Малчдад 5000 тонн тусламжийн тэжээл хүргэжээ

0
хуваалцах
226
үзсэн

С.САРУУЛ

ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна.

Зудын эрсдэлтэй аймгуудын малчин өрх, малын тооны судалгаа гаргуулах  талаар Хүнс, хөдөө аж ахуйн газруудтай хамтран ажиллаж, таван аймаг, 74 сумын 45750 мянган малчин өрхийн 19.246.583 толгой малд тусламж үзүүлэхэд нэг малчин өрхөд 301547 төгрөгийн үнэ бүхий хоёр төрлийн хүчит тэжээлийн  дэмжлэг үзүүлэх  тооцоо гарсан. Тусламжид хамрагдах малчин өрхийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа 2019 оны мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын статистикийн дүн мэдээг үндэслэл болгожээ.

Хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар тэжээл тээвэрлэлт Өвөрхангай аймагт 1,348,320 кг буюу 32 хувь, Баянхонгор аймагт 877,530 кг буюу 28 хувийн гүйцэтгэлтэй, Говь-Алтай аймагт 630,580 кг буюу 57 хувийн гүйцэтгэлтэй, Өмнөговь аймагт 999,150 кг буюу 96 хувийн, Дундговь аймагт 936,000 кг буюу 50 хувийн гүйцэтгэлтэй, нийт тэжээл түгээлт 4,791,580 кг буюу 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Гурил тэжээлийн үйлдвэрүүд үлдэгдэл 7,663.78 тонн тэжээлийг гуравдугаар сарын 15-ны дотор үйлдвэрлэж дуусгах шахуу төлөвлөгөөтэй  ажиллаж байна.

Ажлын хэсэг ажлыг зохион байгуулах төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор холбогдох аймгуудын малчин өрх бүрд тэжээл олгох ажлыг зохион байгуулна. Малчин өрхүүдэд тэжээлийн тусламжийг хүргүүлэх, хуваарилах, хянах зорилгоор хяналт мэдээллийн системийг хөгжүүлэн Android, IOS–д болон вебд суурилсан программ хангамж бүхий “Тэжээл” аппликэйшнийг ажиллуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn