С.САРУУЛ

Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран агаарын тээвэрлэгчид болон аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчидтай энэ бямба гаригт зангиагүй уулзалт хийлээ.

Уулзалтаар агаарын тээвэрлэгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нэг ойлголттой болох, хамтран төлөвлөгөө гаргах, улмаар Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх хөтөлбөр, зорилтыг тодорхой болгох асуудлаар санал солилцсон. Цаашид хоёр салбарын хөгжил харилцан уялдаа холбоотой тул анх удаа хамтарсан төлөвлөгөө  боловсруулж салбарын яамдаараа дамжуулан Засгийн газарт танилцуулж батлуулахаар боллоо. Цар тахалын дараах аялал жуулчлал манай улсад эрчимтэй хөгжих боломжтой гэж салбарынхан нь үзэж байна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд санхүү, эдийн засгийн хямралд орсон агаарын тээвэрлэгчид болоод аялал жуулчлалын салбарынхныг хөл дээрээ бостол Төрийн бодлого, шийдвэрийн дэмжлэг хэрэгтэй. Тухайлбал, дундын сан байгуулж татаас өгдөг байх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн. Тухайн бүс нутагт аялагчдыг татах, агаарын тээвэрлэгчийг тогтвортой нислэг үйлдэхийн тулд татаас өгч дэмжлэг үзүүлдэг төрийн бодлого нь олон улсад ч байдаг жишиг юм.

Гэхдээ урьд нь салбарууд тус тусдаа хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулж ажилладаг байсан бол энэ удаа аль авиа компани ямар улс, хот руу нислэг үйлдэх, аялал жуулчлалын компани аль гадаад улс орноос хичнээн жуулчин авчирах вэ гэдэг төлөвлөгөөгөө уялдуулан нэгдсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах нь хоёр салбарын ирээдүйн хөгжилд үр дүнгээ үзүүлнэ гэлээ. Түүнчлэн дотоодын аялал жуулчлал болоод олон улсын аялагчид хамгийн их сонирхож очдог аймгуудын нисэх буудлуудын засвар үйлчилгээ, олон улсын статустай болгох бэлтгэл ажлуудыг 2020 оны цар тахалтай холбоотой хязгаарлалтай үед хийгээд байгааг хэллээ.

Аялал жуулчлалын салбарынхан ИНЕГ-ын даргын дэргэд аялал жуулчлал, агаарын тээвэрлэгч компаниудын оролцоотой Зөвлөл байгуулах санал гаргасан.

Эх сурвалж: www.polit.mn