусламжтайгаар телеграфаар дамжуулах төхөөрөмж ба аргачлал”-д тэр 1876 онд патент авчээ. Дараа жилд нь хоёр түншийнхаа хамт Белл телефон компанийг байгуулсан байна. 1878 онд мөн анхны телефон коммутаторыг бүтээсэн тэрээр 1882 онд АНУ-ын иргэн болсон юм. Беллийн хамгийн нэртэй бүтээл телефон түүнийг баян болгосон гэдэг. Түүний шинжлэх ухааны бүтээлийн ихэнх хэсэг нь сонсголгүй хүмүүсийн харилцааны хэрэгслийг төгсжүүлэхэд зориулагдсан. Белл 1922 оны наймдугаар сарын 2-нд  таалал төгссөн бөгөөд нас барсных нь дараа АНУ-ын бүх телефон түүний дурсгалд зориулан нэг минут чимээгүй болж эмгэнэл илэрхийлж байжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1865.03.03. HSBC (Hongkong and Shanghai Banking Corporation) албан ёсоор байгуулагджээ.

1873.03.03. АНУ-ын Конгресс ор хөнжлийн явдал, янаглал, тачаангуй байдлыг илтгэсэн элдэв номыг шуудангаар зөөхгүй, хэвлэн нийтлэхэд хатуу хяналт тавих шийдвэр гаргажээ.

1875.03.03. Жорж Бизегийн алдарт "Кармен" дуурь Парист анх удаа тайзнаа тавигдав.

1878.03.03. Орос-Туркийн хооронд болсон дайн дуусав. Улмаар Болгарчууд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож чаджээ. Харин Берлиний хуралдаанаар Оттоманыг эзэнт гүрэн бус вант улс байх шийд гаргасан байна.

1885.03.03. АНУ-ын Нью-Йорк хотноо алдарт AT&T компани албан ёсоор байгуулагджээ.

1904.03.03. Германы эзэн хаан II Вилгельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улстөрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжинд үгээ хэлж бичүүлжээ.

1910.03.03. Америкийн саятан Жон Д.Рокефеллер тэтгэвэртээ гарч байгаагаа зарлаад өөрийн хөрөнгөө сайн санааны болон буяны үйлсэд зарцуулна гэдгээ мэдэгджээ.

1912.03.03. Дарьгангын бүгдийн тэргүүн Содномдовдон, гарын тэргүүн Магсаржав нар Монгол Улсад дагаар орж захирагдахаа албан бичгээр мэдэгдэв. Тэр үед Халхын өмнөд хошуунд, тухайлбал Чин улсын суман өртөөний чухал зангилаа Сайр уснаас Манж, Хятад албаны хүмүүс болон Хятад худалдаачдыг үлдэн хөөх тэмцэл эрчимжиж байжээ.

1918.03.03. Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Оросууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литви, Польш улс тусгаар тогтнов.

1923.03.03. Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.

1931.03.03. АНУ-ын төрийн сүлд дууллаар одоогийн хэрэглэж байгаа төрийн дууллыг соёрхон батлажээ.

1938.03.03. Саудын Араб улсаас газрын тос илрэв.

1939.03.03. Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас Ганди Энэтхэгийг эзлэн захирч байгаа Британийн дарангуйллын эсрэг тайван замаар өлсгөлөн зарлаж тэмцэхээр болов.

Эх сурвалж www.zms.mn