Мьянмар: Аун Сан Су Чи-г үргэлжлүүлэн хорихоор болжээ

0
хуваалцах
317
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Мьянмар улсад энэ сарын 1-нд болсон төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна. Жагсаалыг зогсоохын тулд төрийн эрхийг гартаа авсан генерал Мин Аун Хлаинаар удирдуулсан Мьянмарын цэргийн хүчнийхэн  хуягт техникүүдийг хэд хэдэн хотынхоо гудамжинд байршуулж эхэлжээ. Энэ нь жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ авахын илрэл хэмээн үзэж байна.
Цэргийнхэн интернэт сүлжээг орон нутгийн цагаар даваа гарагийн 01:00-09:00 цаг хүртэл тасалсан. Интернэтийг сэргээсний дараа хотын гудамжинд хуягт техникүүд нэвтэрснийг  олон улс мэдсэн юм.  

“Би 20:00-04:00 цагийн хооронд гадагш гарахаас айж байна"

Энэ талаар нэгэн эмч “Би 20:00-04:00 цагийн хооронд гадагш гарахаас айж байна. Учир нь цэргүүд боон цагдаа нар бусад хүмүүс шиг баривчлах вий гэхээс санаа зовниж байна. Гэхдээ зарим жагсагчийн гэр рүү хууль бусаар дайран орж тэднийг баривчилсан нь бүр ихээр намайг түгшээж байна” гэв.Ардчилсан засаглалаа сэргээж, сонгуульд ялсан удирдагчдыг суллахыг шаардсан хэдэн зуун хүн сүүлийн 10 өдөр жагсаж байгаа юм. Түүнчлэн жагсагчдаас гадна төрийн алба хаагчид ажил хаяж эхэлсэн нь цэргийнхэнд хүнд дарамт болж байна.

Тус улсын удирдагч, Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн  Аун Сан Су Чи-гийн цагдан хорих хугацаа өнөөдөр дуусах байсан ч үргэлжлүүлэн хоёр өдөр хорихоор болсон гэж түүний хуульч Хин Маун Зав мэдэгджээ. Түүний нам өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонгуульд ялсан ч цэргийн хүчнийхэн санал луйвардсан хэмээн буруутгасан юм.

"Цэргийн хүчнийхэн ард түмэндээ дайн зарлаж байна"

НҮБ-ын ажилтан  Том Эндрюс "Цэргийн хүчнийхэн олон нийтийн дунд цэргийнхнийг оруулж, интернэтийг хаан, шөнөөр баривчилгаа хийж ард түмэндээ дайн зарлаж байгаа тул хариуцлага хүлээлгэх болно” гэлээ. Мөн Европын холбоо, Америк, Англи улс “Хууль ёсны Засгийн газраа унагахын эсрэг, ардчиллаа хамгаалан тэмцэж буй жагсагчдын эсрэг хийж  буй хүчирхийллээ зогсоохыг аюулгүй байдлын албанынханд уриалж байна” гэж мэдэгдсэн юм. Мьянмар улсад нэг жилийн онц байдал зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: BBC