Б.ДОЛЖИНЖАВ

Нийслэлд тогтоосон хөл хориог өнөөдөр цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Гэхдээ олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм.Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн PCR шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно. Харин орон нутгаас ирж байгаа иргэд асуумжаа бөглөөд нийслэл рүү нэвтэрнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn