-Японы уран гулгагч Кавагути яаж Санкт-Петербургийн хүн болсон бэ-

З.БАТЦЭЦЭГ

Уран гулгагч болох мөрөөдлийхөө төлөө Юко төрөлх Япон улсын иргэншилээсээ татгалзсан. Гэхдээ Оросын бодит амьдралтай дасан зохицоход их хугацаа зарцуулжээ.

Спортын амжилтын төлөө Оросын уран гулгагчид иргэншлээ солих нь цөөнгүй. Харин эсрэгээрээ тохиолдол ховор. Юка Кавагути Оросын бодит амьдралд хэцүүхэн дассан ч, 15 жилийн дотор маш сайн дасан зохицож, Орос ёгт хошигнолыг хүртэл ойлгодог болжээ.

Жижигхэн биетэй ч, хүчирхэг зантай энэ бүсгүй, яагаад иргэншлээсээ татгалзан, өөрийн амьдралаа Орос оронтой үүрд холбов оо?

Орос хосоор бахархсан нь

Бүх уран гулгачдын адил тэрээр ганцаараа, бие дааж гулгаж эхэлсэн. Тэрээр хүүхэд байхаасаа азаа үзэх дуртай, бүр дөрөвт эргэх гэж бэлтгэл хийж байсан. Олигтой амжилтад хүрээгүй тэрээр Нагонод болсон Олимпийн үеээр Оросын хос гулгагч Бережная, Сихарулидзэ нарыгг хараад хосоор гулгахаар шийдсэн байна.

Гэвч Японд хос гулгалт сайн хөгжөөгүй. Ард түмний сэтгэлгээнээс гадна япон эрчүүд тийм биерхүү биш. Тиймээс Юкод хоёр сонголт байсан. Японы нэрний өмнөөс гулгах гадаад тамирчин олох. Эсвэл өөрөө өөр орны далбаан дор гулгах. Шийдвэр гаргахын тулд тэрээр өөрт нь таалагдсан Бережная, Сихарулидзэ нарын дасгалжуулагч Тамара Москвинад факс явуулжээ. Тамара Николаевна түүнийг Америкт урин хэд хэдэн хичээл заасан байна.

Орос орны төлөө Кавагути Япон пасспортаас татгалзав

Удалгүй тэрээр бүр мөсөн Америкт шилжин очиж, Япон улсыг төлөөлөн Александр Маркунцовтой гулгах боллоо. Тэд өсвөр үеийхний дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн нь Япон улсын хувьд хос гулгалтаар олон улсаас авсан анхны медаль байлаа. Гэвч хүнд суртлын нарийн төвөгтэй байдлаас болж тэд хамт гулгахаа больсон юм. Хэсэг хугацааны дараа тэрээр Америкийн далбаан дор Жошуа Мартинтай, дараа нь Дэвин Патриктай гулгасан ч, тодорхой амжилтад хүрсэнгүй.

Тэр үед Тамара Москвина нөхөртэйгөө, Санкт-Петербургт буцаж ирэхэд, тэрээр дагаад ирлээ. 2006 оны хавар түүнд ирээдүйтэй Орос гулгагч Александр Смирнов танилцууллаа. Өндөр, биерхүү Александрын хажууд, жижигхэн Кавагути. Тэр хоёр хамтдаа сайхан зохицож харагдаж байсан ч, нэг асуудал байсан нь Японы иргэншил байв. Юкод хүнд сонголт байсан ч, уран гулгалтанд хайртай зан нь давамгайлав. Тэрээр Японы паспортоос татгалзан, Оросын иргэн боллоо. “Шилдэг тамирчдын төлөө улс орнууд асар их мөнгө төлдөг бол оросууд Кавагутийг худалдаж аваагүй. Энэ түүний өөрийх нь шийдвэр байсан. Тууштай зан, асар их хөдөлмөр түүнийг дээд зэрэглэлийн тамирчин болгосон” гэж дасгалжуулагч Тамара Москвина үздэг.

Эрсдэл, хүсэл тэмүүлэл, цуварсан олон гэмтэл

Хамтдаа Смирновтой хэдэн сар бэлтгэл хийсний дараа Гран-прид шагналын тавцан дээр зогсов. Тэгэхэд л мэргэжилтнүүд тэднийг ирээдүйтэй гэж дүгнэсэн юм. Маш богинхон хугацаанд Москвинагийн шавь нар улсын чухал хос гулгагч болон хувирав. Арван улирлын туршид тэд Оросын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа ялж, Европын аварга шалгаруулах тэмцээнд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, дэлхийн аваргад хоёр удаа 3 дугаар байрт оржээ.

Ялалт медалаас гадна тэр хоёрын карьер галзуу хулгана шиг л байлаа. Амжилттай зэрэгцэн гэмтэл, санаандгүй алдаанууд байсаар...Мөрний гэмтлээсээ болж Юко гулгаж байхдаа, тэмцээн дундуур, хүнд анзаарагдахгүйгээр мултарсан мөрөө буцааж хэвэнд нь оруулж байлаа. Гэмтэл, хагалгаанаас болж завсарлага их авдаг байв. Энэ хугацаанд хүчтэй өрсөлдөгч нар гарч ирэн, ялалт байгуулахад саад болж байлаа. Александрын гэмтлээс болж удаан хүсэн хүлээсэн Сочигийн Олимпод оролцож чадсангүй. Юкогийн хувьд энэ хүнд цохилт болсон учраас Олимпийн тоглолтын үеэр ээжтэйгээ Финланд явжээ.

Хэд хэдэн удаа энэ авъяастай, сайхан хосууд бүгдийг эхнээс нь эхэлж байсан юм. Тууштай, дайчин зантай тэд дахин оргилд хүрч, эрсдэлийг даван туулах хүслээрээ дахин давтагдашгүй хосууд болж чадсан. Тэр хоёр тогтмол хэцүү элемент болох дөрөвт шидэлтийг хийдэг, мөн энэ элементийг программд 2 удаа хэрэглэсэн анхны тамирчид болж, түүхэнд үлдсэн юм.

Кавагути, хамтран гулгагчдаа дурласан байсан уу?

Юко мөсөн дээр романтик дүрийг маш үнэмшилтэй хийж байсан нь хүн бүр түүнийг хамтран гулгагчдаа дурласан гэдэгт итгэлтэй байсан юм. 2010 онд Смирновыг хуримаа хийхэд энэ хос дахин хамт гулгахгүй гэсэн цуу гарч байсан. Юко өөрөө тайлбарлахдаа “бид хамтран ажиллагсад” гэдэг. Түүгээр ч зогсохгүй тэр хоёрын харьцаа удаан хугацаанд хүйтэн, хөндий байжээ.

“Түүнийг хамтран гулгагч гэж хардаг. Би уран гулгалттай ойрхон, Япон хүнд хайртай байсан. Гэхдээ одоо бидний харьцаа тасарсан” гэж Юко Метро-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний хэлснээр эхний долоон жил Смирною тэр 2 зөвхөн хамтран гулгагч байсан, сэтгэлээсээ юм ярьж үзээгүй гэнэ. Александр нэг ч Япон үг сураагүй байна. Энэ түүнд таалагдаагүй учраас, тэрээр түүнтэй жаахан дотно болох арга боджээ. “Сашатай дотносох гэвэл хамт уух хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Энэ бол Оросод найз болох хамгийн энгийн арга. Сочигийн дараа аялан тоглолтын үеэр бид 2 нэг купенд 12 цаг явах боллоо. Өөр юу хийхэв. Жаахан юм уугаад, ярилцлаа. Бие биенийхээ талаар их олон сонирхолтой зүйл олж мэдсэн. Энэ бүх хугацаанд Саша намайг өөрт нь дургүй юм байна гэж боддог байсан нь их том нээлт болсон. Үүнээс хойш бие биеэ ойлгож, илүү итгэдэг болсон нь гулгалтанд шууд нөлөөлсөн” гэж тэрээр Спорт24-д ярилцлага өгчээ.

Одоо Юко юу хийж байгаа вэ?

2017 онд тэд карьераа дуусгасан юм. Александр дасгалжуулагч болсон бөгөөд бүх чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж байгаа. Юко гулгах хүсэлтэй байсан ч, Смирновыг ятгаж дийлээгүй юм. Тэд хамтдаа бэлтгэл хийж байгаа ч, одоо бол зөвхөн мөсөн шоунд зориулан гулгаж байгаа.

Оросод ажиллаж байх хугацаандаа Санкт-Петербургт бүр дассан учраас тэрээр тэндээ амьдрахаар үлджээ. Одоо тэрээр хүүхдүүд дасгалжуулдаг, техникийн мэргэжилтнээр ажилладаг, Москвинад үе үе тусалдаг байна. Юко хэлэхдээ, өөр соёлд дасах нь амаргүй байсан. Гэхдээ 15 жилийн дотор Орос хэл сайн суран, хоёр дээд боловсрол эзэмшин, Орос хошигнолыг хүртэл ойлгодог болжээ. Кавагути Санкт-Петербургт өөрийн хүн болж чадсан ч, Оросын бодит амьдралд тэрээр удаан дасжээ.

“Манай ээж над дээр зочилж ирэхдээ, хамгийн их асуудаг асуулт нь яагаад гэдгийг ойлгохгүй байна? Гэдэг юм. Би “Ойлгох гээд хэрэггүй ээ. Энэ бол Орос орон гэж хариулдаг” гэж тэрээр ярилаа.

Эх сурвалж: www.championat.com