“ТВ-9 телевиз”, “Зууны мэдээ” сонин хамтран хоёр жил тутамд энэ цагийн эгэл баатруудыг тодруулдаг билээ. Эгэл баатруудыг эгэл хүмүүсээс тодруулахаас гадна ард түмний санал асуулгаар, шударгаар шалгаруулдагаараа онцлогтой. Тэгвэл нийгмийн үнэлэмж, үнэлгээг дээшлүүлэх зорилгоор “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин хамтран “Энэ цагийн эгэл баатрууд”-ыг 2021 оны босгон дээр тодруулж,  олон нийтэд зарлалаа.  Энэ удаагийн эгэл баатраар таван хүн  тодорсон байна. “Шударга төрийн төлөө” ТББ-ыг үүсгэн байгуулагч, гавьяат хуульч Н.Чадраабал, Монголын урлагт 60 жилийн турш тасралтгүй зүтгэхдээ ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчдийн 397 тоглолтыг  найруулсан Д.Ухнаа,  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн долдугаар ангийн сурагч Ж.Тэгшжаргал, Онцгой байдлын албанд 14 жил тасралтгүй ажиллахдаа  458 хүний амь насыг хамгаалсан онцгой байдлын алба хаагч У.Баатархүү, ХӨСҮТ-д тасралтгүй долоон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж, дэлхий дахинд дэгдсэн цар тахал 2020 онд Монголд зөөвөрлөгдөн орж ирсэн анхны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл “CОVID-19” халдварт өвчний голомтод 96 хоног тусгаарлагдан үүрэг гүйцэтгэсэн Г.Баясгалан нарыг тодруулан алдаршууллаа.  “Энэ цагийн эгэл баатрууд”-ын мэдээллийг хүргэж байна.

ДАНЗАНВААНЧИГ ОВОГТОЙ УХНАА

Уран бүтээлчдийн 397 тоглолт  найруулжээ

Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриадын УУГЗ, СУИС-ийн хүндэт профессор, Монголын эстрадын “Амьд-домог-Алтан микрофон” шагналт Д.Ухнаа нь Монголын урлагт 60 жилийн турш тасралтгүй зүтгэхдээ ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчдийн 397 тоглолтыг  найруулж, “Соёл Эрдэнэ”, “Баянмонгол”, “Морин хуур” чуулгыг оролцуулсан баяр ёслолын 5125 арга хэмжээг хөтөлж, өөрийн санаачилгаар урлаг соёлын 204 удаагийн уралдаан тэмцээн, шоу тоглолтыг зохион байгуулсан байна. 2020 онд “Хүрэн хаалгатай дэлгүүр” сэдэвт уралдааныг явуулж, “Үл тасрах аялгуу” цуврал тэмцээнд Улаанбаатар хот, 21 аймгаас 950 хүнийг хамруулан оролцуулж урлаг соёлыг үзэгч түмэндээ сурталчилжээ.Мөн 1975 оноос хойш 20 жил дараалан олон улсын дуучдын “Хөх Монгол-Анд нөхдийн ая дуу” наадмыг зохион байгуулахад 312 дуучин оролцож 283 удаагийн тоглолт хийсэн байдаг. Дэлхийн 28 улс оронд өөрийн орны жүжигчид, уран бүтээлчдийн тоглолтыг удирдан явуулж Монгол Улсынхаа урлаг соёлыг сурталчилсан байна.

УЛААНХҮҮ ОВОГТОЙ БААТАРХҮҮ

2458 хүний амь насыг аварчээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, ахлах ахлагч Улаанхүүгийн Баатархүү нь Онцгой байдлын албанд 14 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа давхардсан тоогоор 1079 удаагийн томилгоот ээлжинд үүрэг гүйцэтгэн, гамшигт үзэгдлийн 169 удаагийн дуудлагаар ажиллан 2458 хүний амь нас, 3500 гаруй толгой малыг цасан болон шороон шуурганд уруудахаас хамгаалсан.

Эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад анхаарч эрэлч нохой сургахад хэрэглэгддэг гүүр, дүүжин гүүр, мөлхдөг тор, харайлтын цагираг, сүлждэг туг, урт богино хөтөлгөө, чээживч, оосортой оосоргүй бөмбөг, опорт зэрэг багаж, төхөөрөмжийг хийж ашиглаж байна. 2020 онд 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 36 хүний амь насыг аварч, 150 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Хулд сумын “Ар цагаан” гэдэг газрын “Баян булаг” нөхөрлөлийн жоншны уурхайн 20 метрийн гүнд дарагдсан цогцсыг гаргаж, Сайнцагаан суманд алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг эрэлч нохойн хамтаар гүйцэтгэж, 83 настай иргэний амь насыг нь авран хамгаалсан.

ГОНЧИГ ОВОГТОЙ БАЯСГАЛАН

“COVID-19” халдварт өвчний голомтод 96 хоног үүрэг гүйцэтгэжээ

Г.Баясгалан нь улсад 26 жил ажиллаж хөдөлмөрлөхдөө Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасралтгүй долоон жил өндөр үр бүтээлтэй ажилласан. 2020 онд дэлхий дахинд дэгдсэн цар тахал Монголд зөөвөрлөгдөн орж ирсэн анхны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл “COVID-19” халдварт өвчний голомтонд 96 хоног тусгаарлагдан үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр халдварт өвчний голомтод гурван сар гаруй үүрэг гүйцэтгэхдээ 63200 метр.квд талбайд болон МИАТ-ын онгоцонд удаа дараа байнгын халдваргүйтэл хийж эрэлхэг зориг, эх оронч сэтгэл гарган хөдөлмөрлөсөн байна. Өмнөх он жилүүдэд Монголд гарсан улаан бурхны дэгдэлтийн үед уг голомтын ариутгал халдваргүйтлийн үйл ажиллагааг мөн нэгэн адил үлгэр жишээчээр хийж гүйцэтгэж байжээ.

Намжилдоо овогтой Чадраабал

Үндсэн хуулийн хамгаалагч

Монгол Улсын гавьяат хуульч  Н.Чадраабал нь 2009 оноос “Мэргэн түшээ” сургалтын төв байгуулан төрийн албан хаагчид, сонгон шалгаруулалтад бэлтгэгчдэд зориулсан цуврал сургалт зохион байгуулж, энэ хугацаанд есөн мянга гаруй иргэнийг хамруулж эрх зүйн боловсрол олгожээ.  Улмаар 2007 оноос “Шударга төрийн төлөө” ТББ-ыг үүсгэн байгуулж эдүгээг хүртэл иргэний нийгмийн зүгээс төрийн хэрэгт хяналт тавих үүргээ нэр төртэй биелүүлж байна.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Эрүүгийн хууль, Сонгуулийн тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, Шүүхийн шинэчлэлийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотой асуудлаар туйлын үнэ цэнэтэй санал гаргаж, Үндсэн хуулийн цэцэд хандаж, шийдүүлж ирсэн нь өргөн олон түмний талархлыг хүлээж, дэмжлэгийг авсан байна. Мөн хуульч Н.Чадраабал нь  2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцад өөрийн байр суурийг хүргэхийн зэрэгцээ, хуулийн   гарц гаргалгааг мэргэжлийн төвшинд тайлбарлан олон нийтэд хүргэж байсан билээ.

Жамсранжав овогтой Тэгшжаргал

Өсвөрийн сайн үйлстэн

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуулийн долдугаар ангийн сурагч Ж.Тэгшжаргал нь 2020-2021 онд хүмүүнлэгийн үйлсэд анги, сургуулийн анд нөхдөө уриалан дуудаж, өөрөө үлгэрлэн манлайлж ажилласан байна. Аймаг, сумынхаа олон арван иргэд, байгууллагад, түүний дотор Онцгой комиссын шуурхай албанд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад халуун хоол, цай, аарцаар үйлчилж, зорилтот бүлгийн олон өрхөд олон зуун мянга, сая төгрөгөөр тоологдох эд материалын тусламж үзүүлэх ажлыг гардан зохион байгуулжээ.

Ж.Тэгшжаргалын эмээ нь  Дэлхийн зөн олон улсын байгууллагад ажиллаж, олон хүнд тус дэм болдог байсан нь түүний сайн үйлстэн болоход ихэд нөлөөлжээ. Ж.Тэгшжаргал зун амралтаараа Хэнтий аймгийн Дадал, Биндэр зэрэг сумаар явж байгалийн жимс ногоо түүж, түүнийг даршлан борлуулаад олсон орлогоороо сайн үйлсийн аянаа санхүүжүүлдэг байна.  Мөн хашаандаа хүлэмж байгуулж,  жимс ногоо тарьдаг бүтээлч, өсвөрийн сайн үйлстэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)