Ч.ҮЛ-ОЛДОХ

 

 Боловсролын ахмад ажилтан, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга асан Г.Батболдтой ярилцлаа.

 

-Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ярьж эхэллээ. Гол  өөрчлөлтийг та юу гэж үзэж байна?

-Боловсролын салбар бүхэлдээ хүнд байдалд байна. Иргэдийн зүгээс  “Бүх шатны боловсролын чанар муу байна” гэж шүүмжилдэг. Боловсролын салбарт бүхэлд нь суурь өөрчлөлт хийх хэрэгтэй. Юуны өмнө зургаан  настай хүүхэд элсүүлэх асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй. Хичээлийн шинэ жил эхлэхэд бүтэн зургаан  нас  хүрсэн буюу 72-83 сартай хүүхдийг сургуульд элсүүлэн сургах асуудлыг хуульчилъя.

2008-2009 оны хичээлийн жилд ингэж элсүүлээд ганц жил мөрдөөд больсон. Өнөөдөр жилээр нь тооцож элсүүлж байгаа нь нэгдүгээр ангид элсэгчдийн 35 орчим хувь нь үнэндээ таван  настай сургуульд орж байна гэсэн үг.  ЕБС-ийн бүтцийг 6 + 3 + 3, эсвэл одоогийн мөрдөж байгаа 5 + 4 + 3 бүтэцтэй байх эсэхийг  судалж шийдвэрлэх хэрэгтэй. Бага боловсролын зорилгыг сурагчдад суралцах дадал, өдөр тутмын амьдралд шаардлагатай анхан шатны чадвар эзэмшүүлэх, зөв хүн болж төлөвшүүлэхэд чиглэнэ гэж томъёолбол бага боловсрол олгох хугацааг уртасгаж, сургуулийн бүтцийг 6 + 3 + 3 болгох нь зохимжтой. 2006 онд Боловсролын хуулиар ЕБС-ийн бүтцийг ингэж тогтоосон байсныг  бас л өөрчилж, ухралт хийсэн. ЕБС-ийн хэв шинж алдагдсан. 2019-2020 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 662 сургууль байгаагийн 55 нь бага сургууль (8.3хувь), 112 нь суурь боловсролын сургууль (16.9 хувь), 495 нь бүрэн дунд сургууль буюу цогцолбор сургууль (74.8 хувь) байгаа нь тогтолцоо буруу байгааг харуулж байна. Хөдөөгийн сумдын ихэнх нь бүрэн дунд сургуультай, ахлах ангид цөөн тооны хүүхэд суралцаж байгаа нь гүнзгийрүүлсэн сургалт явуулах болон хичээлийг сонгон суралцах боломжгүй байна. Нөгөө талаар багшлах боловсон хүчин, хөрөнгө санхүүг тарамдуулах нэг нөхцөл болж байна. Аймгийн төв, дүүрэг, сум дундын ахлах сургуулийг тусад нь байгуулах асуудлыг хуульчилъя. Харин сургуулийг малчид, тариаланчдад   ойртуулах зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн захын хороод, сумдын багт байгуулах хэрэгтэй юм. Хүүхэд сургууль завсардах явдал ч багасна. Хөдөөгөөс төв рүү чиглэсэн нүүдэл хөдөлгөөн багасна.

- Сургууль завсардалт  өссөн нь юутай холбоотой бол?

- Статистик  судалгаагаар 2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны нийт хүүхдийн 5.5 хувь буюу 15.3 мянган хүүхэд, дунд ангид хамрагдвал зохих 11-14 насны нийт хүүхдийн 7.4 хувь буюу  13.8 мянган хүүхэд сургуульд хамрагдаагүй байна. Тухайн хичээлийн жилд ЕБС-д 600.3 мянган хүүхэд суралцаж байсан байна. Хэрэв сургуулийн гадна үлдсэн  29.1 мянган хүүхдийг нэмвэл 629.4 мянган хүүхэд сургуульд сурах байжээ. Эндээс үзвэл 6-14 насны нийт хүүхдийн 4.6 хувь нь сургууль завсардсан болж байна. Энэ бол өндөр  үзүүлэлт.

Мөнгө, санхүүгийн бэрхшээл, ядуурал, амьжиргааны дорой байдал, хөгжлийн бэрхшээл, хэл, соёлын бэрхшээл, гэрийн ажил, ялгаварлан гадуурхалт, жендерт суурилсан хүчирхийлэл, хараа хяналтгүй байдал, байршил, алслагдсан байдал, мал маллах, ажил хөдөлмөр эрхлэх, хурдан морь унах гээд  шалтгаан олон. Нийслэлийн хувьд амьжиргааны түвшин доогуур, шилжих хөдөлгөөн, бүртгэл хийгдээгүй, хөгжлийн бэрхшээл, багш нарын ялгаварлал, дарамт шахалт, эцэг эхийн хандлага, хариуцлагагүй байдал голлож байна. Аймаг, сумын хувьд  хөгжлийн бэрхшээл, амьжиргааны түвшин доогуур, газар зүйн байршил, алслагдмал байдал, эцэг эхийн хандлага, хариуцлагагүй байдлаас болж сургууль завсардалт голлон нөлөөлдөг гэсэн судалгаа бий. 

Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагч XI ангиа төгсөөд, цаашид МСҮТ-д үргэлжлүүлэн суралцах, эсвэл мал аж ахуй, газар тариалан эрхлэх санал хүсэлтийг суралцагч, эцэг эх гаргасан тохиолдолд улсын шалгалт авч, бүрэн дунд боловсролын аттестат олгох,  их, дээд сургуульд суралцахыг хүссэн суралцагч XII ангидаа сонгосон хичээлүүдийг гүнзгийрүүлэн сурах бололцоог нээж өгч болно. Хичээллэх анги танхим, багш хүрэлцээтэй тохиолдолд ЕБС-ийг бүтэн өдрийн сургалтад шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Ингэснээр хүүхэд сургууль дээрээ хичээллэх, дугуйлан секцэд суралцах, ном унших, даалгавраа хийх, үдийн амралтаар хооллох, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэнэ. Дэмий сэлгүүцэх, хэрэг төвөгт холбогдох явдал ч эрс буурна.

Төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын зардлыг төрөөс даах ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх, юуны өмнө багш, эмч, инженер бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төрөөс дааж, төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгчдэд тавих шаардлагыг эрс өндөрсгөх хэрэгцээ бий болж байна. Төрийн болон төрийн бус өмчийн олон сургуулиудыг цөөлье гэсэн иргэдийн шаардлага ч хэрэгжиж эхэлнэ. Их, дээд сургуулиуд иргэдийг ядууруулах хэрэгсэл байхаа болино. Боловсролын зээл иргэдийг ядууруулах гол уурхай болж байгааг боловсролын шинэ сайд олж хараад,  үүнийг засна гэж байгаа нь сайшаалтай.

-Боловсролын чанарын ялгааг яаж арилгах вэ?

-Үндсэн хуульд бага, дунд боловсролыг үнэгүй олгоно гэсэн заалт бий. Нөгөөтэйгүүр төрийн бус өмчийн сургууль байж болох заалтыг ч давхар оруулсан учир олон арван төрийн бус өмчийн сургуулиуд байгуулагдсан хэрэг. Зах зээлийн эдийн засагт шилжиж, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байсан цаг үед төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүд боловсролын нуруун дээрх ачааг хөнгөлсөн нь үнэн. Одоо ч зохих үүрэг хүлээж байна. Харамсалтай нь төрийн бус өмчийн сургуулийн төлбөр хэр хэмжээнээс хэтэрсэн. Дээр нь ихэвчлэн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна. Сүүлийн үед монгол хэл, цагаан толгойгоо ч үзээгүй байхад гадаад хэл зааж байна, үүнийг хориглох хэрэгтэй гэсэн санал  гарах боллоо. Миний хувьд үүнтэй санал нэг байдаг. ЕБС-ийн I-II ангид гадаад хэл бичиг заахыг хуулиар хориглож болно. Гадаад хэлний цагаан толгой заахгүйгээр дуу, шүлэг цээжлэх, ярианы хэл зааж болох юм.

Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, олон улсын хөтөлбөртэй сургууль, лаборатор сургуулиуд сурагчдын хооронд ялгааг үүсгэж, тэгш биш байдлыг өөгшүүлж байна. Улсын хэмжээнд байгаа 40 гаруй лаборатор сургуулиудын багш, ажиллагчид ердийн сургуулийн багш, ажиллагчдаас илүү цалин хөлс авч, сургуулийн захирлыг сайд томилж байгаа нь сургууль, багш нарыг талцуулахад хүргэж байна. Энэ оновчгүй шийдэл, үйл ажиллагааг бага дээр нь засах хэрэгтэй.

Улсын хэмжээнд нэг ангид суралцагчдын тоо буюу бүлэг дүүргэлт дунджаар 29.4 хувьтай байгаа нь тийм ч их өндөр үзүүлэлт биш. Гэвч Улаанбаатар хот,  зарим аймгийн төвийн сургуульд бүлэг дүүргэлт харьцангуй өндөр байна. БСШУСЯ (хуучин нэрээр)-ны 2019-2020 оны хичээлийн жилийн статистик мэдээнээс үзвэл бүлэг дүүргэлт нь дунджаар 38.0-53.6 байгаа сургууль нийслэлд 35, аймгийн төвийн зургаан сургууль байсан байна. Улсын хэмжээгээр авч үзвэл бага ангийн бүлэг дүүргэлт дунд, ахлах ангиас их байгаа юм. Нийслэлийн сургуулиудаас бага ангийн бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиуд төвийн зургаан  дүүрэгт байгаа нь 2020-2021 оны хичээлийн жилийн статистик мэдээнээс харагдаж байна. Сүхбаатар дүүргийн I сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлт 54.0-66.2 байгаа бол Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн III-IV ангийн бүлэг дүүргэлт 58.5-65.7 байна. 23 дугаар сургуулийн хичээлийн байрыг өргөтгөөд ганцхан жил болж байхад байдал дээрдсэнгүй. Ийм байдал бусад дүүргийн сургуулиуд дээр ч нэг адил. Нийслэлийн бүлэг дүүргэлт өндөртэй 11 сургуулийн бага ангийн бүлэг дүүргэлтийг тооцож үзэхэд 46.0-58.4 байна. Тогтоосон нормт хэмжээнээс 1.5-2 дахин олон хүүхэдтэй манай багш нар ажиллаж байна.

-Бас цар тахлын үед  танхимын сургалт явуулахад хүндрэл үүслээ?

-Цар тахлын үед танхимын сургалтыг явуулахад 66 хүүхэдтэй ангийг яаж эрсдэлгүй зохион байгуулах вэ гэдэг  асуудалтай. Гэсэн ч танхимын сургалтыг эхлэхээс өөр арга байхгүй. Яаж хэрхэн зохион байгуулалт хийх, теле болон цахим сургалттай хэрхэн хослуулах вэ гээд шийдэх асуудал олон бий. Хаврын урин дулаан цаг болон хагас, бүтэн сайн өдрийг бүтээлчээр ашиглах, хичээлүүдийн агуулгыг интеграцчилан нягтруулах, сурлагын хоцрогдлыг арилгах үр бүтээлтэй давтлага, зөвлөгөө өгөх, эцэг эхийн хүчийг ашиглах гээд бодох сэтгэх, төлөвлөх, хийх ажлууд их байна.

Ерөнхий боловсролын сургуулийн бүлэг дүүргэлтийг бууруулж чадахгүй байгаад нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын газар, хэлтэс, мэргэжлийн хяналтын байгууллага, сургууль, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд аль аль нь буруутай. Энд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Багш нар  сурагчидтай ажиллах, тэднийг сургах, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаанд хүндрэл учирч байна.  Бүлэг дүүргэлт өндөртэй сургуулиудын хичээлийн байрыг өргөтгөж, суудлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай нь мэдээж. Нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах оновчтой арга зам эрж хайх, багш, ажилтан, ажиллагчдад нэмэлт урамшуулал олгох асуудлыг авч үзэх хэрэгтэй болж байна.  

- Бид монгол хүн бүтээх тухай ярьдаг. Хуулийн шинэчлэлтэй хамт боловсролын үндэсний хөтөлбөр гэсэн нэр томъёо сонсогдох боллоо?

    - Манай улс сургалтын үндэсний хөтөлбөртэй байсан. Одоо ч байгаа. 2002-2004 онд 100 гаруй багш, эрдэмтдийн хүчээр сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг боловсруулан 2005-2006 оны хичээлийн жилээс мөрдөж эхэлсэн. Үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт стандартад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж зорилт тавьж байлаа. Харамсалтай нь Боловсролын тухай хуулийн 11.3 “... стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, мөрдөнө” гэсэн заалтыг 2017 онд хүчингүй болгосноор Монгол Улсад боловсролын хөтөлбөрт тавигдах стандартгүй буюу зарчмын суурь шаардлагууд байхгүй болоод байна. Энэ удаагийн боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд боловсролын агуулгын стандарттай болох асуудлыг тусаагүй байна. Ингээд ухраад байхаар бо-ловсрол урагшаа хөгжих үү?

-Харин ч ухарна...?

-Тэгэхээр одоогийн мөрдөж байгаа боловсролын үндэсний хөтөлбөрийг сайжруулах, хүүхдийг сургах, хүмүүжүүлэх, Монгол Улсын хөгжлийн төлөө сурах, ажиллах, амьдрах чадвартай төлөвшсөн иргэн бэлтгэхэд чиглэсэн байдлаар сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулах шаардлага урган гарч байна. Сургалтын агуулгыг нэн даруй шинэчлэн сайжруулах, ЕБС-д судлах хичээлийн тоог цөөрүүлэн интеграцчилах, улмаар сурагчдад ногдох ачааллыг бууруулах, I-III ангид “Амьдрал” нэгдмэл хичээл бий болгох шаардлага ч байна.  ЕБС-ийг бүтэн өдрийн сургалтад шилжүүлж эхлэхтэй уялдан сургалтын хөтөлбөрийг ялгаатай байдлаар боловсруулан мөрдөх шаардлага ч гарна. Боловсролын агуулгын, арга зүйн, үнэлгээний, сургалтын орчны  стандартыг нэгдмэл байдлаар боловсруулж, түүн дээрээ суурилан сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах ажлыг 2024 оныг хүлээхгүйгээр хийх хэрэгтэй.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)