Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон монголын түүхэнд хоёрдугаар сарын 12-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Цагаан сар нь монголчууд бидний өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1554.02.12. Хатагтай Жейн Грейг Английн хатан хаан болсноос ес хоногийн дараа улсаасаа тэрсэлсэн гэж үзэн цаазалжээ.

1593.02.12. Солонгосын Хаенжү хотыг бүсэлсэн Японы 30 мянган дайчны эсрэг, Жосон улсын 3,000 цэрэг жанжин Квон Юүлийн удирдлага дор тэмцэж, ялалт байгуулжээ.

1733.02.12. Английн аялагч Жеймс Оглеторп Жиоржиа мужийг нээн илрүүлж, Их Британийн 13 дахь колони болгов.

1771.02.12. Шведийн хаан ширээнд III Густаф суужээ.

1817.02.12. Аргентинийн чөлөөлөх арми Андийн нурууг давж, Чилийг чөлөөлөх зорилгоор Испанийн армитай тулалдав. Түүхэнд энэ тулааныг Чакабукогын тулаан гэж тэмдэглэсэн байдаг билээ.

1818.02.12. Чилийн тусгаар тогтнолын тунхагыг Бернардо О'Хиггинс Консепсион хотын ойролцоо боловсруулжээ.

1851.02.12. Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Бетхөрст орчмоос Эдуард Харгрейвс гэгч алт илрүүлж, улмаар Австралийн алтны халуурал эхэлжээ.

1855.02.12. Мичиган мужийн их сургууль байгуулагдав.

1954.02.12. Дэлхийд хамгийн анх удаа компьютерт суурилсан LEO компани үйл ажиллагаагаа эхэлжээ.

1962.02.12. ЗХУ Сугар гариг руу "Венера 1" сансрын хөлгөө хөөргөв.

1974.02.12. ЗХУ-аас дүрвэсэн алдарт зохиолч Александр Солженицин Нобелийн уран зохиолы шагналаа дөрвөн жилийн дараа өөрийн биеэр гардан авчээ.

Эх сурвалж www.zms.mn