“Толькогийн зургийг хэн ч харсан таньдаг байгаасай”

0
хуваалцах
225
үзсэн

Б.НАМУУНТАМИР

 

Фэйсбүүк, инстаграмм дээр олон мянган дагагчтай, Монголд “nude art”-г хөгжүүлж буй залуу зурагчин  Ч.Мөнх-Эрдэнэ буюу Тольког “Залуус” буландаа урьж, ярилцлаа.

 

-Та зоригтой алхам хийж, эмэгтэй хүний нүцгэн  гоо сайхныг гэрэл зургаар илэрхийлж байгаа. Хэзээнээс nude зураг авах болов?

- Nude naked чиглэлээр зураг дараад гурван жил болж байна. Гэхдээ анхны зургаа 2016 онд дарж байсан. Эхэндээ модельтойгоо харилцахаас эхлээд мэдээж хэцүү байсан. Энэ чиглэлээр зураг дарж чадах болов уу хэмээн хэсэг хугацаанд бодосны эцэст 2018 оноос тууштай байя гэж зориглосон. Маш эмзэг, хэцүү урсгал. Эмэгтэй хүний гоо сайхныг өөрийн мэдрэмж, өнцгөөр дамжуулан хүмүүст гоо зүйн мэдрэмж өгдөг нь таалагдсан. Тиймээс энэ урсгалаар дагнаж зураг авахаар шийдсэн.

- Нүцгэн зураг нь хүний хамгийн үнэ цэнэтэй, гэрэл зургийн амаргүй төрөл байх?

-Мэдээж амаргүй төрөл. Хүн болгон өөр өөрийн өнцгөөр хардаг. Зарим нь гоо зүйн талаас харна. Зарим нь буруугаар ойлгох ч явдал бий. Энэ нь хүмүүс Nude art naked-тай сайн танилцаж амжаагүй байгаагаас болж байгаа юм. Үүнийг бусдад таниулахын төлөө надтай адил урсгалыг сонирхдог чөлөөт уран бүтээлчид өөрийн гэсэн өнгө төрх мэдрэмж мэдлэг дээрээ тулгуурлан бүтээл гаргасаар байгаа нь саашайлтай.

-Хүмүүс нэг үеэ бодвол харьцангуй ойлгодог болсон. Цаашдийн хөгжлийг юу гэж харж байна? Гадны орнуудад энэ төрлийн урлагийн хөгжлийн чиг хандлага ямар байдаг вэ?

- Нөхцөл байдал харьцангуй дээрдсэн. Дэмжих хүн ч олон болж байна. Nude зураг хүний харах, ойлгох өнцөгийн урлаг болохоор ойлгохгүй хүмүүс ч байна. Зураг дарах тусам суралцаж, сайжрах болохоор шантарч болохгүй. Намайг дэмждэг бүх хүнд илүү сайхан бүтээл харуулахыг хичээж, зураг дардаг. Энэ төрлийн зурагчид ч олон гарч ирж байна. Моделиуд ч зориг гаргаж, зурганд орох болсон учраас хөгжиж байна гэж ойлгодог. Мэдээж, зурагчдын ур чадвар сайн байх ёстой. Бага зэрэг цаг хугацаа шаардах байх. Гадныхны бол харьцангуй чөлөөтэй хүмүүс. Энэ нь ч маш их түлхэц болж бүх талаараа маш сайн хөгжиж байгаа.

-Буруу ойлгох гээд байдаг хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Буруугаар ойлгож байгаа хүмүүсийн хувьд дээр дурдсанчлан энэ төрлийн урлагтай сайн танилцаж амжаагүй байгаагийнх юм. Гэхдээ заримдаа эдгээр хүмүүс маш сайн шүүмжлэгчид болдог ч үе бий. Зарим нь доромжлох ч үе байдаг. Энэ нь надад алдаагаа засах, цаашид улам илүү хичээх ёстой юм байна гэдгийг ойлгуулдаг.

 -Гэрэл зурагчны хувьд моделио тухтай байлгаж, сэтгэл санааг нь дэмжиж, удирддаг байх. Орчноо бүрдүүлэхэд бас чамгүй мөнгө гардаг юм шиг ээ?

- Анх зурганд орж байгаа моделиуд сандардаг. Зурагчин болгон өөр өөрийн аргатай байх. Би хувьдаа моделиудтай маш чөлөөтэй ярилцаж, ойлголцохыг хичээдэг. Ингэснээр сайн, чанартай бүтээл гарна. Төсөөлсөн зургандаа зохицох модель сонгох нь зураг авахаас хэцүү.

Гоё сайхан бүтээл гаргая гэвэл моделийг дагаад орчин маш чухал. Орчин сайтай газрыг үнэтэй түрээслэдэг. Би хувьдаа зуны улиралд байгальд гарах дуртай.

- Модель нь юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Моделууд зурагчидтайгаа зураг авалтын санаагаа маш сайн ярилцсан байх ёстой. Зурагчин, модель хоёр аль аль нь түүндээ маш сайн бэлдсэн байх ёстой. Модель өөрийгөө яг хажуунаасаа харж байгаа юм шиг мэдэрч сурах хэрэгтэй.

-Nude зураг авна гэдэг  мэдрэмж, ур чадвар, сэтгэмж чухал. Харин техникийн хувьд ямар аппарат ашигладаг вэ?

-Таны хэлсэнчлэн гэрэл зураг авна гэдэг мэдрэмж бас ур чадвар, сэтгэмж чухал  байдаг. Тэрнээс биш техникийн үзүүлэлт гол асуудал биш юм. Яг юу гэх гээд байна вэ гэхээр камерыг сайн муу гэхээсээ өмнө өөрийнхөө ур чадвар мэдрэмжийг сайжруулах хэрэгтэй юм. Миний хувьд CANON 5D MARK II камер ашиглаж  байгаа.

-Эмэгтэй хүний хамгийн  үзэсгэлэнтэй гардаг хэсэг таны бодлоор?

-Хамгийн үзэсгэлэнтэй харагддаг хэсэг бол хүзүү, шилбэ, эгэмний яс, мөр. Эдгээр нь эмэгтэй хүний маш сайхан чимэг юм. Эмэгтэйлэг болгож байгаа хамгийн нарийн деталь хэсгүүд гэж хэлж болно.

-Модель сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-Зөв дүр төрхтэй, мэдээж, сайхан биетэй байх шаардлага тавьдаг.Зарим моделиуд маань нүцгэн зурагаа авахуулчихаад түүнийгээ платформоос устгуулах тохиолдол байдаг. Ихэнхдээ ар гэрийнхэн нь уурлаж байна гэсэн шалтгаан хэлдэг. Одоо бол өөрсдөд нь урьдчилан сайн сануулж, анхааруулж байж зөвшөөрсөн тохиолдолд модельтой хамтарч ажилладаг болсон. Тийм учраас энэ асуудал давтагдахгүй байх.

-Монгол охид нүцгэн гэрэл зургийн модель болоход хэр тохиромжтой байдаг вэ?

-Монгол эмэгтэй хүний өвөрмөц дүр төрх үнэхээр сайхан. Тийм учраас зурганд тохиромжтой гэж бодож байна. Аль ч улсын моделиос дутахааргүй амжилт үзүүлж чадна.

-Монголд энэ төрлийн зураг авдаг хүмүүс хэр их байдаг вэ? Таны хувьд тэднээс ялгарах онцлог нь юу вэ?

-Монголд зөвхөн Nude naked-аар дагнаж байгаа зурагчид цөөхөн. Гэхдээ сонирхож эхэлж байгаа, судалж байгаа зурагчид маш их байгаа. Харин тэдээр залууст хэлэхэд өөрийн гэсэн өнгө төрхтэй байхыг чухалчлаарай. Магадүй бүх nude зурагчид адилхан өнцөг, адилхан өнгөтэй зураг зураг дараад байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Би натурал гэрэл ашигладаг. Энэ нь хүний биетэй илүү сайн уусаж, зохицож чаддаг. Мэдээж шаардлагатай бол нэмэлт гэрэл ашиглалгүй яахав. Хэн ч харсан “Толикогийн зураг байна” гэж таних зурагны өнгөөрөө ялгарахыг хичээдэг. Хэдий өөр зурагнууд ч гэсэн сайн харвал зураг бүрийн дотор нэг өнгө байж л байдаг. Харин өнцөг нь зурагчны мэдрэмж ур чадвараас шалтгаалдаг учир таашгүй. Гэхдээ бүх зүйлээрээ ялгарахыг хичээж байна.

-Таны цаашдын зорилго зорилт?

-Энэ урсгалаар улам мэргэжшиж чадваржих. Энэ урсгалыг хөгжүүлэхийнн тулд шинэ содон зүйл их төлөвлөсөн. Бусад зурагчидтай хамтарч сайн бүтээл гарах төлөвлөгөө ч байгаа. Удахгүй шинэ содон бүтээлүүд ар араасаа гарна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.18 ПҮРЭВ № 32 (6509)