Судалгаа: AstraZeneca вакцин эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 94 хувиар буурууллаа

0
хуваалцах
282
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

ДЭМБ-аас яаралтайгаар ашиглах анхны зөвшөөрлийг авсан Pfizer/BioNTech компанийн хамтарсан COVID-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгийн үр дүн нэмэгдсэн гэсэн шинэ судалгааг  Английн нийгмийн эрүүл мэндийн төв (PHE) даваа гаригт танилцууллаа. Тус төв 65-аас доош насны эрүүл мэндийн ажилтнуудыг Pfizer вакцины эхний тунд хамруулахад халдвараас 72 хувь хамгаалж байсан бол хоёр дахь тун нь 85 хувь хамгаалж байгаа нь тогтоогджээ. Англид арванхоёрдугаард бүртгэгдсэн халдварын шинэ хувилбар B.1.1.7 вирусаас тус вакцин мөн хамгаалж байсныг онцолсон байна.

Ингэхдээ вакцинд хамрагдсан эмнэлгийн ажилтнуудаас хоёр долоо хоног тутамд PCR шинжилгээ авч, халдвараас хэдэн хувь хамгаалж байгааг тогтоожээ.Энэ талаар Английн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Судалгааны энэ үр дүн үнэхээр гайхалтай байна. Одоо Английн Засгийн газар эхний тунд илүү олон хүн ийг хамруулах шийдвэр гаргах итгэл дүүрэн боллоо” гэсэн юм.Үүнээс гадна Английн нийгмийн эрүүл мэндийн төв халдварын шинж тэмдэг илэрсэн 12 мянган хүнийг Pfizer вакцинд хамруулахад эхний тун нь 57 хувь, хоёр дахь тун нь халдварын эсрэг 88 хувийн үр дүн үзүүлжээ.

"Судалгааны  үр дүн ирээдүйг өөдрөгөөр харах  урам зориг, итгэлийг бэлэглэлээ"

Pfizer вакцины эхний тунг тарьснаас дөрвөн долоо хоногийн дараа эмнэлэгт хэвтэх эрсдэл 85 хувиар, AstraZeneca вакцинд хамрагдсан иргэдийн эмнэлэгт хэвтэх эрсдэл 94 хувиар буурчээ. Тэд  энэ судалгаандаа арванхоёрдугаар сарын 08-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд Pfizer болон AstraZeneca вакцинд хамрагдсан 1.1 сая хүнийг хамруулжээ. Энэ талаар Эдинбургийн их сургуулийн захирал, судалгааг ахалсан Азиз Шейх “Эдгээр үр дүн ирээдүйг өөдрөгөөр харах гайхалтай урам зориг, итгэлийг бэлэглэлээ. Аймшигт өвчнөөс хурдан салахын тулд эхний тунд дэлхий нийтээрээ аль болох хурдан хамрагдах хэрэгтэй. Бид судалгаагаа илүү өргөжүүлж, үндэсний хэмжээнд хийх болно” гэж ярилаа.

Харин Английн дархлаажуулалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч Арне Акбар “Одоо бид эхний тун вакцин халдвараас хэр удаан хугацаанд хамгаалж байгааг мэдэх хэрэгтэй” гэв. Англи эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамгийн эхэнд хамруулахад анхааран ажиллаж байна.

Эх сурвалж:CNN