З.Батцэцэг

Удахгүй дэлгэцнээ Сергей Светлаковын зохиол, Игорь Твердохлебовын найруулга LOVE кино гарна. Уг киноны үйл явдал LOVE зочид буудалд болдог. Буудалд буусан хартай нөхөр, залуу хос, хуучин нэг ангийхан, хувийн мөрдөгч, сэтгэл түгшсэн ээж, ичимхий оюутан, бүр Ксения Собчак хүртэл бүгд хайрын төлөө хэмээн асуудал үүсгэж байгааг буудлын ажилчид зохицуулах гэж хичээнэ. Энэ киноны нэг дүрд  Екатерина Варнава тоглосон. Түүнтэй кино-театр.ру сайтын сурвалжлагч кино, театрын тайз, хүмүүсийг инээлгэх хэрэгцээний талаар ярилцлаа.

-Та энэ кинонд тоглохыг шууд зөвшөөрсөн үү, эргэлзээ байсан уу?

-Би шууд зөвшөөрөөгүй, учир нь би өөрийгөө бүрэн хэмжээний кинонд тоглоход эргэлздэг. Гэвч Сергей Светлаков бид эртний танилууд, тэр үнэхээр хүнийг ятгаж чаддаг хүн. Би хоёр дахь пробдоо сайн бэлдэж очоод энэ дүрд тоглох эрхээ авсан. Сергей Светлаковоос гадна продюсераар Comedy Woman-г бүтээхэд оролцож байсан Александр Незлобин, Саид Давдиев нар ажилласан болохоор надад тухтай байсан. Минийхээр бол их инээдтэй кино болсон. Миний хувьд зураг авалтын гурван өдөр их хөгжилтэй өнгөрсөн.

-Таны дүр Comedy Woman-д бүтээдэг дүрүүдтэй адил байсан. Энэ нь таньд амар байсан уу?

-Үнэхээр миний олон жил тоглож байгаа Comedy Woman-н зарим нэг дүртэй адил байсан. Гэхдээ энэ эстрад биш, кино учраас кадрт ажиллах нь тэс өөр, тэгэхээр миний баатар өөрөөр биеэ авч явж байсан. Хэрвээ эстрадад маш их хэтрүүлэгтэй байдаг бол, энд илүү нарийн мэдрэмжтэй байх ёстой байсан нь надад хэцүү байсан.

-Та кадрт ердөө Филипп Ершовтой хамт тоглосон. Хоёулхнаа тоглох хэцүү байсан уу?

-Бид танил байгаагүй. Проб дээр маш хурдан хэл амаа ололцон, бие биенээ хөгжөөж эхэлсэн. Хамт ажиллаж байгаа хүмүүс ингэж бие биенээ хөгжөөх нь ховор тохиолдол гэж боддог. Энэ нь яг инээдмийн кино хийж байгаа үед их тус болдог.

-Эмэгтэйчүүдийн хошигнол гэдэг бол тусдаа үзэгдэл. Энэ нь дэлхий даяар яригдаад байгаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл, тэр дундаа чадалтай бүсгүйн дүр дэлгэцнээ гаргахад хэр нөлөөлдөг вэ?

-Сүүлийн 15 жил эмэгтэйчүүдийн хошигнол гэсэн чиглэлээр ажиллаж байх хугацааны туршид надаас энийг асууж байна. Энэ бүх хугацаанд маш их хэмжээний ахиц, сенсаац гарч, эмэгтэй хүн бие даасан, өөрийн дуу хоолойгоо сонсгосон, харуулсан олон зүйл болсон. Өнөөдрийн бүсгүйчүүдийн хийж байгаа зүйл бүхний сонирхлыг татаж байна. Ядаж л одоо нийгэм үнэхээр урьд зуунд эмэгтэйчүүдэд үнэхээр амаргүй байсныг ойлгож байна. Одоо бүсгүйчүүд бидний хийж байгаа үйлдлийн төлөө дээр үед бол галд шатаадаг байсан.

-Та инээдмийн дүрээсээ залхахгүй байна уу? Зарим жүжигчид нэгэн хэвшмэл дүрээсээ ангижрахыг хүсдэг. Та тэгмээр байна уу?

-Залхахгүй байна, яагаад гэвэл би үргэлж инээж, нас минь уртсаж байгаа. Би хошигнолд маш хариуцлагатай ханддаг. Тиймээс би залхахгүй.

-Танд тоглох юмсан гэж мөрөөдөж явдаг дүр бий юу? Цаашдаа кинокарьераа үргэлжлүүлэх бодол байна уу?

-Би хэзээ ч киноны талаар мөрөөдөж байгаагүй. Үнэндээ бол би хэн нэгэнд кинонд хэрэг болно гэж бодож байгаагүй. Надад үе үе жижиг дүр санал болгодог нь миний хувьд том амжилт. Кинонд, театрт мэргэжлийн жүжигчид тоглох ёстой гэж боддог. Гэхдээ энэ жил би театрт хүчээ үзсэн, намайг чадаж байна гэсэн болохоор цаашдаа ч санал болгож байгаа жижиг дүрд тоглосоор байх болно. Хэрвээ найруулагчид жүжигчнийхээ хувьд би таарч тохироод, надад бас таалагдвал дуртайяа тоглоно. Ер нь бол кинокарьер үргэлжлүүлэх бодолгүй байна. Учир нь дахиад хэлье, кинонд мэргэжлийн жүжигчид тогловол сайн кино бүтнэ.

-Та Малый Бронный театрт хоёр жүжигт тоглож байгаа. Энэ талаараа яриач?

-Юутай ч зүйрлэшгүй том туршлага. Найруулагч Александр Молочниковын “Бульба. Пир” жүжиг миний амьдралын хэцүү үеийн нэг. Гэвч би нэг ч хором, өвдөг тохойн шалбархайдаа огт  харамсаагүй. Найруулагч бас харамсаагүй байх гэж найдаж байна. Тоглоход биеийн хувьд бас их хэцүү дүр. Маш их цохиж, нүдэж, өөрийгөө унагадаг. Энэ жүжиг миний тусгай хайр. Харин Саша Денисовын “Бэтмен Брежневын эсрэг” жүжгээр би Малый Бронный театрт ажлаа эхэлсэн. 2 дугаар сарын 11-нд нээлт нь болж, үзэгчдийн өмнө анх удаагаа тоглоно. Хүмүүс сайнаар хүлээж авах байх гэж найдаж байна. Гэхдээ энэ нь миний яаж тоглохоос шалтгаална л даа. Сэтгэл хөдлөл байна. Ер нь бол их сайхан жүжиг, инээж болно, уйлж болно- бүгдээрээ ирж үзээрэй. Саша Денисов гайхалтай драматургч, өөрөө зохиосон, таалагдахгүй байна гэж байхгүй.

-Таньд одоо театр илүү сонирхолтой байна уу? Эсвэл дүрээсээ шалтгаалж байна уу?

-Миний оролцож байгаа бүх зүйл надад таалагддаг. Театр, телевизийн төсөл, киноны жижиг дүр, цэнгээнт нэвтрүүлэг, Instagram-ийн реклам. Энэ бүгд миний хувьд их хүч шаарддаг ч нэг том зугаа. Би бүх зүйлд энгийн хандахыг хичээдэг. Ажилдаа хийхэд хэцүү гэж хандахын бол энэ бүгд мэдрэгдэнэ. Тиймээс хөнгөн хандахыг хичээдэг, болохгүй бол татгалздаг.

-Одоо олон ангит цуврал кино их нэрд гарч байна. Олон ангит кинонд тогломоор байна уу? Тийм бол ямар?

-Инээдмийн сериалд тогломоор байна. Жишээ нь “Дрянь” надад маш их таалагддаг. Иймэрхүү зүйл надад санал болговол хэзээ ч татгалзахгүй.

-Сүүлийн асуулт LOVE киноны тухай. Хэнийг үзээрэй гэж зөвлөмөөр байна?

-Энэ киног хосуудаас гадна, хайраа олоогүй байгаа хүмүүс бас үзээрэй гэж зөвлөмөөр байна. Энэ кино тайвшруулдаг, найдвар төрүүлдэг, өнөөдөр дутагдаж байгаа сайн сайхан, гэгээлэг зүйлд итгүүлдэг. Энэ амаргүй өдрүүдэд гарч байгаад миний хувьд их чухал байна. Одоо хүмүүсийг инээлгэх кино хийх хэрэгтэй байна. Сэтгэл сэргэмэгц бидэнд сайн сайханд итгэх итгэл бий болно.

Эх сурвалж: кино-театр.ру