З.БАТЦЭЦЭГ

“Би тийм ч таатай орчинд өсөөгүй. Надад ээж, аавтайгаа ярих юм байдаггүй, хэн ч надаас ямархуу байна гэх мэтчилэн асууж байгаагүй. Миний аав Их Хямрал, дэлхийн 2-р дайн, 50-иад оны амаргүй үед амьдарч байсан. Тэрээр бүх зүйлд хандахдаа “Бодит зүйлтэй нүүр тулгарч, түүндээ дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй. Өөр арга байхгүй” гэдэг байсан хэмээн хоёр удаагийн Оскар болон өөр бусад олон шагналын эзэн Том Хэнкс ярьж байна.

Алек Болдуин нэг удаа хэлсэн байдаг. “Бид бүгдээрээ эцсийн эцэст Том Хэнксийн татгалзсан дүрд тоглодог. Энэ дэлхий бол Томынх. Бид зөвхөн үүнд нь амьдардаг л хүмүүс” гэж. Болдуины хошигнож хэлсэн үнэн байх. Цаг хугацаа, баатрууд өөрчлөгдөж байгаа ч Том хэвээрээ. Түүний ертөнцөд дүр хангалттай. Үүнийг батлахын тулд хийсэн ажилых нь жагсаалыг харахад л хангалттай.

Томоохон хайлтын сайт 2020 онд хамгийн эрэлттэй байсан үг, нэрсийг жагсаахад жүжигчид дотор тэр эхэнд бичигджээ. Магадгүй коронавирус тусмагцаа үүнийгээ зарласан эхний олны танил хүн байх. Цар тахал дөнгөж эхэлж байсан үе. Алдартай хүмүүс хүртэл энэ өвчнөөр өвчилж болдог гэдэг нь таагүй нээлт болсон байх.

Америкийн шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хөтөлж байхдаа тэрээр гадаа дан пиджактай зогсож байхад интернэтээр хүмүүс түүнд санаа зовон хэн нэгэн түүнд хүрмээ өгчихгүй юм байх даа, ханиад хүрчихнэ дээ гэж санаа зовон бичицгээж байлаа.

-Та хамтарч ажилласан найруулагчтайгаа эргэж дахин ажилладаг. 1984 онд Рон Хауардын “Splash” кинонд тоглосны дараа түүний кинонд таван удаа тоглосон. Спилбергтэй мөн таван удаа ажилласан. Одоо Пол Гринграссын “News of the World” кинонд мөн тоглолоо (урьд нь тэрээр түүний “Ахмад Филлипс” кинонд тоглосон).

-Тийм ээ, миний урьд нь хамтарч ажилласан бүх хүмүүсийн өвс илүү ногоон байх шиг санагддаг. (инээв).

-Дахиад л та баатрын дүрд тоглож байна, энэ удаа XIX зууны. Хүнд нөхцөлд зориг гаргаж байгаа энгийн хүний дүр бүтээж залхахгүй байна уу?

-(инээв). Надад таалагддаг. Үйлдлээрээ эргэн тойрон, хүмүүст, амьдралд муу ханддаггүй баатарт анхаарлаа хандуулах их чухал. Маш их аюул тулгарсан үед ер бусын үйлдэл хийх чадвартай эрчүүдийн тухай уншиж, өгүүлэх би дуртай. Нөхцөл байдлаас шалтгаалан хоромхон зуур ул үндсээрээ өөрчлөгддөг ийм түүх надад маш их таалагддаг. Камерын өмнө ч болтугай эдгээр залуучуудын оронд байж үзмээр байна. Уг нь би урд нь хурц тод, муу залуучуудын дүрд тоглосон ч таны хэлж байгаа дүрд тоглох дуртай. Дуудлагыг өөртөө хүлээж авч чаддаг, эерэг хүний дүрд хувирах сайхан байдаг.

-Ойлгомжтой. Та өөрөө ч бас баатар хүн. Тиймээс үзэгчид таньд хайртай байдаг. Та болон таны дүр бараг нэг хүн шиг. Хүмүүс энийг мэдэрдэг. Ямар ч Станиславын систем хэрэггүй. Гэхдээ та яаж яваад энэ вестернд тоглох болов оо?

-Энгийн баатарт тоглох дуртай болохоороо вестернд тоглоллоо. (инээв). Миний баатар бол сайхан сэтгэлтэй, сэтгэл хөдлөлтэй, хүмүүст үнэнийг хүргэх ёстой гэж бат итгэсэн хүн. Тэгээд сайн өгүүлэгч. Би түүх сонсож, тэрийгээ ярих дуртай. Сайхан түүх байсан болохоор надад таалагдсан. Иргэний дайн дууссаны дараа 1870 онд үйл явдал нь өрнөдөг. Миний баатар ахмад дайчин сайн дураараа мэдээ түгээгч болдог. Хамгийн алс холын бөглүү газруудаар явж хүмүүст сонин уншиж өгдөг. Тэрээр хүмүүсийн хувьд гадаад ертөнцөөс ирсэн, мэдээлэл түгээгч, соён гэгээрүүлэгч. Өөрөөр хэлбэл интернет л гэсэн үг. (инээв). Орчин үетэй адилхан болсон л гэж бодож байна. Худлаа мэдээ, буруу мэдээ гэх мэт өдөр бүр биднийг энэ бүгдээр хооллож байна.

-Энэ бараг таны шоу. Жүжигчин хүний хувьд. Энэ кинонд таны баатар дөрвөн настай байхдаа Индианчуудад хулгайлагдсан 10 настай охинтой таардаг. Та түүнийг гэрт нь хүргэж өгөх гэж оролддог....Уг дүрд тоглосон Германы жүжигчин Хелена Зенгель Америкт иртлээ таныг тухай мэддэггүй байсан гэж үнэн үү?

-Үнэн. Их сэргээсэн мэдээ байсан шүү. (инээв). Манайг мэдэхгүй хэвээрээ байгаасай гэж хүсэж байсан ч түүнд хэлээд амжсан байсан. Түүнд чадахаараа тусалсан. Өөрөө тоглоогүй үедээ камерын ард зогсож дэмжсэн. Нүүрийг нь томоор татаж камерт бичихэд Хеленаг зөв харуулахын тулд уйлж хүртэл үзсэн.

-Өнгөрсөн жил танд болон таны эхнэрийн хувьд хүнд жил байсан. III сард Австралид та Элвис Преслигийн тухай кино зураг авалтын үеэр ковидоор өвдсөн?

-Би Элвисийн биш, түүний туслахын дүрд тоглосон гэдгийг та гадарлаж байгаа биз дээ. (инээв). Саяхан Австралиас зураг авалтын дараа буцаж ирлээ. Бид бүх дэглэмийг бариад киногоо хийж дууслаа. Би эхнэрээ бодвол хөнгөн өвдсөн. Хүч тамир бага байсан болохоор спортоор л хичээллэж чадаагүй. Харин Рита угийн бие нь таагүй байсан дээрээс халуураад, амт, үнэр алдаад, жорлон орох гэж мөлхөж байсан. Азаар эмнэлэгт цөөхөн хоноод гарсан. Хөл хорио дуусах үед их дээрдсэн байсан. Аяга тавгаа угаагаад, угаасан хувцсаа хураачихаад амрах гэж буйдан дээр суухаа болисон байсан. Рита бид хоёр хүнд халдаачих вий гэж их айж байсан. Би хэлдэг юм, ковидын энэ томъёг цааш нь дамжуулж болохгүй гэж. Бид маскаа зүүж байгаа, бүгдэд нь бас зөвлөж байна.

-Вакцин яах уу?

-Бид нэн шаардлагатай хүмүүсийн дараа болъё гэж бодож байна. Бид эхний ээлжинд биш гэдэг нь илт шүү дээ. Рита бид хоёр хоёр ч удаа ийлдсээ өгсөн, энэ өвчнийг судлаж, эмчлэхэд их тус болох байх гэж найдаж байна.

-Цар тахлаас болоод таны тоглосон “Грейхаунд” кино өргөн дэлгэцнээ гаралгүй, онлайн гарсанд таныг бухимдсан гэж сонссон юм байна?

-Цар тахлаас өмнө ер нь тэр зүг рүүгээ л явж байсан л даа. Энэ галт тэрэг аажуухан ч, яг чиглээд ирж байсан. Маш их кино телевиз, интернэт рүү шилжиж байна. Эдгээр кино нь анхнаасаа л дэлгэцнээ гарах төлөвлөгөөгүй байсан. Энэ гайхалтай. Энэ цаг үед гэртээ хүмүүсийг кино үзэх боломж олгоно гэдэг. Тийм болохоор би дургүйцаагүй ээ, гэхдээ үзэгчидтэй хамт өргөн дэлгэцнээ үзнэ гэж бодож байсан. Уламжлалт аргаар...Одоо бол марвелийн блокбастерууд шиг том бүтээлүүд кинотеатрт хүн цуглуулж чадах байх гэж бодож байна. Одоо хүмүүсийг кинотеатрт цуглуулахын тулд ямар нэгэн хүчтэй, томоохон кино байх ёстой болоод байна. Гэхдээ энэ нь зөв, ийм киног том дэлгэцэн дээр л үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сүр жавхлан, сэтгэгдэл байхгүй болчихно. Гэхдээ орчин үеийн телевиз гэртээ иймэрхүү кино үзэж болохоор болчиж.

-Кинотеатр ер нь амьд үлдэх болов уу?

-Мэдээж. Гэхдээ юу үзүүлэх бол? гэдэг асуулт хэвээр үлдэж байна.

-Та 2019 онд бүх хөршийнхөө амьдралыг үлгэр шиг болгодог “A beautiful day in the neighborhood” кинонд мистер Рожерын дүрд тоглосны дараа бүгд таныг Рожерс гэж дуудах болсон...

-Би татгалзахгүй ээ. Түүнд аз жаргалын гурван нууц байсан. Сайхан сэтгэлтэй байх, сайхан сэтгэлтэй байх, сайхан сэтгэлтэй байх. Сайхан сэтгэл гэдэг үг хоосон үг болж хувирсан юм шиг санагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд шатахуун түгээгүүрт зогсож байгаа хүн ч бас тантай адил азгүй өдөр нь байж болно, та сэтгэлээсээ гар барьвал сайхан сэтгэлийн илрэл.

-Ийм аавтай таны дөрвөн хүүхэд хүн чанарын дээд байх ёстой доо, танд бол энэ чанар хангалттай байдаг. (Анхны эхнэрийн хүү, охин хоёр нь амжилттай яваа жүжигчид. Рита Уилсонтой гэрлээд 2 хүү гарсан. Хүү Честер нь хар тамхинд донтож эмчлүүлж, нэг бус удаа ээж аавдаа асуудал тарьж байсан. Гэхдээ Том эхнэртэйгээ үргэлж хүүгээ дэмжиж, жаахан ч гэсэн амжилт гаргах бүрт түүнийг нь зарлаж урамшуулж байсан/.

-Бүх эцэг, эхч намайг ойлгох байх, би хүүхдүүддээ байнга хайр түгээхийг хүсдэг. Ямар их хайртайгаа байнга хэлэх. Буруу үед нь уучилж сурах, туслах. Би таагүй орчинд өссөн. Надад ээж, аавтайгаа ярих юм байдаггүй, хэн ч надаас ямар байна гэх мэтчилэн асууж байгаагүй. Аав, ээжийн толгойд тийм бодол орж ирж байгаагүй. Олон хүн тйим байсан байх. Жишээ нь хэн ч надаас долоон жилд долоон газар руу нүүх ямар байгаа талаар асууж байгаагүй. Миний аав Их Хямрал, дэлхийн 2-р дайн, 50-аад оны амаргүй үед амьдарч байсан. Тэрээр бүх зүйлд хандахдаа: бодит зүйлтэй нүүр тулгарч, түүндээ дасан зохицож амьдарч сурах хэрэгтэй. Өөр арга байхгүй гэдэг байсан. Өнөөдөр бол бүх зүйл өөр. Цагаа олж уучлал гуйж сурах хэрэгтэй. Хүүхдүүдээсээ. Хүүхдүүддээ өгөх хамгийн энгийн, хамгийн ухаантай, хамгийн хэрэгтэй зүйл бол хайраа өгөх. Хүүхэддээ би чамд хайртай гэдгийг олон удаа хэлж байх. Хэдэн настай ч байсан, юу ч хийж байсан....

-Элвис Преслигийн тухай кино хийж байхдаа түүний эхнэр Присцилла Преслитэй та уулзсан уу?

-Рита бид хоёр түүнтэй найзууд. Тийм ээ, хэд хэдэн удаа хамт хооллосон. Би өөрийхөө дүрийн талаар түүнээс асуух бүрт түүний хариулж байсан нь их инээдтэй. Том Паркер их мэдрэмжтэй, сахилга баттай, гэхдээ түүний хажууд байхдаа үргэлж түрийвчиндээ анхаарлаа хандуулж байхгүй бол болохгүй. Шууд болон цаад утгаараа. Түүнийг бүгд хурандаа Том гэж дууддаг байсан. Мэдээж би Присциллаг түүнд итгэдэггүй, дургүй талаараа ярина гэж бодож байсан ч, тэр хэлэхдээ түүнийг гайхалтай хүн байсан, бурхан болсонд нь харамсаж байна гэж хэлсэн. Тэр тэднийг их харж, халамжилдаг байсан юм билээ. Жаахан хуурамч, луйварчин байсан гээд одоо яах ч билээ дээ.

-Энэ дүрд зориулж та үсгүй болсон уу?

-Зүгээрээ, ургаж байгаа. Малгай өмсчихнө, харин ч эвтэйхэн. Сүртэй юм биш, усанд цөөн орно, ус хэмнэнэ, бүгдээрээ ийм үстэй болбол яасан юм? (инээв).

-Та Спилбергтэй найзалдаг талаараа яриач. Та хоёр дайны сэдэвтэй сериал дээр хамтран ажиллаж байгаа юу?

-Спилбергтэй би бүүр “Saving private Ryan” киног хийхээс өмнө танилцсан. Бие биенээсээ холгүй амьдардаг, манай хүүхдүүд хоорондоо найзууд, нэг нэгнийхээрээ зочилдог байсан. Стивен миний адил юм унших дуртай, түүхэн уран зохиол сонирхдог. Бид хоёрын ижил тал. Үүнээс л “Saving private Ryan” киног хийх санаа төрсөн. Дэлхийн II дайны үеэр болсон явдал дээр сэдэвлэн бүтээсэн. Түүнээс хойш хоёулаа зохиол хамт хайгаад, хамт ажилладаг болсон. 2011 онд хоёулаа нэгдээд Band of brothers номоор сериал хийсэн. (Уг сериалд английн жүжигчин Дэмьен Льюис тоглон Хоlливудын од болж Эммигийн 6 шагнал, Алтан бөмбөрцөг, өөр олон шагнал авсан). Одоо “Masters of the air” нэртэй дайны үеэр Германыг бөмбөгдөж байсан нисгэгчдийн тухай сериал дээр ажиллаж байна. Бодит сэдэв, архивын материал, ахмад дайчидтай хийсэн ярилцлага, бичлэг дээр үндэслэн хийж байгаа.

-Ажилд та хоёрын нөхөрлөл саад болдоггүй юу?

-Спилбергийн кинонд тоглоход найруулагчийн боссын үгэнд ордог. Миний даалгавар бол түүний хүсэж байгаа зүйлийг өгөх. Заримдаа би түүнтэй санал нийлдэггүй ч, зөрчилдөөн амархан шийдвэрлэгддэг. Хүний саналыг сонсдог найруулагчдын нэг. Голдуу бид өглөө эрт зураг авалтын талбай дээр ижил хуудас, ижилхэн улаан балаар тэмдэглэсэн уулздаг. Тиймээс би зоригтойгоор Стивенд “босс би чамд хайртай” гэж хэлж чадна. (инээв).

-Та кино түүхэнд үүрд үлдэх олон хит кинонд тоглосон. Та өөрийн цуглуулсан мөнгөө Роберт Земекисд хандивлаагүй бол “Форрест Гамп” кино бүтэхгүй байсан гэж үнэн үү? (Уг кино 1994 онд 6 Оскар авч, прокатад 680 сая долларын ашиг олсон).

-Студи уг киног ингэж амжилтад хүрнэ гэж тооцоогүй. Үлдсэн хэдхээн хэсгийн зургийг дахин авах гэтэл студи мөнгө гаргадаггүй. Форрестийн Америкийг тойрч гүйдэг хэсгийн зураг авалтыг хийх хэрэгтэй байсан юм. Өөр бас хэдэн сцена. Роберт надад өртгийг нь хэлсэн. Их мөнгө байсаан, үнэн. Тэр надад энэ мөнгийг хуваагаад хамтдаа студид өгье гэж санал болгосон. Гэхдээ олсон орлогоо бидэнтэй хуваалцвал. Анхандаа бидэнд санал болгосон орлогын өчүүхэн хувийг нэмбэл. Тэд зөвшөөрсөн, яагаад гэвэл анхнаасаа орлого олохгүй гэж бодсон байсан. Дараа нь харамссан байх л даа. Гэхдээ бүгд сэтгэл хангалуун үлдсээн. Би анх тохирсоноосоо их мөнгө авсан. Надад энэ дүрд тоглоход анхнаасаа хэцүү байсан. Ялангуяа эхний өдрүүдэд. Өөрийхөө дүрд яаж хандах аргаа олохгүй. Зураг авалт эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа Роберт намайг дуудаад авсан зургуудыг ашиглахгүй, учир нь бид хоёр хоёулаа мэднэ, чи сайн тоглож чадахгүй байна гэж хэлсэн. Дүрдээ орох гэж их хүчлээд хэрэггүй гэж зөвлөсөн нь их хэрэг болсон.

-Та саяхан Грекийн иргэн болсон. Энэ таны эхнэрийн ач уу? (Рита Уилсон Болгар-Грек цустай).

-Рита бид 2 Грект дуртай. Цар тахлаас өмнө Грекийн Антипоросе арал дээр очиж их амардаг байсан. Тэгээд нэгэн удаа Грекийн ерөнхийлөгч биднийг хүндэт биш, бүүр жинхэнэ иргэн болгох шийдвэр гаргасан. Ритатай учирснаас хойш бараг 30 гаруй жил би өөрийгөө эллин (эртний Грекийн домогт Грекийн ард түмний үүсгэн байгуулагч) гэж мэдэрдэг. Грек бол газар дээрх диваажин. Би дэлхийн олон орноор аялж байсан, олон сайхан гэзэр үзсэн. Гэхдээ миний хувьд Грек юутай ч зүйрлэшгүй. Газар, тэнгэр, далай- энэ бүгд сэтгэлийг анагаадаг....

Эх сурвалж: www.7dn.ru