Л.Мөнхсайхан: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийн зөрчилтэй

0
хуваалцах
682
үзсэн

Т.БАТСАЙХАН

 

Хууль зүйн ухааны доктор, өмгөөлөгч Л.Мөнхсайхантай  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар ярилцлаа.

 

-Намрын чуулган зав­сар­лахын өмнө Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан.  Хуулийн гол өөрчлөлтүүд юу байв?

-Парламент Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр баталж, уг хууль нь 2020 оны арвандугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон.  

Монгол Улсын Үндсэн хуульд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн тунхагласан.   Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн дээрх заалтын эсрэг, ардчиллаас ухарсан заалтыг оруулан баталжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэжээ.  Энэ нь  шүүхийн бус байгууллагаас иргэнд “нэмэгдэл ял” оноосон шинжтэй заалт байна.

2021 онд болох сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

-Энэ заалт нь өөр ямар эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна вэ?

-Эрүүгийн хуулийн “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэнтэй зөрчилдөж, “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”,  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” байх гэсэн зарчмуудыг зөрчжээ.  Мөн  хуульд заасан хууль ёсны зарчмуудыг алдагдуулсанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Арван зургдугаар зүйлийн ес дэх хэсгийн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.”,Дөчин долдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, хоёр дахь хэсгийн “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар маргаан үүсгэж, дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-д заасан “...Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг хууль хэрэгжүүлэгч нарт, тодруулбал СЕХ-нд ч хамааралтай.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан.  Тэгэхээр суурь хуульд Ерөнхийлөгчийн статустай холбоотой зөрчил байна уу?

-Эрх баригчид 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 дугаар зүйлийн  хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн  30 зүйлийн хоёр дахь хэсгийн заалт иргэний эрх зүйн байдлыг дордуулж, тухайлбал,  Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтөөс өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, эсвэл одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа иргэнийг эрхэлж байсан ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан өнгө аястай болсон.

Үндсэн хуульд “Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно...” гэсэн. Үндсэн хуулийн дээрх заалт 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 

Учир нь,  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй үйлчлэх Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг журамласан. Тухайлбал, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө”, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн арван есдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийг 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж нарийн заасан байналээ.

-Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хугацаатай холбоотой маргааныг хэлэлцэнэ. Тодруулбал, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль явахгүй, одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дахин хоёр жил үргэлжилнэ гэх  маргаан бий?

-Үндсэн хуулийн цэцээс өөр хэн ч Үндсэн хуулийн үг, үсгийг тайлбарлах эрхгүй. Дээр дурьдсан хуулийн үйлчлэх хугацааны талаар нотолсон хууль зүйн үндэслэлээс гадна Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг өгүүлбэрийн утга, агуулгыг тодорхойлох тэмдэгт болох цэг, таслалын байрлалаар тухайлан авч үзвэл “Ерөнхийлөгчөөр сонгогдох” иргэнд дараах гурван нийтлэг шаардлага тавигдсан байна. Үүнд Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн,  сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх гурван шаардлага тавигдсан байна.  Ийм шаардлага хангасан иргэний зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгоно гэсэн байх бөгөөд өмнө нь манай Улсад Ерөнхийлөгчөөр зургаан жилээр сонгож байгаагүй учир энэ заалт үүнээс хойш бий болох харилцааг зохицуулсан шинжтэй заалт юм гэдэг нь давхар нотлогдож байна.  Тэгэхээр 2021 онд болох сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)