У.Хүрэлсүх “хоосон буу” дуугаргаад 27 хонолоо

0
хуваалцах
1306
үзсэн

Б.ДАМДИН-ОЧИР

 

 

Цэц уг нь шүүх юм

 

Эхлээд Үндсэн хуулийн Цэцийг ярих ёстой юм аа. Манайхан гоёж гоодоод, үндэс угсаа гэж яриад Цэц гэж нэрлэсэн болохоос биш угтаа шүүх юм. Үндсэн хуулийн шүүх шүү дээ. Шүүх ямар байх ёстой вэ, Цэц тийм байх учиртай.

Гэтэл нэрнээс нь эхлээд гажуудуулчихсан. Шүүх юм чинь үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Гэтэл Цэцийнх хаалттай гэхэд болно. Ерөнхийлөгчөөс өөр хэн нэгэн Цэцэд мэдээлэл, хүсэлт, гомдол, өргөдөл гаргасан эсэх мэдээлэл нь бүрхэг. Тэгж байгаад гэнэт шийдвэр гарч ирдэг. Цэцийн процессын хууль нь хоцрогдчихсон. Аль 1997 оноос хойш нэг ч салхи ороогүй. Шүүх юм чинь хуулийн асар нарийн шалгуураар Цэцийн гишүүн болох учиртай. Гэтэл хууль дүрмийн мэдлэг гэхээсээ улс төрийн туршлага, нөлөөгөөр тэнд очдог болсон. Цэцийн гишүүдийг нэг тойруулаад хараадахаарай.

“...Дээр нь хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй” гэж ирээд сүрхий тунхагладаг ч дарга болгон зайдалсаар өнөөг хүрсэн нь нууц биш. Томилгоонд ч асуудал байж мэднэ.

 

Цэцэд очсон Ерөнхийлөгчийн “хэрэг”-үүд

 

Одоо олон нийт Цэцийг харж байгаа нэг том асуудал бий. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг Цэц шийднэ. “Хэрүүлийн алим” нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “...Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн 2019 оны өөрчлөлт юм.

Үүнийг тойроод маргалдаж байна. Энэ асуудлын “галт тэрэг” хэдийнэ хөдөлжээ.

2021.1.18. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. Энэ нь Үндсэн хуультай нийцэхгүй, зөрчилдөж байна” хэмээн мэдэгдлээ.

Зарим хууль тогтоогчдын “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох боломжтой” хэмээн тайлбарлаж буйд тус намын Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр сунгах хууль зүйн боломжгүй” хэмээн мэдэгдлээ.Тиймээс ХҮН-ынхан Цэцэд хандахаар болсноо зарлалаа.

2021.1.29. БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж Цэцэд мэдээлэл гаргав. Р.Гончигдорж түүндээ “...Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэснийг зөрчиж байна. ...Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэгэн шилжилтийн журам тогтоогоогүй тул 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон” гэжээ.

 

Ерөнхийлөгч Цэцийн гишүүдийг дуудаж уулзав

 

Энэ уг нь ноцтой явдал байгаа юм. Өөртэй нь холбоотой дээр дурдсан ашиг сонирхлын хоёр ч асуудал Цэцэд оччихсон явж байгаа үе. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс улбаалж Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үү, үгүй юу гэдэг дээр улаан цэнхэрээрээ талцаад “...Дэвшинэ, Үгүй” гэж маргаад эхэлчихсэн. Үүнийг Цэц хагална. Чухам тийм байхад ийм уулзалтууд болсон нь Ерөнхийлөгчийг эдгээр асуудалдаа “хамгаалалт” авч байна уу гэж хардахад хүргэсэн. Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхээр Цэцийн гишүүдийг дуудаж ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн.

2021 оны хоёрдугаар сарын 4-ний үд дунд гэхэд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчид бараалх­сан. Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн квотоор Цэцэд оруулсан байдаг.

 

Ерөнхийлөгч албан ёсоор Цэцэд хандлаа

 

2021.2.10. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Цэц дээр очлоо. Тэрээр Цэцэд хандаж хүсэлт бичжээ.Ерөнхийлөгчийг Цэцийн дарга Н.Чинбат хүлээж авлаа. Ерөнхийлөгч УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ болон 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн зарим зүйл, хэсэг, заалт Үндсэн хуульд нийцээгүй, түүний холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахыг хүсэв.  Дашрамд хэлэхэд Цэцэд хандаж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэж шалгах хуулийн зохицуулалттай юм байна. Тэгэхээр дээрх хуулиудын асуудлаар Цэц маргаан үүсгэсэн гэсэн үг.

 

У.Хүрэлсүх Цэцэд хандах уу?

 

2021.1.21. Энэ өдөр 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон. Бүх хүний хувьд гэнэтийн явдал байлаа. Гэхдээ өдөр өнгөрөх тусам хэсэг бүлэг хүн хэдийнэ мэдэж байсан байж магадгүй нь тодорч байна.

Уг нь Засгийн газрын “амь”-нд хүрэхээр үйл явдал болоогүй юм. Манайх ямар Япон биш. Юу ч болсон гүрийж л байдаг улсууд шүү дээ. Гэтэл эх, нярай хоёрыг эмнэлгийн хувцастай зөөвөрлөсөн асуудлаас болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохоо зарлачихав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр өдөр Төрийн ордон дахь Жанжин Д.Сүхбаатарын танхим, УИХ-ын чуулганы индэр дээрээс маш ноцтой мэдэгдлүүдийг хийсэн юм. Маш ноцтой шүү.

Тэрээр “...Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашид олон удаагийн жагсаал цуглаан хийж Монгол Улсын засаг төрийг үймээн самуунтай байхыг хүсэхгүй байна. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй хүн” гээд “...Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоогоор энэ нотлогдож байгаа. Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэн.

Мөн “...Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг Тамгын газрын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн” гэв. Түүнчлэн “...Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа” гэв. Тэрчлэн “..Өнөөгийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг эрх баригч намын даргын хувьд илэрхийлье” гэсэн.

У.Хүрэлсүхийн Төрийн ордноос хийсэн дээрх мэдэгдлээр бол Ерөнхийлөгч Х.Баттулга дээр импичмент буюу хариуцлага тооцох асуудал яригдах нээ гэж ойлгогдсон. Үндсэн хуулийн  35.2-т “...Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасан. Эхлээд Цэц дүгнэлт гаргаж, дараа нь УИХ түүнийг нь хэлэлцэж шийднэ гэсэн үг. Хамгийн гол нь Цэцэд мэдээлэл, гомдол гаргах хүн нь У.Хүрэлсүх болж таараад байгаа юм. Гэвч тэр ингэж мэдэгдсэн, шуудхан хэлэхэд “хоосон буу” дуугаргаад яг 27 хонолоо. Таг чиг. Бүр байгаагүй юм шиг алга болоодохов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)