Б.ОД

 

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 -COVID-19 халдвартай таван иргэн нас барлаа. Эдгээр иргэд хууч өвчтэй байсан уу?

- Манай улсад COVID-19 халдвар бүртгэгдсэнээс хойш таван хүн нас барсан. Үүний хоёр нь халдвар илрээд эмчилгээ хийлгэж, эдгэрсний дараа архаг хууч өвчнөөр нас барсан. Харин гурван хүн нь халдвар илрээд эмчилгээ хийлгэх явцад нас барсан. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс байсан.

 

- Халдвартай нь батлагдсан нэг иргэнийг тусгаарлаагүй найм хоносон гэх мэдээлэл байна. Энэ тухайд тайлбар өгнө үү?

-Манай шуурхай хариу арга хэмжээний олон баг ажилладаг. Энэ хүний гэр бүлийн хүнээс эхлээд халдвар илэрсэн. Тухайн үед тэр хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Ингээд гэр бүлийг нь тусгаарлахад 11 сартай, дөрвөн настай хоёр хүүхэдтэй гэр бүл байсан учраас "Хүүхдүүдийг минь тусгаарлан ажиглах байранд аваачихгүй байна уу" гэсэн өргөдөл өгсөн. Тиймээс гэрт нь ажиглаад дахин шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд тусгаарлах болоход "Хүүхдүүдээ халдвартай газарт авч очихгүй" гэсэн. Үүнээс зургаан хоногийн дараа дахин шинжилгээ авахад хүүхдүүд халдварт өртөөгүй, өөрийнх нь шинжилгээ дахин эерэг гарсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн. Хэвтэхдээ бас өргөдөл өгсөн бөгөөд гэртээ эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Янз бүрийн нөхцөл байгаа учраас хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг гэрт нь эмчлэх журмыг боловсруулж байна. 

 

- "Монгол шир" компани дээр халдвар батлагдсанаас хойш хоёр хоногийн дараа тусгаарлалт хийсэн. Энэ хугацаанд халдвартай хүн ажлаа хийгээд яваад байсан нь халдвар өргөн хүрээнд тархах үндэс болсон уу?

- Батлагдсан тохиолдол гарсан даруйд бид тусгаарладаг. Тухайн үед хүний бичиг баримт үзүүлээд зугтаах, хаягаа буруу хэлэх гэсэн асуудал гарсан. Цагдаа, тагнуултайгаа нийлж 2-3 хүнийг олж авсан. Ийм асуудлууд гарч байгааг зохицуулаад ажиллаж байна. 

 

Эх сурвалж:www.polit.mn