Зургаан жил хүлээгдсэн банкны салбарын дөрвөн том шинэчлэл

0
хуваалцах
325
үзсэн

С.УЯНГА

Намрын чуулганы хаалтын босгон дээр банкны хуулийг амжиж баталлаа. Үе үеийн парламентаар банкны хууль яригдах болгонд энд тэндээс лоббидсоор зургаан жил урагшлуулаагүй. Харин энэ удаагийн УИХ харьцангуй богино хугацаанд шуурхай батлав. Манай улсад өнөөдөр 35.8 их наяд активын хөрөнгөтэй арилжааны 12 банк  бий. Эдгээр банкуудыг тус бүр  1-4 хүн  эзэмшдэг бол нэг л банкийг  20 хүрэхгүй  хүн дангаараа эзэмшиж байгаа юм. Харин хуулийн өөрчлөлтөөр банкны салбарт дөрвөн томоохон шинэчлэл хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнц­вэр­тэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой. Түүнч­лэн арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирд­лагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээ­лийн хөгжилд эерэгээр нөлөө­лөх олон давуу талыг бий болгоно гэдгийг хууль са­наач­лагчид хэлж байгаа юм.

1. Банкийг нээлттэй болгох

Үйл ажиллагаа явуулж байгаа 12 банкны нөлөө бүхий тав хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэг хүлээв. Харин бусад банкуудад нээлттэй эсвэл хаалттай хувьцаат компани байх сонголтыг  үлдээлээ.

2.Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна

Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй.

3. ТӨЛБӨР БАРАГДУУЛАХ

Банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт тусгасан. Энэхүү шинэчлэлийн хүрээнд  иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авна.

4. ИЛ ТОД БАЙДАЛ

Банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгав. Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлага нь өргөн хүрээнд тавигдах болж байна.

 

БАНКНЫ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН ЭДИЙН ЗАСАГЧДЫН БАЙР СУУРЬ

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нийт дүнгээрээ зээлийн хүү буурна

-Монголын банкуудын 6-7-нд системийн нөлөө бүхий банк гэж нэрлэгдэж байгаа. Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр хамгийн чухал нь  банк хувьцаат компанийн хэлбэртэй болж байна. Өөрөөр хэлбэл, банк олон хувьцаа эзэмшигчтэй болж өөрийн хөрөнгө нэмэгдэнэ, хадгаламжийн хүү буурч, нийт дүнгээрээ зээлийн хүү буурна гэж үзэж байгаа.  Мөн банк өөрийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргана, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: ТУЗ-ын гишүүний бүрэлдэхүүн есөөс дээш болно

-Хууль хэрэгжсэнээр эзэмшлийн төвлөрөл буурна. ТУЗ–ын гишүүний бүрэлдэхүүн есөөс дээш болно. Гишүүдийн гуравны нэгээс дээш нь хараат бус байна. Мөн иргэд аж ахуйн нэгжүүд банкныхаа эзэн нь болох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд 200-250 тэрбумын ашигтай ажилладаг банкны эзэд болох боломжтой. Маш том боломж нээгдэж байна. Санхүүгийн зах зээл, эдийн засагт  эерэг үр дүн авчирна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 30 жилийн эрх мэдлийг “задаллаа”

- Өнөөдрийг болтол 30 жил энэ хэдэн банкны эздийн шуналаар өдий зэрэгт хүртэл явсан нь харин ч удлаа. Банкны эздийн хаанчлалыг таслан зогсоох оролдлого Монголын үе үеийн парламентэд явсан. Өнөөдөр харин батлагдлаа.  Банкны хуулийн шинэчлэлийг хүчтэй дэмжиж, ажлын хэсгийг ахалсан гишүүд рүү зохион байгуулалттай, санхүүжилттэй дайралтуудыг хийсэн. Үеийн үед харлуулан, дарамталж, шантаачилж ирсэн.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задална

-Хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн системийн 10 хүрэхгүй хувийг л эзэлж байгаа. Банк нээлттэй компани болж, санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэ бүтээгдэхүүн гаргаснаар санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэж, энэ зах зээлийн хөгжилд том хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Тэгэхээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд энэ хууль тодорхой ач холбогдолтой.

Эдийн засагч Г.Батжаргал: ТУЗ-д нь жижиг хувьцаа эзэмшигчид орж санал бодлоо илэрхийлнэ

- Банкны дүрмийн санг шат дараалсан байдлаар хугацаа зааж нэмдэгтэй адилаар үе шаттайгаар л явах нь зөв байх. Ер нь банкуудын хувьд зориудаар л хөрөнгө оруулагчдыг хуурч, мэхэлье гэхгүй бол хөрөнгийн зах зээл дээр гарахад асуудалгүй. Мэдээж банкийг нээлттэй болгосноор ач холбогдол их. ТУЗ-д нь жижиг хувьцаа эзэмшигчид орж санал бодлоо илэрхийлнэ, дуу хоолойгоо хүргэнэ. Банк харилцагчдад чиглэснээс бусад мэдээлэл нь нэг их нээлттэй биш байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.4 ПҮРЭВ № 25 (6502)