З.Батцэцэг

“Манн, Иванов ба Фербер” хэвлэлийн газраас Сильван Патернострийн ном хэвлэгдэн гарах гэж байна.  Уг ном нь Габриель Гарсиа Маркесийг таньдаг хүмүүсийх нь үгээр дүрслэн харуулсан юм. Номын нэр Габриель Гарсиа Маркесийн амьдралыг найз нөхөд, ойр дотны хүмүүс, шүтэн бишрэгчид, маргагчид, хурц хэлтэнгүүд, согтуучууд, зарим нэг зохистой хүмүүсийн хэлснээр өгүүлэхүй. Амаар ярьсан зүйлийг цаасан дээр буулгасан нь гэр бүлээрээ ширээ тойрч суугаад, нэгнийхээ яриаг таслан, бүгд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж буй мэт.

Маркесийн зам “Зуун жилийн ганцаардал”-ын өмнө, хойно гэж хоёр хуваагддаг. Тиймээс номонд олон хүмүүс Габо өмнө нь, Габо дараа нь гэж харьцуулах нь их. Найз нөхөд, холын хамаатнууд нь түүнийг алдартай зохиолоо яаж бичсэн тухай ярьсан дурсамжийн хэсгээс уншаад үзээрэй. Уг намтрын зохиолч үүнийг “ажилдаа хэт улайрсан зохиолч жил хагас ганцаардлыг тууштай тэсвэрлэсэн” гэж нэрлэжээ.

Мариа Луиса Элио: -Габо хэлэхдээ “Би бүтэн жил ажлаа хаялаа, мөнгө олж ирэхгүй шүү. Амьдралыг яаж зохицуулахаа чи өөрөө мэд” гэсэн. Энийгээ Мерседест хэлсэн л дээ. “Чамайг яаж зохицуулахыг харъя. Гэхдээ би жил ажил хийхгүй”. Тэгээд л Мерседес бүгдийг маш сайн зохицуулсан даа.

Гильермо Ангуло: -Тэр мөнгө зээлсэн.

Мариа Луиса Элио: -Мах зээлээр авдаг байсан.

Гильермо Ангуло:-Мөнгө зээлж болох бүхий л газраас тэрээр зээлсэн. Харин тэр зохиолоо бичихээр суусан. Их хатуу сахилга баттай сууж бичиж ганцхан тэр л чадна. Яг архитектор Рохелио Сальмона шиг. Манай хөрш байсан юм. Яг Сальмона шиг. Тэр Колумбын хамгийн мундаг барилгыг барьсан ч үргэлж мөнгөгүй. Яагаад гэвэл “энэ надад таалагдахгүй байна” гээд л дахиад бүгдийг эхнээс нь зураад эхэлдэг. Тэгэх бүртээ өөрийн хуйлааснаас мөнгө гаргадаг. Тэгээд ч тэр хоёр сайн найзууд байсан. Тэр Габод мөн ерөнхийлөгчид Картахенад дахь байшингийн зураг төслийг гаргаж өгсөн.

Эммануэль Карбальо: -Тэр бүгдийг хаясан. Зөвхөн ажил. Мөнгө хэмнэнэ. Мөнгө зээлж аваад л, яг галзуу хүн шиг суугаад л “Зуун жилийн ганцаардал”-аа бичиж эхэлсэн. Яг солиорсон юм шиг. Өөр юу ч хийдэггүй. Найзуудтайгаа уулзахаа больсон. Бүх ажилаа орхисон. Урьд нь түүнд жаахан ч болов мөнгө олж ирдэг байсан хөндлөнгийн ажилаа хүртэл хаясан. Зохиолоо бичихэд юу ч саад болгохгүйн тулд баахан мөнгө зээлж аваад л суусан.

Мариа Луиса Элио: -Мерседес түүнд ажилын өрөө бэлдэж өгсөн нь арай бэлэн болоогүй байсан болохоор тэр зөвхөн тэмдэглэл барьсан явдаг байсан. Тэд Лома гудамжинд жижигхээн байшинд амьдардаг байсан. Мерседес зочидын өрөөндөө хаалгатай, том модон хаалт, таазанд тултал нь хийсэн. Чимээ шуугиан нэвтрүүлэхгүй гэж. Хоолны ширээ шиг нарсан ширээ, дээр нь бичгийн машин . Габо тэнд өдөржингөө суугаад бичдэг. Өглөөнөөс орой болтол. Энэ өрөөнөөс жижиг өрөө, эндээс тэр хүрэхээр. Ширээ, сандал, нарийхан түшлэгтэй сандал багтахаар зайтай. Түшлэгтэй сандалын дээр хуанли шиг зураг өлгөөтэй байдаг байсан. Муухай, зохимжгүй зураг.

Эммануэль Карбальо: - Тэр тосгоны хүн шиг хувцасладаг байсан. Их муу хувцастай. Эв дүйгүй. Хуучин. Томгоны эр хамаг гоё хувцасаа өмслөө гээд хайрцагнаас костюм гаргаад өмсөхөд их тэнэг харагддаг шиг. Энэ чинь л тосгоныхон шиг хувцаслана гэсэн үг.

Мариа Луиса Элио: -Бид орой бүр түүн дээр орж байхаар шийдсэн. Габо өөрөө гарч ирэхгүй юм чинь бид орж байя гэж шийдсэн. Оройны 08.00 цагт. Заримдаа виски авч орно, заримдаа гахайн мах гээд л. Тэднийд суугаад л, уугаад л, мерседесийн хийсэн зуушнаас идээд л. Өдөр бүр уулздаг байсан. Мутисыхан бас ирдэг байсан. Хүүхдүүд дээр буулгаж өгдөг.

Эммануэль Карбальо: -Ганцхан би л мэдэх зүйлийг таньд ярьж өгье. Габо зохиолоо бичиж эхлэхдээ надаас асуусан. Долоо хоногт бичсэн зүйлийг минь уншиж чадах уу? гэж. Бямба гараг бүрт манайд ирж бичсэн зүйлээ авчирч өгдөг байсан. 

Мариа Луиса Элио: -Би гэртээ их цагийг өнгөрөөдөг байсан, өдрөөс оройн хоол хүртэл ном уншиж суудаг байлаа. Тэр над руу утасдаад “Би чамд жаахан уншаад өгье, чи бодлоо хэлээрэй” гэдэг. Тэгээд л хэсгээс нь уншиж өгдөг байсан. Эсвэл утасдаад “Эгч нар ямар хувцастай байсныг чамд дүрсэлж өгье. Чи тэднийг яаж хувцаслах байсан? Энэ даашинз ямар өнгөтэй байвал зүгээр бол?” эсвэл “Энд ийм үг оруулчихлаа, утгыг нь сайн мэддэггүй. Нагац нар чинь ийм үг хэрэглэдэг байсан уу? манайхан бол ингэж ярьдаг байсаан” гэх мэтчилэн ярьдаг байлаа. Гайхалтай. Бид утсар их удаан ярьдаг байсан.

Маргарита Де Ла Вега: -Тэр “Зуун жилийн ганцаардлыг” бичсэн түүхийг мэдэх үү? Би өөрөөс нь сонсож байсан юм. Тэрээр номондоо ашиглах гэж зарим нэг зүйлийг тодруулахын тулд “Британника” нэвтэрхий толийг хайж байсан юм. Энэ зохиолын гайхалтай нь орон нутгийн шинж чанар, түгээмэл байдал, нэвтэрхий толь шиг бүхнийг агуулсан байдаг. Тийм учираас сайн зарагдаж, хүмүүс их уншдаг. Зүгээр жирийн Колумб цэвэрлэгч хүртэл ойлгож уншиж чаддаг. Мэдээж эрдэмтэд шиг нарийн ухаж ойлгохгүй л дээ. Гэхдээ энийг уншаад ойлгоод, тэр гэр бүлийн энгэнэлд санаа нь зовж уншдаг. Учир нь өөрсдөө ийм цаг үеийг үзсэн, гэр бүл нь яг л ийм зүйлийн тухай ярьдаг. Зөвхөн номноос олж мэдэж байгаа зүйл огт биш. Энэ бол тэдний дотор байгаа, тэдний соёлын нэг хэсэг. 

 Эммануэль Карбальо: -Гарсия Маркесыг би анхнаасаа их хүндэлдэг байсан. Надад түүний зохиол их таалагддаг байлаа. Би түүнийг аугаа зохиолч гэж боддог. Тэр надад бямба гараг бүрт бичсэнээ авчирч уншуулдаг байлаа. Зохиолоо бичиж дуусталаа авчирсан. “Чи алдаа олов уу? Чамд таалагдаагүй хэсэг байна уу? Яагаад гэдгээ хэлээрэй” гэнэ. Би хариуд нь “Надад ер нь бол бүгд таалагдлаа. Сүрлэг зохиол болж. Энэ чигээ алдахгүй бичээд л бай. Надад хэлэх ч үг алга, шүүмжлэл ч алга. Харин ч эсрэгээр чамайг магтмаар байна” гэдэг байв. Максимум миний хийсэн зүйл бол хоёр, гурван газар зарим нэг зүйлийг хассан, жижиг сажиг юм нэмсэн. Төгс бүтээл байсан. Би түүнд “Гайхалтай болж, энэ баатрыг чи орхичихсон байсан. Дахиад үргэлжлүүлж байгаа нь сайхан байна. Яагаад орхисон байснаа хэдэн долоо хоногийн дараа өөрөө тайлбарлана биз дээ” гэж хэлж байсан. Бид хоёр баатруудын характерын талаар ярилцдаг байлаа. Өөрсдийн найзууд гэж л боддог байж. Хоёр, гурван цаг хоорондоо ярина. Гэхдээ багш, шавь шиг биш, найзууд шиг. Ер нь би түүний шүтэн бишрэгч байсан. Гэхдээ энэ үг хөл бөмбөгт илүү тохирох байх л даа. Энэ роман бол үе үе орж ирсэн онгодоор биш, тогтмол салхилсан онгодоор бичигдсэн  юм. Би 60 жил утга зохиол шүүмжлэгчээр ажиллаж байна. Үүн шиг авъяастай, чадварлаг, эр зоригтойгоор бичсэн зохиол мэдэхгүй юм байна. Би өөрөө авъяастай учираас тэр намайг сонгосон. Тийм биш бол надад яах гэж хандах билээ? Би даруу төлөв занд итгэдэггүй. Би түүний эртний зохиол дээр шүммж тойм бичиж байсан. Тэр намайг хатуу шүүмжлэгч гэдэгийг мэднэ, ямар нэг зүйл таалагдахгүй бол шууд хэлж, яагаад таалагдаагүйг тайлбарлана гэдэгийг ч мэднэ. Тиймээс надад хандсан. Өөрөөс нь илүү авъяастай испани хэлтэй уран зохиолч залуу байхгүй гэдгийг намайг олж мэдэж чадна гэж тэр бас надад хандсан. Би түүнээс хэдхэн насаар ах болохоор “залуу” гэж дуудах эрхтэй. Бид бараг л чацуу, одоо аль аль нь өвгөн болжээ.

Маргарита Де Ла Вега: -Габод нэвтэрхий толь хэрэг болоод, тэд худалдаж авсан. Тэр үед нэвтэрхий толь, классик уран зохиол цуглуулдаг байсан юм. Латин Америк даяар зарагддаг. Миний санахын “Агиллар” зардаг байсан. Түгээгчид ирээд, сар бүр мөнгө төлөөд ном аваад,  бүтэн цуглуулгатай болж болдог байлаа. 1965 билүү 1966 он байсан. Габо энэ номнуудыг ашиглана гэдэг. Мерседес заримдаа “Энэ боть одоо чамд хэрэггүй болсон байлгүй дээ” гэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ном түгээгч ирэхэд төлөх мөнгө байхгүй бол оронд нь ботьноос нэгийг нь авдаг байсан юм. Мерседес тэгэхээр Габогийн хэрэглээд дууссан ботийг өгдөг байлаа. Мерседес ер нь их амьжиргаатай. Тиймээс  өөрийн анхны ярилцлагадаа, тэр дундаа “Плейбойд” өгсөн ярилцлагад тэр хэлсэн байдаг “Эрчүүд илүү мөрөөдөмтгий, төсөөлөгчид, яруу найрагчид. Бүсгүйчүүд бол илүү бодит, амьдралд ойрхон, тэдэн дээр л ертөнц оршин тогнодог” гэж. Би тэгж хэлэхэд нь уур хүрээд, түүнээс тайлбар шаардаж байсан юм. Мэдээж тэр хариулаагүй. Тэр хариулхыг хүссэн зүйлдээ л хариулдаг. Гэхдээ би Урсула дүрийг Мерседесээс хуулбарлаж бичсэн гэж боддог. Тэр л анхны бизнес болох амьтны дүрстэй мөсөн чихэр хийж гэр бүлээ тэжээдэг.  

Эммануэль Карбальо: -Хонгор минь би хөгширчээ. Олон зүйлийг мартсан байна. Санавал хэлнээ. Бид хамтдаа хооллоод л, идэж уугаад л, согтоод л хэдэн сар болсон. Тэр “Зуун жилийн ганцаардлыг” бичиж эхлэхдээ “Эра” хэвлэлийн газар “Та нар миний найзууд учираас бүх номоо өгч байсан. Та нар Мехикогийн сонирхолтой хэвлэлийн газар. Гэхдээ та нар залуу байна. Одоо миний бичих гэж байгаа зохиолд би маш их найдвар тавьж байгаа. Тиймээс томоохон испани хэлний хэвлэлийн газар хандах бодолтой байна”. Тэгээд Испани, Буэнос-Айрос хоёрын нэгнээс сонголт хийсэн. “Эра”-г тэр мартсан. Шинэ номондоо тавьж байсан тэр их найдлагыг имй жижиг газар биелүүлж чадахгүй гэж үзсэн.

Гильермо Ангуло:- Миссис Габо арай гэж мөнгө олоод шуудангаар гар бичмэлийг явуулахдаа “Энэ зохиол нь бас хог байх вий дээ” гэж хэлж байсан. Тэр үед тэднийх огт мөнгөгүй, махны өр болон өөр ихтэй, өрөнд машинаа хураалгасан байсан.

Эммануэль Карбальо: -Тэр их том зохиол бичсэн гэдэгтээ маш итгэлтэй байсан.

Рафаэль Ульоа: -Бэлэн гар бичмэлээ “Судамерикана” хэвлэлийн газар руу илгээсэн. Артгентин руу. Энэ номыг шуудангаар явуулах гэж хамаг байдгаа үрсэн. Дараа нь эхнэртээ “Одоо энэ ном л хог байх  вий дээ” гэж хэлж байсан. Ямар байсныг нь төсөөл дөө.

Эммануэль Карбальо: -Бид гурав манайд цуглалаа. Бид бямба гараг бүр, 5 цагийн үед, их сургуулийн  бизнес захиргааны факультетын 4р байранд. Орой 7 хүртэл үлдэж ажилладаг. Дараа нь юм уугаад, яриад л, залуу хүмүүс юу хийдэг вэ тэр бүрийг хийдэг байлаа. Тэр ээж, найз нөхөд, ах эгч нар, Богота дахь сурвалжлагчийн ажилын талаараа ярьдаг байлаа. Нүд нь гялалзаад л ярина. Бид 2 уран зохиолын найзууд байлаа. Надад түүний роман таалагддаг, түүнд би цагаа зарцуулан зохиолыг нь уншиж байгаа нь таалагддаг байв. Би голдуу долоо хоногийн дотор 2-3 бүлгийг уншаад дараа долоон хоногт нь ярилцдаг байлаа. Роман дээрх ажил дуусмагц бидний нөхөрлөл дууссан. Гэхдээ тэр жил хамтарч ажилласан хөдөлмөр үнэхээр сайхан байсан. Энэ залуутай ярилцахын тулд бид бямба гарагийг тэсэн ядан хүлээдэг байлаа.

Мариа Луиса Элио: -Тэр Аурелиано Буэндиаг үхсэнд ихэд харамсан бүр түүнийг дахин амилуулж байсан. Түүнийг үхүүлэхгүй гэж бичих чиглэлээ хүртэл өөрчилж байсан.

Родриго Мойя:-Тэр Колониа Флорида хороололд амьдардаг байсан. Эхнэр, хоёр хүүгийн хамт. Заримдаа би Ангулотай хамт түүн дээр очидог. Нэг билүү хоёр удаа очиж байснаа санаж байна. Ангуло бол их очидог байсан. Бид эрт оройн 07.00 цагт очсон, гэр нь тас харанхуй. Мерседес бидэнд Габо ажиллаж байгаа, одоо гараад ирнээ гэсэн. Бид түүнийг цаг хүлээсэн байдгүй. Бид тэгэхээр нь марихуан татаад сууж байтал тэр ирээд бидэнтэй нэгдсэн. Бид юу ярьж байсныг үнэхээр санахгүй байна. Тэрнээс хойш 50 жил өнгөрсөн байна шүү дээ. Гэхдээ галын хажууд суугаад, түүний “Зуун жилийн ганцаардлын” тухай сонсохдоо аз жаргалтай байснаа санаж байна. Өшөө бас тэр их хавагнасан байсан. Дараа нь Мерседес тайлбарлахдаа тэр ямар нэгэн эгзэгтэй зүйл бичиж эхлэхээрээ хавагнадаг гэж. Нүүр нь хөөчихдөг. Иймэрхүү бүтээл бичих нь ер бусын үзэгдэл шиг, тиймээс л ийм гайхалтай бүтээл бий болдог байх.

Эх сурвалж: www.tass.ru