Сорогдогийн Жаргалсайханы Билгүүн: Зорилготой, оюунлаг залуус олшроосой

0
хуваалцах
493
үзсэн

Ч.ҮЛ-ОЛДОХ 

 “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Mugen lounge CEO” компанийн захирал Сорогдогийн Жаргалсайханы Билгүүнийг урилаа.

 

НИЙГЭМ ӨӨРЧЛӨГДӨХ ДОХИО ДУУГАРЛАА

 

БЛИЦ: 

Төрсөн  он сар:  1984 оны  есдүгээр сард Улаанбаатар хотод төрсөн 

Боловсрол:  Японы  Кайёо ахлах сургуулийг  2004 онд төгссөн 

- Японы  Бэппү их сургуулийг Урлагийн түүх судлал найруулагчийн мэргэжлээр   2008 онд төгссөн 

 Ажлын туршлага: 2008-2018 онд Япон Улсын  “Avex group holdings llC” –ийн кино алба, Олон улсын бодлого төлөвлөлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн 

-2020 онд эх орондоо ирж  “Mugen lounge CEO” компанийг байгуулан  ажиллаж байна.

 

-Монголд дэлхий ертөнцөөс тасарчихсан өөр зүйл  үгүй. Гэхдээ XXI зуун, 2021 он гээд бодоход  дэлхийн орнуудын арга барил, нийгмийн байдлыг авч үзвэл магадгүй  байх ёстой, байж болох  тэр хэмжүүр рүүгээ  арай  очоогүй байна  уу гэж хардаг.

Ардчилсан нийгэм, ардчилсан улс гэж ярьж байгаа хэрнээ яг үнэндээ ардчилсан мөн үү гэж зарим зүйл дээр бодогддог. Бодит байдлыг авч үзэхэд яг үнэндээ аль нэг намыг дагахгүй бол болохгүй ч  гэдэг юм уу, хэн нэгэн хүчтэй хүний өмнө хүчгүй нэгэн хэн ч биш гэх  юм уу, иймэрхүү хандлага Монголд  газар авчээ. Олон жил  хол газар сурч боловсорсон, гадаадын улс  орнуудад өөрийгөө сорьж ажиллаж  амьдарч байгаад эх орондоо ирсэн залууст  “Та нарт боломж нь хэр юм бэ дээ, байгаа ч юм уу,  үгүй ч юм уу” гэсэн байдал угтаж байгаа нь нууц биш. Хол газар багагүй хичээж зүтгэж байж диплом өвөртлөөд,  түүгээрээ ажиллаж, амьдарна гэсэн том зорилготой ирдэг,  гэтэл Монголд байдал  огт өөр. Та танилын хүрээгээр ажилд орно шүү, эсвэл  энд хэн нэгнийг дагаад явж байвал илүү амжилтад хүрдэг  өөр арга барилтай шүү гэх маягтай.  Сүүлийн жил гаруйн хугацаанд Сovid-19 цар тахал дэлгэрсэн  учраас нийгэм нь өөрөө ийм юм байна гэхээс илүү  хорио цээрийн дэглэмээс шалтгаалан хэн нь хэнийгээ гэх вэ бүгд зогсонги байдал руу орлоо. Гэхдээ төр, засгийн явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг харахад зарим жижигхэн зүйл дээр  сүртэй том хаяг өлгөж, дэлхий ертөнцөөс тасарсан мундаг зүйл хийж байгаа мэтээр ярих юм. Бодит байдлыг  харахад тийм биш. Жишээ нь  вакциныг энэ ондоо багтааж дуусгана гэж байна. Хоёрхон сая хүнийг вакцинд хамруулах тийм ч сүйдтэй ажил  биш. Зарим   улс орон  хүн амынхаа 60-70 хувийг вакцинжуулж дууслаа гэж байна шүү дээ. Манай  улсын хүн ам  хоёр зуун сая биш, хоёр тэрбум бүр ч биш,  хоёрхон сая хүн л вакцинд хамрагдахаар байгаа. Ингээд бодоход, “Чи улс төрөөр оролдохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэдэг шиг төр, засаг маань  арай дэндүү байгааг хэлэхээс аргагүй болох юм. Энэ байдлыг миний үеийн 36, 37 хүрч байгаа, нийгэм дотроо  цуг эргэлдэж байгаа хүмүүс  яалт ч үгүй  хэлэх, санаа зовох, ярих болчихоод байдаг. “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр зарим хүн чи нам, эвсэл, хэн нэг хүний төлөө ийм юм ярьж байна уу, чи өөрөө юу хийсэн юм бэ  гэх жишээтэй. Ийм байхад юун дэлхийн хөгжил, олон улсын жишиг байх билээ. Байгаа байдлыг бодитоор хэлэхэд хүлээж авах нь бас учир дутагдалтай. Хэн нэгний цүнхийг  барьсан, нөгөө хүнээ хамгаалж  “Манай тэр маань, энэ маань” гэж ярьсан, сошиалд тролл болоод сүлжээ үүсгэчихсэн, тэр овгийнхон, тэр аймаг,  сумынхан, тэр жалганы энэ байрныхан гэж ярьдаг шиг  заавал нэг заалттай байцгааж байдаг. “Шалдан хаан”, “Шалдан ноён” гэж Английн жүжигт гардаг шиг тэр хүнээ тахин шүтэж байж доод хүмүүс нь концесс, тендер авдаг байдал хороо, дүүрэгт нь шат дамжлага болчихжээ. Ийм байхаар ард түмний амьдрал яаж  сайжрах билээ. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөх байх. Ийм итгэл бас төрж байна. Өнөөдөр АНУ-д боловсрол эзэмшсэн, дөнгөж 41 настай шинэ Ерөнхий сайд гарч ирлээ. Соёлын яам, ЭМЯ-нд залуу сайд нар тавигдлаа. Удахгүй 1990-ээд оныхон гарч ирнэ. Өөр болно гэдэгт  би итгэдэг. Нийгэмд зөв хандлагууд ч гарч бас  байна. Жишээ нь, дөнгөж нярайлсан  ээжийг  хоёр эмнэлгийн хооронд  шилжүүлэхдээ нимгэн хувцастай авч явж хүйтэн цэвдэг сэтгэлээр хандлаа, ингэж болохгүй гэж залуус жагссан. Монголууд аль нэг нам гэхээс илүү бие биенийхээ төлөө, хэн нэгийгээ хамгаалж үгээ хэлдэг гэдгийг харууллаа. Энэ бол  нийгэм  өөрчлөгдөж байгаагийн дохио. АН, МАН гэж хоёр хуваагдаж дөрөв дөрвөн жилээр тоглож ирсэн байдал цааш явахгүй болсны илрэл. Дээр нь Covid-19 хүмүүст аливаа  юмыг илүү бодуулах,  эргэцүүлэн тунгаах, суралцах жилүүд болж байна уу гэж харж байна.

 

БАЯЛАГ БҮТЭЭДЭГ БОЛЧИХВОЛ   БАЯЛГАА УХАХ ШААРДЛАГАГҮЙ

 

Дэлхийтэй хөл нийлүүлэхэд сэтгэх, бодох, хийж бүтээх гэхчлэн бид  алхаж алхмаа нэг  болгох ёстой. Бидний аав, ээжүүд, ахмад үеийнхэн   социализмын үед орос хэл үзэж, телевизийн ганцхан сувгаас мэдээлэл авч байсан.  Тэгвэл 1990-ээд оноос хойшхи   хүүхэд, залуус  дэлхийн олон сувгаас  мэдээлэл авч, нүд тайлагдаж, чих онгойж, юу хүссэнээ үзэж, дуртайгаа сонсч  харах өнцөг өөр болсон. Үзэхийг хүссэн зүйлээ хайхад ч хайлтын янз бүрийн систем нэвтэрч, дижитал  апплейкшнүүд  бий болж, ухаалаг утастай байхад дэлхий тэр хүний гарт ирсэнтэй адил болсон. Бид хүн төвтэй болж, хүн рүүгээ төвлөрч хөгжил рүү явах ёстой болов уу. Хүний хөгжил  шилэн барилга барьж гоё машин авч өгснөөр   урагшилчихгүй. “Загас шарж өгснөөс барих аргыг нь зааж өг”  гэж үг бий. Өнөөдөр нийгмийн 60 хувь нь 40 хүртэл насныхан байна. Миний болоод манай доод үеийнхэн  тодорхой  түвшинд гарч ирж, байр сууриа олж, ахмад үеэ хүндэлж, Монголоо илүү түүх соёл, аялал жуулчлал, магадгүй дижитал хөрөнгө босгох, старт аппуудыг дэмжих чиглэлд хөгжүүлээд явбал “Оюутолгой”, “Эрдэнэт” гэж алалцах шаардлагагүй. “Алтан дээр сандайлсан гуйлгачин” гэж хэдий үед гарсан нэршил билээ, түүн  шиг хэдэн талд гарч бие биеэ муу муухайгаар хэлж талцахын оронд хүн бүр юу хийж чадах вэ гэдэг дээрээ  нэгдэж бүгд баялаг бүтээх боломжтой. Бид цөөхөн монголчууд, учиргүй туйлшраад баруун, зүүний  үзэл гэж намчирхах хэрэггүй. Түүхжсэн  үзлийг атгая гэсэн атгаг санаатай мафижсан хүмүүс тоглолт хийж, тархи угааж  байгаагаас биш хоёр гуравхан  сая хүн талцаад, “миний үзэл ийм, чинийх ийм”  гээд  байх шаардлагагүй.

Бид нэг эх оронтой, дэлхийд 18 дугаарт  орж байгаа газар нутагтай. Ийм   их баялагтай,  энэ  сайхан нутаг оронд суучихаад, давуу талаа ашиглан  ямар нэг  байдлаар хөрөнгө оруулалт татаж авчраад, улс орнуудыг урьж  хамтраад   хөгжлийн бодлогоо гаргаад явахад болохгүй юм үгүй. Бие биетэйгээ барьцаж, бүгд нэг юм руу хошуураад байлгүйгээр   гурван сая хүнээс 300 мянга  нь гадаад орчинтой харилцаж сурсан хэлээрээ жилд   мянга гаруй жуулчин   аваад ирэхэд зочид буудал,  үйлчилгээний газрууд,  жижиг дунд үйлдвэрлэл нь бэлэн, бүтээгдэхүүн үйлчилгээ  нь бүгд борлогдоод явчихад  бүрэн боломжтой. Жилд тавдугаар сараас аравдугаар сар хүртэл  цэвэр аялал жуулчлалын салбараа дэмжээд явбал улсын эдийн засаг ч, хүмүүсийн амьдрал ч сайжирна. Дээр нь монголчууд потенциаль өндөртэй,  дэлхийн оюун ухааны спортын тэмцээн, уралдаануудад Монголын хүүхэд, залуус тэргүүлж байна. Монголчууд заавал баялгаа ухая, байшин барьж уралдая гэхээс илүү  толгойгоо ашиглаж болохоор байгаа юм.

Хамгийн гол нь бид хаашаа хүрэх вэ гэдэг  гол зорилгоо тодорхойлоод, дээр нь  нэгэнт эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх зоригтой, хөдөлмөрч, тууштай  зан чанарыг баримталдаг, хүний хөгжил рүүгээ хандсан боловсролтой байхад хөгжил ойрхон. Харин одоогийн байгаа янзаар, тухайлбал  хүүхдүүдээ ЕБС-д 12 жил сургаад, дээд сургууль төгсгөж диплом өвөртлүүлээд зах дээр аваачиж лангууны ард суулгаад байвал  ямар хөгжил байх билээ. Тэндээс дэвшилтэт сайн зүйл үүсэхгүй,  хөгжил ирэхгүй. Ингэж эцэг эхчүүдийн мөнгийг урсгаж, хуурч байхаар анхнаасаа яах ёстой вэ гэдгийг  нь заагаад, энэ хүнд гарын ур дүй шаардсан  мэргэжил хэрэгтэй юм байна, ийм ажлын байранд очих юм байна, энэ нь барилгачин болох юм байна гээд явсан нь хамаагүй дээр. Хуучны арга барилаас зарим зүйлийг сэргээгээд явбал тэндээс  авах юм бий. Тэгэхгүйгээр бүх хүн дарга болно гээд зүтгэчихээр болохгүй болчихоод байна. Танил тал, ах дүү садангийн сүлжээгээр энд тэнд сиймхий гарангуут “манай энийг ийм ажилд оруулаадах” гэж шургуулаад  яваад байхаар  бид урагшлахгүй байгаа юм.  Мэргэжилтэй, хичээл зүтгэлтэй залуус, шударга төрийн албан хаагчид, өнпөр потенциальтай хүмүүс тэдний ард үлдчихээд байна шүү дээ. Ийм хүмүүс долигонож, ар өврийн хаалга хэрэглэн  хүн дагаж намирч чаддаггүй. Тэнэг байхад нь ухаантай гэж хэлж чаддаггүй, “Чи тэнэг л байна шүү дээ” гээд шууд хэлчихдэг болохоор тойргийн гадна үлддэг. Ийм маягаар боловсролтой,  чадалтай хүмүүс нь тойргийн гадна түлхүүлж гараад, тоглоомын дүрмээр бялуу хувааж хүртэж сурсан хэдэн хүн нь л  манай өнөөгийн өнгөнд хожиж ирсэн.  Бие биеийнхээ муу муухайг хэлж чадахгүй болтлоо ижилсчихсэн, тэгээд “чи тэнд оч, би энд очье”,  “намайг хэлтийхээр тэр тэгж  хамгаалдаг юм, буруу юм хийхээр тэр тэгж нуудаг юм”  гээд  хуваарилалт хийгээд явдаг. Ингэмээргүй байгаа юм. Энэ чинь эргээд бидний эх орон, үр хүүхэд, хэдэн үеэрээ үлдэх газар шүү дээ. Түүнээс Дорж, Бат нар дүр эсгэж, сайхан юм ярьж, хаусанд амьдарч, том машин унаад яах юм бэ. Тэдний ард хүүхдүүд нь үлдэхэд “Танай аав чинь хулгайч байсан юм байна лээ”, “Авлигач байсан юм билээ”, “Танай аав чинь тэр газрыг зараад идчихсэн юм байна лээ”  гээд яригдахад маш муухай түүх үлдээж байна гэсэн үг. Тэгэхээр монголчууд бид илүү шударга болох ёстой. Нэг юмны төлөө,  өөрийгөө эх оронч гэж үздэг бол  түүнийхээ төлөө зүтгэдэг байгаасай. Түүнээс  “Эх орон” гэж цээжээ дэлдэж аман дээрээ худал яриад,  хөшигний ард орохоороо хувааж идээд “чи тэнд нь, би энд гаръя”  гэдэг хүмүүс Монголыг хувааж идэж дууслаа. Тэдний эрин үе ч дуусчихлаа, өнгөрсөн 30 жилийн хугацаанд.

 

МОНГОЛ ГЭДЭГ НЭРИЙН ДОР НЭГДЭЖ ЧАДВАЛ БИД ХҮЧТЭЙ

 

Залуу хүн шүүмжлээд өөрөө  зүгээр суугаад байж таарахгүй.  Миний аав ч гэсэн  зохиол  бүтээлээрээ нийгэмдээ дохио өгдөг хүн байсан. Би уран бүтээлчийн хувьд өөрийн хийж буй бүтээлээр үгээ хэлж, залууст болон нийгэмдээ   ойлгуулахыг зорьж байгаа. Өмнө нь Япон улсын  үндэстэн дамнасан нэг номерийн энтертаймент шоу компанийн  Сингапур, Тайванийн охин компанийг хариуцсан хэлтэст ажиллаж үзсэн.  Тэдний олдог мөнгө,  бизнесийн орж гарч байгаа орлого зарлага өндөр тоотой явдаг учраас  тэр бол Монголтой  харьцуулшгүй юм. Гэсэн ч манайд  СУИС, КУДС , РТДС  гэх мэт янз бүрийн сургуулиудад хүүхдүүдийг бэлдэж, жүжичгин, кино найруулагч зэрэг  мэргэжлээр төгсгөж байна. Энэ дундаас  би залуучуудыг гаргаж ирэхийг зорьж байна.  Өөрийн  мэргэжил, ажилласан туршлага, тэндээс  авсан ноу- хау, үзэж сурсан зүйлдээ  суурилан аавынхаа  сүүлийн жилүүдэд  бичсэн  ““Шөнө дундын бүжиг”, “Би эрчүүдийг хүснэ”,  “Нууц амраг чинь болъё” зэрэг хит болсон жүжгүүдийг аудио хэлбэрээр найруулж,  менежментийн чиглэлээр ажил эхлүүлсэн. ““Шөнө дундын бүжиг” жүжгийг  “Mugen lounge club”-т  нээхээр бэлдэж байтал өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан тул хойшлуулсан. Цаг сайхан болохоор үзэгчдэд хүргэнэ. Заавал  нэг том  танхимд 500 хүн сууж үздэг байж академик байх албагүй,  хүсч байгаа хүмүүст нь тэрхүү  амьд ертөнцийг өгье гэсэн зорилгоор “lounge club” гэсэн шинэ хэлбэрийг бий болгож байгаа юм.  Давхар аудио  хэлбэрээр бүтээл хийхээр саунд продессоруудтайгаа уулзаж байна. Нийт зургаан жүжиг гаргах төлөвлөгөө бий. Цаашид оюуны бүтээлийг   гадаад ертөнц рүү гаргая, монгол уран бүтээлчийн бүтээлийг үнэд хүргэе, гадаад зах зээлд хүргэж  хамтарч ажиллая, тэндээс бас найруулагч, продессор, жүжигчидийг урьж ирүүлж хамтарч ажиллавал болох нь уу гээд бодож байгаа зүйлүүд бий.  Японд энэ чиглэлээр сурсан, ажилласан, туршлага хуримтлуулсан цөөн хүний нэгийн хувьд намайг байгаа дээр үүнийг сураад аваасай, хамтраад ажиллаасай гэдэг байдлаар нээлттэйгээр залуустай хамтран  ажиллаж байна. Гол нь би хэн болох гээд байгаад биш, эсвэл би хэн бэ гэдгээ хэлэх гээд  байгаа ч  юм  биш, зөв зүйл хийж, амьдралдаа зорилготой, хөдөлмөрч, алсын хараатай  байвал залууч   бай хөгшин  бай  ямар ч хүн  хөгжих  боломжтой. Монгол гэдэг  нэрийн дор,  нэг үзлийн дор бүх салбарынхан, бүх хүн нэгдэж чаддаг, бие биеэ ойлгодог,  уучилдаг, хамтардаг байгаасай гэж хүсдэг. Монгол гэдэг нэрийн дор нэгдэх, монгол хүн байх санаа аавын минь 30-аад жилийн өмнө ан бодож, 20 жилийн өмнө  буюу 2000 оны эхээр  бичиж үлдээсэн  “Чингис хааны нууц түүх”  зохиолын гол санаа, амин сүнс  юм.

Одоо хүртэл хүмүүс уншиж, үзэж, кино болсноор дэлхийд түгж, С.Жаргалсайхан гэж хүний дотоод үзэл бодлоос аваад монголчуудын оюун сэтгэлгээг таних, бишрэх болжээ. Ер нь бол монголчууд бид   ийм л юмаа  барьж явахгүй бол болохгүй шүү,  үүнийгээ  хаяж болохгүй шүү гэдгийг аав минь  бүх л амьдралынхаа  турш хийсэн уран бүтээлүүддээ тусгаж өгсөн байдаг юм. “Үхэж үл болно,  Чингис хаан” кинонд  “Би Тэмүжиний дайсан болохоос Монголын дайсан  биш”  гэж  Гүр хаан Жамух хэлдэг дээ.  Өнөөдөр ч гэсэн бид   хэн нэгэнтэй  маргалдахдаа гол биш  харин бие биеэ ойлгож,  Монгол гэдэг нэг зүйл дээр нэгдэх ёстой. Аавын гол санаа Чингисизм гэгчийг шүтэн тахиулах гээгүй,  цаг үеийнхээ нугачаан дунд унаж босч ирсэн жирийн хүний  тэмцлийн түүхийг л харуулсан. Даахин дор хүлэг, дахан дор баатар эр хэрхэн өсч өндийдөгийг үзүүлсэн.  Эндээс уран зохиол  гэхээс илүү амьдралдаа олон зүйлийг  тусгаж авсан гэж  хэлдэг хүмүүс бий.  Монгол хүн бүрийг би  “Монгол хүн гэж хэн бэ, би юу хийж чаддаг вэ, цаашид хэн болох вэ”  гэж дотгшоо ухаарч,  дээр нь  зоригтой бас зорилготой  байгаад  дор бүрдээ жижигхэн жижигхэн Чингис хаан,  бас жижигхэн жижигхэн Бөртэ хатан  болоосой гэж хүсдэг. Бид худал хэлж, хариуцлагагүй хандаж,  улсаараа муугаа дуудуулаад  яваад байж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)