XX зууны нэрд гарсан төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч Сономын Удвал 1921 оны хоёрдугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд түүний шавь, зохиолч, сэтгүүлч Сүрэнгийн Оюунчимэгийн дурсамжийг хүргэж байна.

1990 оноос өмнөх үеийн хүмүүс бүгд Удвал дарга гэж ихэд хүндэтгэнэ. Монгол даяараа танихгүй ч хүнгүй. Багшийг өнгөрснөөс хойш нэг удаа телевиз харж суутал “Сүхбаатарын талбай дээрээс сурвалжлага хийж байна. Хэдэн хүн хариулж байхыг сонсов. Монголын эмэгтэйчүүдийн тэргүүн нь хэн билээ гэхэд нь гайхаснаа: Удвал гээд 2-3 хөгшин ихэд яаран хариулав. Энэ байгууллагыг Удвал дарга удирдахаа больсноос хойш бараг 30 жил болж байхад тэр сайн удирдагчийн  нэр сэтгэл зүрхэнд нь явсаар байдаг ажээ” гэж бахархаж суулаа.  Тэнгэрийн хаяанд тэмээгээ хариулж яваа хэн нэгнээс  асуусан ч өнөө хэр мартаагүй яваа нэрт удирдагч бол зовлонг тэвчээрээр барж, ухаанаар босгосон Удвалыгаа монгол түмэн минь олон жилээр хайрлах тэнгэрийн зарлигаа мэт ээ. Тэнгэрт яваа хүмүүс сонсдог болов уу. Тэр их уудам цээлд нь хүн чанарын ном  уншиж суугаадаа та минь тэр нь бидэнд адис болж ирдэг байхаа гэж буурал ижийгээ дурсан санадаг шигээ, Удвал багшийгаа бодож явна даа.

Хүмүүсийн тухай их сайхан дурсамж хүүрнэдэг байлаа. Дурдатгалын номын бүлгүүдээ бараг гаргачихсан байсан юм. Янжмаа гуайтай гээд л эхэлнэ. Самбуу даргатай гээд удаална. Тэгснээ саяхан Москва ороод ЗХУ-ын тэргүүн хатагтай Раиса Горбочавтай уулзлаа. Тэр  намайг яаж таних вэ дээ. Наад Эмэгтэйчүүдийн холбооны найз хүүхнүүд л хэлээ л дээ гээд инээмсэглэж суусан сан. Москва сайхан байна. Цэцгэн дунд гээд Өнөбаатарынхаар очсноо, бэр Алтанцэцэгийнхээ бэлгэнд өгсөн саарал даавууг гаргаж үзүүлээд юу хийвэл зүгээр юм бэ дээ гэж хоёулаа уртаашаа хэд юм бол гэсэн шиг бэлгийн морины шүдийг ёстой үзэж суулаа. 

Багшийнх хуучин Гэмтлийн эмнэлгийн арын цэнхэр байрны хоёр давхарт Галсан гуай, Дашбалбар нарыг ирснийг яриад л нэг нэг шаазан аяга, дүүрэн чихэртэй өглөө тэр хоёрт гээд ярьж суусан нь саяхан мэт. 

Олон жил удирдах ажил хийсэн, хот, хөдөөгүй бүх аймаг, сумаар явчихсан, нутаг нутгийн мэдээлэл сайтай байсан болохоор хаана хэнтэй юу ярихыг их зөвлөнө. Би ч “Хөдөлмөр” сонинд очоогүй цаг тул багш маань хөдөө томилолтоор явах бүрийд тэр нутгийн тухай хуучин домог, олны мэддэг зүйлийг сайн унш гэдэг хүн байлаа.

Хамгийн сүүлийн улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нь  1990 онд БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай” БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн  24 дүгээр тогтоолоор байгуулагдсан  Комиссын бүрэлдэхүүнд  П.Очирбат, Б.Чимид, Д.Бямбасүрэн нарын зэрэгцээ БНМАУ-ын Төрийн шагналт, зохиолч С.Удвал нарын олондоо танигдсан хүмүүс орсон байна. Энэ тогтоолын хоёрдугаар заалт нь:  “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийн тухай “ БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлт”-ийг /1990 оны / энэ оны дөрөвдүгээр сард, БНМАУ-ын Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 1990 онд багтаан ард нийтээр хэлэлцүүлж БНМАУ-ын АИХ-д оруулахыг комисст даалгасугай” гэжээ.  Түүнчлэн  энэ  БНМАУ-ын АИХТ-ийн тогтоолд П.Очирбат, Ч.Дашдэмбэрэл, Ц.Амгалан, Б.Лигдэн, Б.Лувсанцэрэн, Ц.Нарангэрэл, Д.Цэдэв, Б.Чимэд нар гарын үсэг зурж, баталгаажуулан тамга даржээ. Өнгөрсөн онд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт орсон.  Үндсэн хуулийн судалгаа ийм олон жил явагдсан байна. Цаашдаа ч энэ судалгаа хийгдсээр байх нь дамжиггүй ээ.

Улсын Их Хурлын болон Ардын их хурлын сонгуулиар депутат, 1960 оноос 1982 онд Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан төрийн ажлын мэдлэг, дадлага, туршлагатай хүн явлаа.  Тэгээд багш маань Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан гуайн АИХ-ын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдоход би түүнд хоёр зүйл л захисан гэсэн нь одоо хууч болжээ. Амгалан гуайд та юу захив гэтэл:

АИХ-ын Тэр-гүүлэгчдийн хурлаар энэ Монгол орны бүхий л тулгамдсан, асуудал орж ирдэг юм шүү. Хүүхэд нь хулгай зэлгийд ороод өршөөл эрсэн эхийн захиа ч ирнэ. Монголчууд цөөхүүлээ хүний амь элтлэх талд нь гараа өргөж байгаарай. Хүүхнүүдэд тэр бүр ажил олдохгүй байна. Авдаг цалин ч бага юм. Эмэгтэйчүүдийн аливаа асуудал, цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, ажлын байр, шагнал урамшууллын асуудалд үргэлж дэмжиж гараа өргөж байгаарай гэж хэлсэн гээд ихэд сэтгэл өрнүүн ярьж суулаа.  Тийм ээ, Удвал дарга зах зээлийн ниймгийн чимээнээр энэ хэдэн хүүхнээ амьжиргаатай үлдээх юм сан гэж үргэлж санаа болж байсныг уулзаж байсан хүн бүр мэднэ. Тэр бидний ижий сэтгэлтэн, төрд эхчүүд, эмэгтэйчүүдийн дууг хүргэж чаддаг байсан учраас хүн бүр хайртай байлаа.

Тэгээд оёдолчин Ц.Амгалангийн тухай  хөдөлмөрийн бүтээмжийн нэг минутын үнэ цэнийг судлан баримтат кино бүтээхийг МЭХ-ын дарга байхдаа уран бүтээлчдэд санаа сэдэл өгч өнөө ч тэр нийгмийн идэвхтэй гишүүн ажилчин хүний дууриал хэвээр байсаар байна. 

Олон сайхан үйлийн үлгэр жишээ нь явлаа.  Тухайн үеийн эрх баригч намын Бүгд хуралд суучихаад “Урд, хойд хөршдөө уусгачихгүй л хүнийг төрийн тэргүүн болгомоор байна” гэж үг хэллээ гэсээр инээд нисгэн манайд өрөөнд орж ирэхэд нь Хурметбек багш зулай дээр нь үнэрлээд ”Халхын сайхан хүүхнийг Казахын сайхан хархүү үнэрлэлээ” гэж хэлээд тэр настнууд ихэд сэтгэл өер хуучилцгааж суусан сан. У багш маань Намын дээд сургууль сурч байсан тул Хурметбек захирлыг ихэд хүндэтгэдэг байлаа. 

Нэгэн сайхан өглөөний үүрээр 05:30 цагт Намын төв хороо, Засгийн газрын хуралдаанд оруулан Москвагийн Дорно дахины дээд сургуульд сургахаар шийд гарчээ. Улаанбаатараас НТХ-ны хашаанаас модон хайрцаг, шуудайтай пүүгээ чирч ачааны машинд суун Эрхүү орох замд гарчээ. Харин Москва хотод фашист Германы цэргүүд дөхөж ирсэн учраас Дорно дахины дээд сургууль нь Узбекстаны өмнөд хязгаарт орших Фергана хэмээх халуун бүсийн  жижигхэн хотод нүүсэн чимээ олоод Эрхүүгээс Узбекстан руу галт тэргээр явж тэнд сурч, 1944 онд нутагтаа буцаж ирсэн байна. 1946 онд уугуул НДС төгссөн.  Энэ цагаас хойш нийгмийн идэвхтэй амьдрал нь эхэлснийг олноороо мэднэ. Тэр шантрашгүй, мэрийлттэй,цуцалтгүй хөдөлмөрлөдөг бусдыг дагуулан хошуулагч байсан.

1981 оны тавдугаар сарын 26-ны өглөө эрх баригч МАХН-ын XVIII их хурал нээгдэв. Энэ бол өдгөөгөөс 40 жилийн өмнө болжээ.

Тэрээр Их хурлын индэр дээрээс “Сайн хүн болгож, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлж чадвал нэг эхийн 10 хүүхдээс Сансарын нисгэгч ч гардаг юм байна гэж монгол эхээр бахархах сэтгэл оргилон байна гэснийг сонссон хурлын танхимд алга нижигнэн ташиж байлаа. Мөн цааш нь хүүхдийн цэцэрлэгийн ажилчдыг 5-6 цагаар хоёр ээлжээр ажиллуулах, 100 тонн цөцгий тушаасан нэгдлийг шалгаруулах зэргээр улс ардын аж ахуйн салбарт эмэгтэйчүүдийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар олон санал гаргасан байна.

Эрхлэн хариуцаж байсан ажлынхаа тухайд буюу... “  утга зохиол манай хүмүүсийн оюун санааны амьдралын чухал хэрэгцээ боллоо гээд ... Дундаж бүтээл гаргах, эх хэлээ хиртээх явдлаас аль болохоор зайлсхийж зан суртахууны өндөр чанарыг илтгэн харуулж... нийгмийн өмнө хүлээсэн  зарчимч өндөр хариуцлагаа эрхэмлэх нь бидний нэн чухал зорилго мөн” гэжээ. /МАХН-ын XVIII их хурал, 1981 он, 376-381 дүгээр хуудас/. Ийм л нэгэн хэтийг хардаг удирдагч байлаа. Өнөө ч хэлж байсан үг, санаж, сэдэж явсаныг нь хийхэд оройтоогүй санагдах.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.22 ДАВАА № 34 (6511)