ДЭМБ:Хятадыг мэдээлэхээс өмнө халдвар өргөн тархсан байсныг илрүүллээ

0
хуваалцах
331
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Өнөөдрийн байдлаар 109 сая хүн халдварлаж, 2.4 сая хүн нас бараад буй COVID-19-ийн эх үүсвэрийг судлах ДЭМБ-ын баг БНХАУ-ын Ухань хотод ажиллаж байна. Дээрх эрдэмтэд цар тахал Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө өргөн хүрээнд тархсан байсан гэсэн мэдэгдлийг өнөөдөр хийлээ.

Энэ талаар ДЭМБ-ын судалгааны багийн удирдагч Петер Бен Эмбарек “Вирус 2019 оноос өмнө хурдацтай тархсан төдийгүй арванхоёрдугаар сар гэхэд хэд хэд хувиран халдварласан байж болох нотолгоог илрүүллээ. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 08-нд хамгийн анх халдвар авсан, аяллын түүхгүй, 40 настай, албан хаагчтай ярилцсан. Тэр хүнсний захтай ямар ч холбоогүй, ууланд алхдаггүй, энгийн амьдралтай, хувийн компанийн албан хаагч байсан. Үүний дараагаар Хятад арванхоёрдугаар сарын дундуур анх мэдээлэхээс нэлээд урт хугацааны өмнө өргөн тархсан байж магадгүй гэдгийг тогтоолоо. Энэ бол шинэ нээлт юм ” гэж ярилаа. Ухань хотод 2019 оны арванхоёдугаар сард 174 тохиолдол илэрсэн гэж Хятадын эрх баричгид мэдээлсэн. Гэвч ДЭМБ-ын эрдэмтдийн тооцоолсноор  энэ үед Ухань хотын халдвар авсан иргэдийн тоо 1000 давсан байна.

"COVID-19 халдвар 13 хувилбараар тархах боломжтой"

ДЭМБ болон Хятадын тус тус 17 эрдэмтэн арванхоёрдугаар сард бүртгэгдсэн анхны тохиолдлуудыг судлан вирусын генетикийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байгаа юм. Тэд 2019 оны арванхоёрдугаар сард бүртгэгдсэн SARS-COV-2 вирус нь 13 өөр байдлаар хувирах боломжтой гэдгийг илрүүлжээ. Энэ нь Хятадын эрх баригчид мэдээлэхээс өмнө халдвар  өргөн хүрээтэй тархсан байсныг илтгэж гэж үзэж байна. Энэ талаар  Австралийн Сидней их сургуулийн вирус судлаач, профессор Эдвард Холмес “2019 оны арванхоёрдугаар сар гэхэд вирусын олон хувилбар Ухань хотод тархчихсан байсан. Энэ нь халдвар нэг сараас ч илүү хугацаагаар тархсаныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Хуанан захын анхны халдвараас өмнө вирус нууц хэлбэрээр тархсан байсан гэсэн үг” гэв.

Судалгаагаа баталгаажуулахын тулд шинжилгээ хийхээр 200 мянган хүний дээжийг ДЭМБ-ын баг цуглуулжээ.  Энэ тухай Петер Бен Эмбарек “Энэ нь цөөн хүнийг хамарч байгааг бид ойлгож байна. Ийм бага хэмжээний дээжээр судалгаа хийхийг зөвшөөрдөггүй. Гэвч Уханийн лабораториос дээж олж авахад хүндрэлтэй байсан. Бид том жижиг гэсэн хоёр бүлэг болон нэг сарын турш ойр дотно хамтран ажилласан. Энэ тийм амар байгаагүй” гэв.

Эх сурвалж: CNN