Ч.Одонбаатар: Газар хөдлөлтөд хүний хүчин зүйл нөлөөлөх тохиолдол бий

0
хуваалцах
400
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Манай улсад нэгдүгээр сараас хойш Хөвсгөл, Дорнод, Өмнөговь гэсэн хэд хэдэн аймагт газар хөдлөлт болоод байна. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Одон Орон, Геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор Ч.Одонбаатартай ярилцлаа.

 

-Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сарын 12-нд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлд 1991 онд ийм хүчтэй газар хөдлөлт болж байсан юм байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн цаад шалтгаан нь чухам юу байсан  юм бэ?

-Монгол орны хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Энгийн үгээр тайлбарлавал Монгол оронд болж байгаа газар хөдлөлтүүд нь Энэтхэгийн хойг болон Евроазийн хавтантай мөргөлдөж буй шахалт болон Байгаль далайн тэлэх хөдөлгөөний нөлөөгөөр үүсч байна.

Монгол оронд газар хөдлөх боломжтой 67 идэвхтэй хагарлыг тогтоон судалгаа хийж 2019 онд Монгол орны ерөнхий мужлалын зургийг гаргасан байдаг. Үүнээс гадна судалгааны түвшинд яг идэвхтэй гэж тогтоогдоогүй боловч газар хөдлөлтөөр үүссэн байх магадлалтай 2000 гаруй эвдэрлийн бүс байна.  Ханхийн газар хөдлөлт нь өмнө судлагдаж байсан Хөвсгөлийн хагарлын бүсэд болсон. Энэ бүсийг 1983 онд тодорхойлсноор магнитуд 7 хүртэл газар хөдлөлт боломжтой,  9 баллын бүсэд хамаарч байна.  1991 онд Бүсийн голд магнитуд 6.5-тай газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт нь Ханхын  голомтоос 150 орчим км зайнд болсон байна. Ер нь Монгол орны хувьд магнитуд 5 гарсан газар хөдлөлтүүд нэлээд болдог. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн  оны гуравдугаар сард Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт 6 магнитудын газар хөдлөлт болж байсан.

-Хөвсгөл аймгийн Ханх суманд нэгдүгээр сараас хойш 3.5 магнитудаас дээш 171, нийт 28297 удаагийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Энэ удаагийнх олон дахин удаа давтаж хөдөлж байгаа нь юунаас болж байгаа вэ?

-Хүчтэй газар хөдлөлтийн дараах давтан хөдлөлтүүд нь тухайн газрын гүнд болсон эвдрэл нь үргэлжилж байна гэсэн үг юм. Статистик судалгаагаар энэхүү давтан хөдлөлтүүд хугацаа өнгөрөх тусам тоо болон магнитудын хувьд багасдаг байна. Гэхдээ давтан хөдлөлүүд нь гамшиг учруулах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ давтан хөдлөлтүүд хэдэн өдрөөс хэдэн арван өдөр хүртэл үргэлжилдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 13-ны бямба гаригт Японд болсон 7.1 магнитудтай газар хөдлөлтийг 10 жилийн өмнө болсон 9 магнитуд хүрсэн нөгөө айхтар цунами үүсгэсэн газар хөдлөлтийн давтан хөдлөлт гэж Японы цаг уурын албанаас мэдээллэсэн байна. Эрсдэлийн хувьд давтан хөдлөлтүүд нь ойр орчим байгаа хот суурингуудад чичирхийлэл учруулах, түүнчлэн өөр голомтуудыг идэвхжүүлэх боломтой байдаг.

-Зүүн бүс болох Дорнод аймгийн Халх гол су­мын нутагт 4 маг­ни­тудын хүчтэй газар хөд­лөлт боллоо. Үүнийг Тамсагийн газрын тосны орд газрын олборлолттой хол­боотой байх магад­лал­тай гэж үзжээ. Ер нь газар хөдлөлтөд нөлөөл­дөг ямар хүчин зүйлс байдаг вэ?

-Зүүн бүс нь газар хөдлөлтийн хувьд идэвхжилт багатай бүс нутаг юм. Сүүлийн үед энэ бүс нутагт болж байгаа газар хөдлөлтүүд нь яг ямар шалтгаантайг одоогоор эцэслэн тогтоосон судалгаа алга байна. Газар хөдлөлт бол байгалийн процесс гэж үздэг. Гэхдээ энэ процесст хүний хүчин зүйл ,тухайлбал газрын гүн лүү ихээхэн хэмжээний ус хийж газрын тос , хий олборлолт хийсэн нь нөлөөлсөн гэж үзэх тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд ийм газар хөдлөлт магнитуд 3-4 болдог боловч зарим нэг тохиолдолд үүнээс ч хүчтэй болдог. АНУ-ын Оклохама мужид 2016 онд болсон магнитуд 5.6 газар хөдлөлтийг хүний хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Албан ёсны баталгаа байхгүй боловч 2009 оноос тус муж орчимд газар хөдлөлтийн тоо ихэссэн нь тухайн мужид усаар шахаж газрын тос, хий олборлолт хийсэнтэй холбоотой гэж үздэг байна. 

-Ханх суманд нэг­дүгээр сард болсон газар хөдлөлт Улаанбаатар хо­тод 4-6 магнитиудын хү­чээр мэдрэгдсэн. Ин­гэх­дээ зарим айлын гэр­лийн бүрхүүл чичирч мэд­рэгд­сэн, заримд нь мэд­рэг­дээгүй. Үүнд барилгын чанар  нөлөөлсөн үү?

-Газар хөдлөлт мэдрэхэд барилгын чанар хамаагүй болов уу. Харин барилга нурах, эвдрэл учрах бол чанартай шууд холбоотой. Байрлалын хувьд сэвсгэр хурдас нь тодорхой давтамжийн хувьд газар хөдлөлтөөс ирэх долгионыг өсгөдөг. Энэ нь барилгын давтамжтай нийлсэн тохиолдолд хүчтэй мэдрэгдэнэ гэж ойлгож болно. Улаанбаатар хотод ирсэн долгион нь 1 см/сек2 хүчтэй ирсэн. Энэ нь онолын хувьд хүнд мэдрэгдэх хамгийн бага хэмжээ юм. Тиймээс тухайн барилгын давтамж, долгионы давтамж, хөрсний давтамж зэргээс хамаараад өндөр барилгуудад мэдрэгдсэн гэж үзэж байгаа. Судалгаагаар хотын голын хөндий хэсэгт 4 баллаар мэдрэгдсэн байдаг. Хүчтэй газар хөдлөлтийн долгион дэлхийг хэд хэд тойрох тохиолдол ч байна. Манай улсад байгаа багажаар дэлхийн нөгөө талд болсон магнитуд 4-өөс дээш хөдлөлтийг бүрэн тодорхойлох боломжтой. Улаанбаатар хот нь Ханхад болсон газар хөдлөлтийн голомтоос 610 орчим км зайтай. Мангитуд 5.5 хөдлөлт ойролцоогоор 500 км мэдрэгдэх боломтой гэж үздэг. Тэгвэл Ханхын газар хөдлөлт үүнээс ойролцоогоор нэг магнитуд илүү гэдэг нь 30 дахин хүчтэй юм.

-Монгол Улс газар хөдлөлтийн эрсдэлд хэр бэлэн улс вэ. Хүчтэй газар хөдлөхөд иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах болов уу?

-Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхийн тулд улс бүр өөрийн онцлогт тохирсон олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг.  Өнөөдрийн шинжлэх ухааны түвшинд  газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломж алга байна.  Тиймээс олон улсад газар хөдлөлтийн голомтуудыг тогтоогоод түүнээс ирж болзошгүй хүчийг үнэлэн, барилгын норм дүрмэнд тусгах замаар ажиллаж байна. Манай улсын хувьд ч энэхүү замналаар л явж байна. Харин эдийн засгийн боломж болон бусад хүчин зүйлээс хамаараад энэхүү нормд ямар босгыг тавих вэ гэдэг нь өөр асуудал юм. Жишээ нь, ямар ч газар хөдлөлтөнд тэсвэрлэх барилга барих боломжтой боловч түүний өртөг хэд болох, тийм байгууламжийг бүх хүмүүст барьж өгч чадах уу гэдэг нь асуудалтай юм. Иймээс ихэнх улсад Стратегийн байгууламжийг ( эмнэлэг, цахилгаан станц, сургууль гэх мэт) барихад илүү өндөр шаардлага тавьдаг.  Монгол Улсын хувьд 2011-2017 онд 12 аймгийн төвийн, 2015 онд Улаанбаатар хотын бичил мужлалын зургийг зохиож, 2019 онд Монгол орны ерөнхий мужлалын зургийг гаргасан. Одоо үлдсэн есөн аймгийн төвийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг зохиохоор ажиллаж байна. Түүнчлэн Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийн үнэлгээний судалгааг Японы Жайкагийн байгууллагаар 2013 онд хийлгэсэн байдаг. Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын сургуулилтийг хийсэн ч энэ бүхэн хангалттай гэсэн үг биш юм. Жишээ нь, манайхан Японтой жишиж ярих дуртай байдаг. Тэгтэл миний мэдэж байгаагаар 10 жилийн өмнө зөвхөн Токио бүс нутагт 5000 хөрсний хурдтгал бичигч ажиллаж байсан. Улаанбаатар хотод ганцхан ажиллаж байна. Судалгаа хийх нэг ийм багаж нь өнөөдөр зах зээлд 30-40 сая төгрөгийн үнэтэй байна. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд, Засгийн газар болон бусад гадаад хамтын ажиллагааны хүрээнд бий болсон 100 орчим газар хөдлөлт бүртгэх багаж ажиллаж байна. 

-Газар хөдлөлтийн эрсдэлээс иргэдээ хамгаалахын тулд төрөөс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой вэ?

-Сайн барилга байгууламж барих, хуучин барилгуудыг хүчитгэх эсвэл нураана.  Үүнтэй уялдан  барилгын норм дүрмийг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Мэдээж нийгэмд мэдлэг мэдээлэл түгээх, дадлагажуулах гээд олон ажил хийж болно. Түүнчлэн гамшгийн эрсдлийн үнэлгээг тухай бүрт сайжруулан хийж байх ёстой болов уу. 

-Шинжлэх ухааны түв­шинд газар хөдлөл­тийг урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл гэж  та тайлбар­ласан. Ирээдүйд үүнийг урьдчилан мэдэх боломж гарч ирэх болов уу?

-Газар хөдлөлтийн өмнө ямар нэгэн физик орон өөрчлөгдөж байж магадгүй гээд олон янзын судалгаа хийж байгаа. Газар хөдлөлтийг амьтан мэдэрч байна гэж олон хүн ярьдаг. Тэгвэл тэр амьтан мэдэрч байгаа зүйлийг олоод хэмжчихвэл урьдчилан мэдэх боломжтой юу гэх асуулт гарч ирнэ. Гэхдээ тэр амьтан нь зарим газар хөдлөлтийг мэдрэхгүй байвал яах вэ гэдэг асуудал ч бий. Одоогоор зарим судлаачийн үзэж байгаагаар ионсфер буюу дэлхийн цэнэгт мандалт өөрчлөлт орж байна гээд судлаад байна. Мөн газар хөдлөлтийн өмнө тэр хавьд радоны хий ялгарах үзэгдэл нэмэгддэг гэж ч үзэж байна. Манай судалгааны байгууллагын хувьд Улаанбаатар хот орчмын бүс нутагт геофизикийн мониторинг хийх сүлжээ байгуулан ажиллаж байна. Үүнд радон хий, газрын хэв гажил, хүчдэл, GPS болон соронзон орны өөрчлөлт хэмжигч багажууд суурилуулаад ажиллаж байна.  Өнөөдөр олон хүн маргааш болох газар хөдлөлтийг таамаглан хэлж онож алдаж байгаа боловч найдвартай шалгарсан онолын хувьд батлагдсан арга зүй гараагүй л байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.26 БААСАН № 38 (6515)