Т.САЙХАН

ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр AstraZeneca компанийн хөгжүүлсэн вакциныг (БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute-д тус тус үйлдвэрлэж буй) онцгой байдлын үед хэрэглэх вакцины жагсаалтдаа бүртгэж авснаа албан ёсоор зарласан.

Европын эмийн агентлаг (EMA)-аас тус компанийн хөгжүүлж буй вакциныг түргэвчилсэн горимоор хэрэглээнд гаргах зөвлөмжийг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр олгосныг мөн өдөрт нь Европын комисс албажуулсан.

AstraZeneca нь эхний тунгийн хэмжээнээс хамааран 90 эсвэл 62 хувийн үр дүнтэй бөгөөд дунджаар 70 хувийн дархлаа тогтоож байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 42 орон уг вакциныг хэрэглэж эхлээд байна.  

ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаар зөвлөмж өгөх шинжээчдийн группээс 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр гаргасан зөвлөмжид AstraZeneca вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгож уртасгасан тохиолдолд үр дүн илүү өндөр болж байгааг тэмдэглэсэн байна. Одоогоор үйлдвэрлэгчийн зааварт эхний болон хоёр дахь тун хоорондын зай 4 долоо хоног хэвээр байгаа.

Тэрчлэн дээрх вакциныг мутацид орсон вирусийн эсрэг үйлчлэл муу гэх дүгнэлтийг дээрх групп “баталгаатай бус” гэж дүгнэсэн байна. Учир нь Өмнөд Африкт мутацид орсон вирусийн омог эргэлтэд орж, түгээмэл тохиолдож байгаа бөгөөд Өмнөд Африкт хийгдсэн ганц нэг судалгааны дүнд үндэслэж дэлхийн бусад улс орнуудад түгээмэл эргэлтэд байгаа вирусийн омгийн эсрэг тухайн вакциныг үйлчлэлгүй гэж дүгнэх хангалттай нотолгоо алга гэдгийг эшлэсэн байна.  

Урвал хүндрэлийн тухайд аливаа вакциныг хийлгэсэн булчингийн хэсэг газарт хавдах, өвдөх, улайх, хатуурах, халуун болох шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь голдуу 24-48 цагийн дараа аяндаа алга болдог.

AstraZeneca вакцины эмнэл зүйн 1 болон 2 дугаар шатны туршилтад хамрагдсан 18-55 насны хүмүүст дараах шинж тэмдгүүд илэрсэн байна. 

  • Чичрүүдэс хүрэх,
  • Бие сулрах,
  • Халуурах, толгой өвдөх,
  • Үе мөч өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдгүүдийн аль нэг илэрч байжээ.

Дээрх шинж тэмдгүүд нь вирусийн векторт, идэвхгүйжүүлсэн, тэрчлэн mRNA технологи бүхий бусад төрлийн вакцин хийлгэсэн хүмүүст мөн адил бүртгэгдэж байгаа бөгөөд харин вакцинтай холбоотой хүнд хэлбэрийн урвал хүндрэл бүртгэгдээгүй байна.

  • Энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Швед Улсын Сормлэнд болон Гавлборг гэсэн хоёр мужид AstraZeneca вакциныг хэрэглэхээ түр зогсоогоод байна. Тус вакциныг хийлгэсэн 400 хүний 100 нь буюу 25 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрчээ.
  • Франц Улсын Нормандын Сэйнт-Ло эмнэлгийн ажилтнуудыг AstraZeneca вакцинаар вакцинжуулсан бөгөөд тухайн хүмүүсийн 10-15 хувь нь халуурах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч, 12 цагийн дараа намжиж байгааг мэдээлсэн байна.

ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд AstraZeneca вакциныг хэрэглэхийг дэмжиж, тус вакциныг “аюулгүй, үр дүнтэй” вакцин хэмээн зарласан.

Европын эрүүл мэндийн агентлаг (EMA) нь AstraZeneca вакциныг бүх насныханд хэрэглэж болно гэж зөвшөөрсөн боловч Герман, Австри, Швед, Норвеги, Дани, Нидерланд, Испани, Польш Улс 65-аас доош насныханд тус вакциныг хийх шийдвэрийг гаргасан бол Итали, Бельги Улс 55-аас доош насныханд хийхээр болсон байна.

БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн AstraZeneca вакцин нь 50 гаруй оронд хэрэглэх зөвшөөрлөө аваад байгаа бөгөөд ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг мэдээлэв. БНСУ нь ирэх 7 хоногоос вакцинжуулалтаа эхлэх бөгөөд 65 буюу түүнээс дээш насны иргэдэд тус вакциныг хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn