Б.ОД

Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлын үеэр Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав.

 

Улсын Их хурал Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 оны долдугаар сарын 05-нд баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг энэ хуулиар зохицуулж ирсэн юм. Энэ тухай ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон. Мөн нийслэл хотын эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүйгээр явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдвэрлэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг олон асуудал бий. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна” гэсэн юм.

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн бүтэц, зүйл заалтын 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгааг харгалзан Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах юм байна.Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод цаашид хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигагүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө ажиллана” гэв.

 

Эх сурвалж:www.polit.mn