Б.ОД

Монгол Улс Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150 мянган тунг өчигдөр хүлээн авсан. Ийн COVID-19 халдварын дархлаажуулалтыг өнөөдөр албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд вакцины анхны тунг тариуллаа.

Энэ үеэр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжлээ. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа. Хөл хорионы өдрүүдэд бид өвчний тархалтыг хумьж, дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа.  Дараагийн үр дүн нь эдийн засгаа сэргээх суурь нөхцөл бүрдлээ. Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна" гэсэн юм.

Эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан,  халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах юм.

 Эх сурвалж:www.polit.mn