-“Зууны мэдээ” сониноос төрсөн номын тухай-

Д.АРИУН

Дамдины Энхээ гэдэг энэ эрхмийн унаган мэргэжил нь орос хэл утга зохиолын багш. Яг энэ мэргэжлээрээ биш ч гэлээ хүүхэд шуугьсан их өргөөнөө насаараа ажилласан хүн. Тодруулбал, хүүхдийн төлөө байгууллага болон Олон улсын “Найрамдал” зусланд ид ажлынхаа олон он жилийг үджээ. Багшийн сургууль, БТСУХ-нд хэсэг хэсэг ажиллаж байжээ. Харин 2018 оноос хойш “Зууны мэдээ” сонинд орчуулга хийж эхэлсэн.

Тэрээр унаган мэргэжлээрээ буюу орос хэлний багш гэдэг мэргэжлийнхээ “шид”-ийг харуулаад зогсохгүй, хэвлүүлж нийтлүүлсэн бүтээлээс нь эмхэтгэн ном болгон гаргасан нь энэ.

“Хүүхдийн байгууллага, “Найрамдал”-ын тухай нийтлэл, орчуулгууд” гэсэн энэ нэрийн цаана агуулгын хувьд өргөн хүрээтэй. Номын анхны уншигчдын нэг урлаг судлаач “хэрэгтэй юм ихтэй” гэж сошиал хуудастаа бичсэн байна билээ. Ном болгоод гаргасны дараа л нээрээ энэ олон сонирхолтой ярилцлага, нийтлэлийн орчуулгууд чинь “Зууны мэдээ” дээр гарч байсан шүү дээ гэж санах нэгэн ч байх. Өдөр тутмын сонин гэдэг асар их мэдлэг, мэдээллийг архивлан авч үлдэж байдгийн ганцхан жишээ нь Д.Энхээ орчуулагчийн энэ ном юм. Чухам яагаад агуулгын хувьд өргөн  хүрээтэй болсон бэ гэдгийг номын дөрвөн бүлэг, түүнд багтсан нийтлэл, ярилцлага орчуулгаас харж болно.

 

Хүүхдийн байгууллага, “Найрамдал”-ын тухай

 

1962 оны хоёрдугаар сарын 2-нд Дамдины Сүхбаатарын мэндэлсэн өдрөөр нийслэлийн 14 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Д.Энхээ одоогийн Спортын ордны их танхимд хотын сургуулиудаас сурлага, хүмүүжлээрээ тэргүүлэн шалгарсан үе тэнгийн олон арван хүүхдийн аавынхаа нэрийг өөрийнхтэйгээ хамт андгайлан байж “БНМАУ-ын пионерийн баясгалант тангараг” өргөн, ихээхэн ёс төртэйгээр Монголын пионерийн байгууллагад элсэж явжээ. Залгамжлагч II чуулганы төлөөлөгч, шилдэг сурагчид очиж амардаг гадаадын Пионерийн зуслан гээд хүүхэд насны нь гэгээн сайхан дурсамж олон. Хожим нь, дээд сургууль төгсч нийслэлийн 57 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар ажилласан анхны жилээ хийсэн нэгэн ажил нь түүнийг залуучуудын байгууллага руу шилжих эхлэл болжээ. Тодруулбал, Хүүхдийн урлан бүтээх төвд (тэр үед Пионер сурагчдын ордон байсан) орос хэл дээр бүлгийн ажлаа явуулж, Зөвлөлтөөс ирсэн Комсомолын төв хорооны зочдод үзүүлэхэд нь Орост сургууль төгссөн багшийн хувьд сургуулийн нүүр тахлан тусалж гурав хоног ажилласан байна. Тэгж байхдаа Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн ажилтан Л.Дугарсүрэнгийн “хараа”-нд өртжээ. Энэ тухайгаа тэрээр “Зун Л.Дугарсүрэн багшийн удирдлага дор Л.Нина, Мягмар нарын хамт өнөөх пионер байхдаа олон улсын зусланд амарсан Польшдоо яг арван жилийн дараа, тэгэхдээ энэ удаа том нисэх онгоц хөлөглөн газардаж, Олесница хэмээх хотод олон улсын пионерийн ажилтны семинарт оролцжээ. Энэ нь яваандаа Боловсролын яамны мэдлээс албан ёсоор МХЗЭ-ийн Төв Хороонд шилжин ажиллахын эхлэл болсон...” гэж бичсэн байна. Түүнээс хойш Монголын пионерийн байгууллагын төв зөвлөл, “Найрамдал” лагерь, Хүүхдийн ордон, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Монголын скаутын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагад олон  жил тогтвортой ажиллажээ.

2018 оны долдугаар сарын 19-нд олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 40 жилийн ой тохиосон. Энэ баярын хүндэт зочдын дунд Д.Энхээ, түүний гэргий Г.Ундрах нар байлаа. Д.Энхээ анхны пионерийн ахлах удирдагчаас эхэлж, дараа нь захирлаар томилогдон ажиллаж байсан. Гэргий Г.Ундрах нь бүлгийн удирдагч, арга зүйч байсан улс. “Найрамдал” зуслангийнхаа тухай, хамтран зүтгэгчдийнхээ тухай Д.Энхээ, Г.Ундрах нар “...Сайн, муугийн аль алинаар нь хэлүүлж явсан хүний нэг бол Цэдэнбал-Филатова Анастасия Ивановна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр үүсэн байгуулагдсаных нь 40 жилийн ойг тохиолдуулан “Найрамдал” цогцолборыг түүний нэрэмжит болгосон явдал “хүнийг ажил үйлс нь чимэглэдэг”-ийн тод баримт мөн. ...“Амьдралыг жилийн өмнөөс харъя гэвэл тариа тарь, Арав арван жилийн дараахийг бодъё гэвэл мод суулга, харин зуу зуун жилээр урьдчилж харахыг хүсвэл ард түмэнд боловсрол олго” хэмээх дорнын гүн ухаантны үгийг байнга эш татдаг зөвлөх Анатолий Георгиевич Зуев багшийн дуу чихэнд сонсогдож, нүдэнд харагдах мэт болдог. “Найрамдал”-д ажиллаж, амарч байсан, одоо ажиллаж, амарч байгаа, цаашид ажиллаж, амрах бүх хүн маргаашийнхаа шинэ амьдралын, зөв зүйтэй бүхний эрэлчингүүд, хамгийн хүчтэй, зоригтой хүмүүс билээ” гэж дурсан бичжээ.

 

Уран зохиол, зохиолчдын тухай

 

“Хэлэх юмгүй хүн хамгийн их ярьдаг”. Оросын зохиолч, сэтгэгч Лев Толстойн хэлсэн үг. Өнөөдөр ч энэ үг үнэ цэнээ алдаагүй учраас Л.Толстойн агуу эшлэлүүд уншигчдын хувьд үргэлж шинэ, содон, сонин байсаар. Уран, зохиол, зохиолчдын тухай энэ бүлэгт Лев Толстойн агуу эшлэлүүдээс эхлээд 1978 онд Оросын зохиолч Александр Солженицын Харвардын их сургуулийн төгсөгчдөд хандаж “Хуваагдсан ертөнц” нэртэй үгээ хэлснээс хойш 40 жилийн дараа юу болж байгаа талаарх нийтлэл, Толстой-Тургенев-Достоевский нарын харилцааны өвөрмөц түүх, М.Шолоховын алдарт “Дөлгөөн Дон” романы гар бичмэл эхийг авч үлдэхэд В.Путин хэрхэн оролцсон, Израилийн хамгийн нэр цуутай, бас цуутай зохиолчдын нэг Амос Озын үзэл бодол сэтгэлгээний өвөрмөц ертөнц гээд сонирхолтой ярилцлага нийтлэлийн орчуулгууд энд багтжээ. Одоо зөвхөн монголчууд ч биш, хүн төрөлхтөн дэлхий даяараа цар тахлын үед амьдарч байгаа болохоор “Тахлын үед бичигдсэн хамгийн алдартай таван зохиол”-ын тухай дурдахгүй өнгөрөх аргагүй биз ээ.

 

Театр, кино, найруулагч нарын тухай

 

Эдгээр нь аль ч улсад, ямар ч цаг үед уншигчдын тухайд хамгийн эрэлттэй сэдэв байдаг, байсаар ирсэн. Тиймээс Д.Энхээ орчуулагчийн энэ хүрээнд сонгон авсан уран бүтээл, уран бүтээлчид ч бас эрэлттэй, сонирхолтой хүмүүс.

Оросын найруулагч Сергей Бодровыг “Монгол” гэдэг киногоор нь манай үзэгчид сайн мэддэг. Найруулагч энэ киноныхоо хоёрдугаар ангийг хийх гэж байгаа бөгөөд энэ кинонд Чингис хааны амьдралын төгсгөлийн он жилийн тухай өгүүлэх  аж. Энэ талаар найруулагч “Сүүлчийн хатан, эцсийн тулалдаан, удам залгаачийн тухай эцсийн шийдвэр. Энд экшен өрнөнө, товчхондоо зүйрлэвэл “Лир Ван”. Чингис хаан үхэл ирснийг ухаарч мэдэрнэ, юу хийх тухайгаа тунгааж бодно” хэмээн найруулагч ярьсан байх жишээтэй.

 

Соёл, танин мэдэхүй

 

Нобелийн хороо 2019 оны физикийн салбарын шагналыг хүн бүхэнд маш ойлгомжтой одон орны нээлт хийгээд нэгэн цагт “тэсэрсэн” Орчлон ертөнцөд далдлагдсан материйн хувь хэмжээ их болохыг харуулсан од эрхэс судлалын салбарын онолын бүтээлд хамтатган олгожээ. Энэ талаар “Тайлагдашгүй орчлонгийн ойлгомжтой гарих эрхсүүд” нийтлэлд өгүүлж байна.

Сергей Шойгуг бид гол төлөв хатуу ширүүн төрх байдлаар нь төсөөлөөд хэвшчихсэн. Батлан хамгаалахын сайд, дэлхийн хамгийн хүчтэй армийн нэгнийх нь командлагчийн үүрэг хариуцлага хүлээдэг болохоор тэгж төсөөлөх нь ч аргагүй биз... Гэхдээ тэр хариуцаж гүйцэтгэдэг өөр нэгэн чиг үүрэг нь 2010 оноос тэргүүлж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ажил. Харж дассан дадсан улстөрчийг өөр өнцгөөс дахин харах, унших нь уншигчдад бас сонин санагдах болов уу.

“Орос улсын анхаарал Дорно зүгт улам бүр төвлөрч байгаа бөгөөд Халимаг улс чухамдаа өрнө, дорнын ертөнцийг холбох чухал цэг болдог. Үүний хамт Хятад, Энэтхэг, Монголын болон Азийн бусад улс орны их дээд сургуулиудтай бат бэх холбоо харилцаатай болохоор дорнын чиглэл дэх стратегийн зорилтуудыг шийдвэрлэхэд Халимагийн Улсын их сургууль тун оновчтой таарч тохирч байгаа”. Орос улс дорно дахины судлалын шинэ төв болно гэснийг жинхэнэ дорнын орон болох Монгол Улс энэ талаар юу хийж байгаа, хаана яваа билээ гэдэг асуулт аяндаа гарч ирж байна.

Орчуулагч Норовын Пүрэвдагвын номын өмнөтгөлд бичсэнчлэн “Бүтээл сэтгэлээс төрдөг, боловсролд суурилдаг гэдгийг харуулж байгаа” бас “Танин мэдэхүйн их эрэлчин уншигчдын эрэлтийг энэ ном хугалахгүй” хэмээн тодотгосон бүтээлийн тухай товч өгүүлэхэд ийм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)