С.УЯНГА

 

Сонгуулийн дөрвөн жилийн циклиэр улс орон, аймаг, нийслэлийг удирдах бүрэлдэхүүн солигддог. Парламент, орон нутгийн сонгуульд олонх болсон нам багаа бүрдүүлснээр дараагийн дөрвөн жилд хэрхэн хөгжих, иргэдийн ажил орлого ямар байх нь шууд шалтгаалах учраас сонгогчид төрд илгээсэн төлөөлөгчдөө мэдэж байх нь хамгийн чухал. Гэвч зарим үед иргэдийн итгэлийг хүлээж төрд зүтгэхээр тангараг өргөсөн ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ төдийлөн танигдахгүй явсаар дөрвөн жилийг ардаа орхих нь ч бий. Энэ мэтээр идэвхи санаачлагагүй түшмэдээс болж улс орон, иргэд  хохирч үлддэг жишээ олон. Тиймээс сонгогчид эхний жилээсээ л төлөөлөгчдөө “нүдэлж”, холбогдож  амлалтыг нь нэхэж, ажил үүргийг нь сануулж байх учиртай юм. Сонгогчдод энэ л эрхийг нь өгч, төлөөлөгчдөөсөө шахаж шаардаж байх боломжийг олгохын тулд Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хэвлэн мэдээлэх үүргээ биелүүлж шинэ оны босгон дээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргатай холбогдож ирэх дөрвөн жилийнх нь хөгжлийн зураглалыг тодруулж нийтэлсэн. Мөн 21 аймаг, 330 сум, есөн дүүрэг, хороодын удирдлагыг хоёр сар гаруйн турш өдөр алгасахгүй цувралаар нийтэлж уншигчдадаа танилцуулсан билээ. Манай мэдээллийн мөрөөр ч иргэд сонгогчид бидэнтэй холбогдож хамтран ажиллаж байна.

Орон нутаг, нийслэлийн удирдлагууд манай сонины саналыг таатай хүлээн авч баг бүрэлдэхүүнээ улс даяар дуртайяа танилцуулсан бол харамсалтай нь Говь-Алтай, Баян-Өлгий аймаг болон Баянгол дүүргийн Засаг дарга нар төрд төлөөлсөн хүмүүсээ иргэдтэй “уулзуулахаас” татгалзсан юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хоёр аймгийн сонгогчдыг хэн гэдэг хүн төлөөлж байгаа нь бүрхэг үлдэж байна. Нөгөө төлөөс нэгэн цагт улс орны ачааг таталцаж явсан эрхмүүд сонины шарласан хуудсанд мөнхөрч үлдэж байгаагаараа бахархах учиртай. 

Орон нутаг, нийслэлийн удирдлагуудын онцлогийг харвал сөрөг хүчинтэй, төрд ажилласан туршлагатай шижигнэсэн баг бүрдээд байна. 2020 оны сонгуулийн үр дүнгээр МАН олонх болсон ч парламент, орон нутагт АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй. Тэр дундаа орон нутагт Архангай, Говь-Алтай, Дундговь, Булган, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг найман аймагт ялж ардчилал засаглаж байна. Нийслэлчүүдийн хувьд есөн дүүргээс дан ганц Сүхбаатарт АН засаглаж эмэгтэй хүн удирдаж буй юм. Тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа манай сонинд ярихдаа “2021 онд манай  дүүрэг анх удаа улсын хэмжээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг барих барилгын ажлаа эхлүүлнэ. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан хоёр цэцэрлэгээ ашиглалтад оруулахаас гадна өнгөрсөн онд хийсэн ажлаа үргэлжлүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэрэлтүүлэг, камер, тохижилт, бүтээн байгуулалт гээд хороо бүрт нэн шаардлагатай байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд анхлан санаачилсан “Хог хаягдлын ухаалаг менежмент”-ээ улам сайжруулах, боловсрол, нийгмийн салбар гээд иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан бүх ажлуудаа хийж хэрэгжүүлнэ” гэсэн юм. 

Харин орон нутгийн удирдлагуудын хувьд Сэлэнгэ аймгаас бусад нь аймгийн Засаг даргын тамгыг шинээр хүлээж авсан хүмүүс хэдий ч төрийн албаны шат, дамжлага бүрт ажилласан туршлагатай боловсон хүчин байгааг онцлох нь зүйтэй. Улиран сонгогдсон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил манай сонинд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж байгаа талаараа “2021 он бол ардын хувьсгалын өлгий, амуу буудайны өлгий Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй онцлогтой жил. Ардын хувьсгалын 100, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 бүтээлч ажлыг өрнүүлнэ. Ард иргэд, хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэхэд нь зориулсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг хөгжүүлж, нийгэмшүүлэх ажлыг ч хийхээр төлөвлөлөө. Сэлэнгэ аймгийн хувьд  2021 он бүхий л салбарт  чанарыг эрхэмлэсэн он байх болно. Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал, “Сайханы-Хөтөл” аялал жуулчлалын цогцолбор байгуулж, аялал жуулчлалын олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгож, “Үндэсний бичгээрээ уншиж, бичицгээе 2021” аян өрнүүлж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”-ийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд “Чанарын чуулган” зохион байгуулах зэргээр олон нийтэд үр өгөөжөө өгөх, хүртээмжтэй, ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна” хэмээсэн юм. 

COVID-19 цар тахал ч шинээр бүрдсэн удирд­лагуудыг хэсэг хугацаанд ч болов шалгалаа. Ялангуяа, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг аюулт цар тахлын халдварыг богино хуга­цаанд дарж чадсан. Тиймээс ирэх дөрвөн жилд нам улс төржилтөөс хамаа­рахгүйгээр орон нутгийн хөгжил, олон түмнийхээ төлөө цэгцтэй ажиллах цаг ирсэн гэж харж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)