МАХН, МАН хамтран Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

0
хуваалцах
350
үзсэн

Т.САЙХАН

 

Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу МАХН үүсгэн байгуулсны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өчигдөр МАХН,  МАН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Хүндэтгэлийн ёслолд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар,  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан  нарын хүмүүс оролцов.

Түүх сөхвөл, ХХ зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан билээ. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАХН-ыг  байгуулах шийдэлд хүрсэн байна. 1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, МАХН-ыг албан ёсоор байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм. 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ. Мөн 100 жилийн ойн хүрээнд  МАХН болон МАН нэгдэх асуудал яригдаж эхэлсэн нь анхаарал татаж байна. 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэлдээ “Сүүлийн үед МАХН 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ өнгөрснөө судлан сургамж авч, өнөөдрөө дүгнэн цэгнэж, ирээдүйгээ тодорхойлон томъёолж байгаа энэ хариуцлагатай цаг мөчид угшил нэгтэй МАН-тай үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэхийн тухай санал санаачилга нийгэмд гарч, олон түмний хэлэлцүүлэг өрнөж байгааг анхааралтай ажиглаж байна. Энэ сайхан завшааныг тохиолдуулан МАН-ын нийт гишүүд дэмжигчдэд МАН-ын 100 жилийн ойн халуун баяр хүргэж, цаашдын үйл хэргээ Монголын ард түмний сайн сайхны төлөө идэвхтэй явуулж, амжилтад хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Тэртээ 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, нийт монголын ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоон байгуулахын төлөө анх үүсэхдээ МАН, МАХН гэсэн хоёр нэрийг хоёуланг нь хэрэглэж байхаар тогтсон шийдэл нь зөв жишиг тогтоосон мэргэн шийдвэр байсныг цаг хугацаа нотлон харуулж байна. Тийм ээ, энэ бол МАХН-ын ч, МАН-ын ч, өргөн утгаар нь авч үзвэл өнөөдөр үүсэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн бүх намын 100 жилийн ойн баяр мөн. МАХН, МАН-ын гишүүд, дэмжигчид хоёр намын түүхэн 100 жилийн ойг тохиолдулан, хамгийн гол нь Монгол Улс, Монголын ард түмний өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг цогцоор нь амжилттай шийдвэрлэхийн тулд хоёр намын үйл ажиллагааг ойртуулан нэгтгэх, ингэснээр Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд оруулах томоохон зорилгыг богино хугацаанд хэрэгжүүлэх хүндхэн ачааг нэр төртэй үүрэх чадвартай томоохон, бүтэн нам болох саналыг өөрсдийн санаачилгаар гарган давалгаалуулвал хоёр намын удирдлага намын гишүүд, дэмжигчдийнхээ саналд тулгуурлан шийдвэрлэх нь ардчилсан зарчимд бүрэн нийцнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлье” гэжээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх илтгэлдээ “Хүний нийгмийн хөгжил гурван хэмжээст орон зайд гурван цагийн алтан хэлхээ, амьд шүтэлцээнд орших бөгөөд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Түүх давтагддаг нь жам ёсны асуудал бөгөөд түүнээс ялалт, амжилт, ололт, нээлт басхүү гэм, нүгэл, алдаа завхрал, азгүйтэл бүтэлгүйтэл аль алийг нь олж мэддэг учиртай.

Хамгийн гол нь тасралтгүй үргэлжилсэн түм буман үйл явдлын цаана нийгмийн амьдралын нарийн хууль, зүй тогтол обьектив байдлаар үйлчилдэг болохыг олж харна. Тийм учраас өнгөрсөн түүхээ шинжлэх ухаанчаар, бодитой үнэлж дүгнэх нь өнөөдрийн өндөрлөгт хэрхэн хүрснээ ойлгох, өмнөх үеийн алдаа, завхарлыг давтахгүй байх, тэр утгаараа хөгжлийн замыг товчлох, улмаар ирээдүйгээ зөв баримжаалах агуу боломжийг хүртэнэ гэсэн үг юм.Харин түүхийн үнэнийг тогтооход баримтлах нэг алтан зарчим бий. Энэ бол өнгөрснийг дүгнэхдээ эдүгээчлэх, нам, бүлэглэл, хувь хүний үнэлэмжээр хандан өөрийн үзэмжээр засварлах, гоёчлох, эсхүл нийтэд нь харлуулах зэрэг туйлшралаас бүрмөсөн зайлсхийж, тухайн цаг үеийнх нь түүхэн нөхцөл байдал, учир шалтгаан, үйл явдлын хэлхээ холбоон дунд нь нийцүүлэн авч үзэх явдал юм” гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.2 МЯГМАР № 41 (6518)