Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1855 оны энэ Синоптикийн зураг нь нэгэн зэрэг тоймлогдсон цаг уурын олон станцын мэдээг тусгай тэмдгээр тэмдэглэсэн газар зүйн зураг юм. Ийм зураг тухайн цагийн цаг уурын байдлын талаарх нийтлэг зураглалыг өгдөг.Зургийг бүтээхэд агаарын урсгал, циклоны үүсэл, фронтуудын хөдөлгөөнийг тооцон гаргадаг. Цаг, уурын зургийн төрсөн өдрийг 1855 оны хоёрдугаар сарын 19 гэдэг. Парисийн одон орон судлалын төвийн захирал, Нарны аймгийн найм дахь гаригийг 1848 онд нээсэн, одон орон судлалын онолч Урбен Леверье 1811-1877 Европын тэр өдрийн цаг  уурын 9-10 цагийн шуурхай зургийг Парисийн шинжлэх ухааны академид танилцуулжээ. Телеграфаар Европын хотуудаас ирсэн мэдээнд үндэслэн уг зургийг бүтээсэн байжээ.Анхны зурагт ижил даралтын шугам зурагдсан байсан бөгөөд тэр нь битүү хэлбэртэй байлаа.Тэр хэлбэрт цаг уурын өөрчлөлт гаргадаг өндөр ба нам даралтын салбарууд хамрагдсан байв.Орчин үеийн зураг нь анхдагчаас арай их мэдээлэлтэй боловч үнэн чанар нь хэвээр үлдсэн байгаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1594.02.19. Польш-Литвийн холбооны улын парламент хаан ширээнд III Сигисмундыг залах шийдвэр гаргажээ.

1649.02.19. Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.

1674.02.19. Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америк дахь Нью Амстердам хот Нью-Йорк болж нэрээ сольсон байна.

1807.02.19. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аарон Бөрр улсаасаа урвасан хэргээр баривчлагдав.

1819.02.19. Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.

1846.02.19. Өөрсдийгөө улс гэж зарласан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж Техас муж улс болов.

1878.02.19. Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авчээ.

1913.02.19. Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан ерөнхийлөгч болжээ.

1915.02.19. Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.

Эх сурвалж www.zms.mn