Цасан шуурганы улмаас АНУ-д 38 иргэн нас барж, ус хомсдов

0
хуваалцах
228
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Их гүрэн хэмээх тодотголтой, боломж гэсэн ганцхан үгээр өөрсдийгөө тодорхойлдог Америкийн нэгдсэн улсыг олон хэцүү бэрхшээл “бүрхлээ”.  Цар тахлаар 28 сая Америк хүн халдварлаж, хагас сая гаруй хүн амиа алдав. Эмнэлгүүд нь ч ачааллаа дийлэхээ больж их гүрэн тахлын өмнө өвдөг сөхөрсөн юм. Энэ гашуун зовлонгоос салж амжаагүй байтал тэд дараагийнхаа бэрхшээлтэй нүүр туллаа.

Техас мужаас эхэлсэн хүчтэй цасан шуурга, хүний амь насанд аюул учруулсан эрс хүйтрэлт зүүн зүгийн бусад хотууд руу “нүүдэл” хийж болзошгүйг Цаг уурын байгууллага нь анхаарууллаа. Энэ сэрэмжлүүлэг 78 сая Америк хүнд хамааралтайгаас 27 сая хүн цочир хүйтрэлтэй “тулалдах” бэлтгэлдээ орсон юм. Учир нь өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цасан шуурганы улмаас үндэсний хэмжээнд 38 хүн нас барлаа. Үүнээс гадна найман хүнийг цасан шуурганы улмаас нас барсан эсэхийг шинжилж байгаа талаар эрх баригчид мэдээлэв.Мөн  2500 гаруй хүн  цочир хүйтэн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Цас их хэмжээгээр орсон тул машинаар явах боломжгүй болж, цар тахлын эсрэг вакцины түгээлт хойшилж, вакцины төвүүд ажиллахгүй болжээ.

Тухайлбал, Техас мужид хүйтний эрч улам чангарч, ням гаригаас эхлэн 4.5 сая байгууллагын цахилгаан тасарсан бол пүрэв гаригийн байдлаар 300 мянган айл өрх болон аж ахуй нэгж тоггүй хэвээр байв. Тиймээс зарим айл зуух ашиглаж, зарим нь машиндаа, зарим нь тогтой дулааны төв болон байгууллагуудад хорогдож байна. Мөн цаг агаар эрс муудсанаас Орегон, Миссиссипи, Иллинойс, Огайо, Хойд Каролина,  Виржина мужийн 480 мянган өрхийн тог тасарсан гэж PowerOutage.us мэдээлжээ. Техас мужийн захирагч Грег Эбботт цахилгааны станцууд яагаад  тог дамжуулахаа больсныг судлахаа мэдэгдэв. Техас нь бусад мужаас тусгаарлагдсан учир эрчим хүчээ өөр мужаас импортлох боломжгүй юм.

Дэлгүүрийн лангуунууд хоосорч, ус хомсдов

Техас мужид лхагва гаригт зарим газрын тог буцаж ирсэн ч дэлгүүрийн лангуу хоосорч, иргэд хэрэгцээт зүйлээ авч чадахгүйд хүрчээ. “Цас орох тухай мэдээлсэн ч ийм гамшгийн хэмжээнд хүрэх талаар төсөөлөөгүй. Бид үнэхээр хүнд сорилтой тулгарлаа. Дэлгүүрээс хоол авах гэж 6-8 цаг хайсан. Нэг дэлгүүр олоод цаг дугаарлаж ортол савтай ус дууссан байсан” хэмээн Техас мужийн иргэн ярив. Ус дамжуулах хоолой эвдэрч, зарим нь хөлдөсний улмаас 13 сая хүн буцалсан ус хэрэглэх боломжгүйд хүрэв. Мөн өчигдөр томоохон орон сууцанд гал гарсан ч усны асуудалтай нүүр тулжээ. Энэ тухай Гал унтраах төвийн дарга Жеери Биалик “Галыг унтраах гэж багахан ус хийсний дараа нөөц дууссан нь үнэхээр том асуудал үүсгэсэн” гэв. Иймээс газрын тосны олборлолтын компани зарим нэг эмнэлэг, асрамжийн газруудад ус хүргэжээ.

Цахилгаан тасарснаас иргэд олон төрлийн халаагч хэрэглэх болсон нь нүүрстөтөгчийн дутуу ислийн хордлогод өртөх эрсдэлийг эрс нэмэгдүүлжээ.  “Хюьстон хотын эрүүл мэндийн төвд даваа гаригаас хойш нүүрстөтөгчийн дутуу ислийн хордлоготой 100 гаруй хүн ирсэн” гэж төлөөлөгч Жэйд Вадди өчигдөр мэдэгдэв. Мөн Орегон мужийн ихэнх нутгаар өчигдөр их хэмжээний цас орж дөрвөн том хүн нүүрстөрөгчийн дутуу исэлд хордож нас баржээ. Нэг нь шахмал түлш түлсэн бол нөгөө гурав нь машиндаа хоргодож байсан аж. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь нүүрс эсвэл байгалийн хий гэсэн чулуужсан түлш шатаахад гардаг үнэргүй хий юм.  Техас мужийн иргэн Силвиа “Гэр бүлээрээ зочид буудалд байрлаж байна. Дулаахан хоргодох газар олох эсвэл тоггүй, хүйтэн гэртээ суух гэсэн хоёр сонголт бидэнд үлдсэн” гэж ярилаа.

Хөрөнгийн хэмжээ, амьдарч буй хаус, унаж буй машин, эдэлж буй хувцасныхаа үнэ цэнээр хүмүүс бид ялгаатай. Гэвч байгалийн гамшиг, өвчин, тахалд энэ бүхэн үл хамаатай. Өчнөөн  тэрбумын хөрөнгөтэй, хэдэн арван давхар орон сууц эзэмшдэг байлаа гээд хорвоогийн жам болсон үхлээс бид зугтааж  чадахгүй гэдгийг, амь нас, эрүүл мэндийг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдгийг ухааруулсанд нь цар тахалд талархах ёстой болов уу.

Эх сурвалж:CNN