С.УЯНГА

 

Цар тахлын дэгдэлт боловсролын салбарт цонх үе бий болгож байгааг судалгаа харуулж байна. Бүтэн нэг жил сургуулиас “завсардаж”, теле хичээлээр аргацааж буй оюутан, сурагчдын хувьд агуулгын алдагдал үүсэхээс гадна хичээлээ ч үзэж чадахгүй хүүхэд олон байгаа юм. Сурагчдад 47-53 хувийн агуулгын алдагдал үүссэн. Бага боловсрол дээр 142 цагийг танхимаар, 130 цагийг теле, цахимаар үзэж, 110 цагийн буюу 28.8 хувийн агуулгын алдагдалтай байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдээлсэн. Мөн теле хичээлийн хүртээмжийг эцэг эх, хүүхдүүдээс тандах судалгаа авч үзэхэд сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үздэг буюу сурагчдын 53 хувь нь теле хичээлээ тогтмол үзээгүй. Судалгааны үр дүнгээр багшийн ярих чадвар сайн ч сурагчийн оролцоо, дагаж хийх тал дээр хамгийн бага үнэлгээ авсныг НҮБ-ын Хүүхдийн сан судалгаандаа дурджээ.

Нийслэлд хөл хорио суларч энгийн амьдралдаа шилжсэн ч боловсролын байгууллага хаалттай хэвээр байна. Харин орон нутагт танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Нийслэлд гуравдугаар сарын 10-наас эхлүүлэх талаар ярьж байгаа ч цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдлыг харгалзаж байж шийдвэр гаргана гэдгийг УОК, Засгийн газраас мэдэгдээд байна.

Боловсролын салбартай холбоотой албаны байр суурийг хүргэе.

 

ЗГ: ТАНХИМЫН ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭС ӨМНӨ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны гуравдугаар сарын 1-нээс танхимаар оруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг УОК-ын тушаал болон БШУС-ын түр журмаар зохицуулна. Энэ хүрээнд аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газруудад сургалт зохион байгуулна. Цэцэрлэг, бага анги, тусгай сургуулийн суралцагч, дотуур байрны хүүхдийн үдийн цай, хоолны үйлчилгээнд онцгойлон анхаарах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, аминдэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундаа хэрэглэхийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зөвлөж байна.

 

НБГ-ын дарга Ж.Гантулга: НИЙСЛЭЛД ТАНХИМЫН СУРГАЛТ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН

-Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь байсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд агуулгын алдагдал одоогоор ямар байгааг судалсан. Нэгтгэн дүгнээд үзэхэд нийслэлийн сурагчдын агуулгын алдагдал 22.2 хувь байна. Нийслэлд цар тахлын голомт намжаагүй, эрсдэл хэвээр байгаа тул танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг товлоогүй байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа ч бид бэлэн байдлаа хангаж байна. Хоцрогдлыг арилгаж, шинэ агуулга үзэх тал дээр ажиллаж байсан. Боловсролын хүрээлэнгээс төлөвлөгөө гаргаж танхимын сургалт эхлүүлснээр хоцрогдлыг бууруулахад анхаарч ажиллана.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖТАЙ БОЛНО

-Зургаа, долоон насны хүүхдүүд танхимд сууж, хичээлийнхээ суурь мэдлэгийг олж авах ёстой боловч гэртээ эцэг эхтэйгээ ажиллаад өнгөрлөө. I-XII ангийн хүүхдүүдийн насны онцлогоос шалтгаалж хүүхдүүдэд янз бүрийн асуудал гарсан байх. XII анги төгсч буй хүүхдүүд дотооддоо өрсөлдөхөөс гадна гадаадын том сургуулиудад орно. Энэ хүүхдүүд ч дэлхийн хэмжээний боловсрол эзэмших ёстой. Хүүхдүүдийн хичээлийн бус цагийг яаж ашиглах вэ гэдэг дээр хөтөлбөр гаргаж ажиллана. Мөн хэд хэдэн газарт өглөөний гудамжуудыг бий болгохоор ярьж байна. Хүүхдүүд зун өглөө 06:00-09:00 хүртэлх цагийг ашиглаж чадахгүй байна.  Өглөөний гудамж төслөөр хэрхэн сурагчдын боловсролд хандуулах вэ гэдэг асуудал яригдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.25 ПҮРЭВ № 37 (6514)