Ц.МЯГМАРБАЯР

 

2020 оны эдийн засгийн төлөв байдлыг бүхэлд нь COVID-19 цар тахал “тодорхойлов”. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, дотооддоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, иргэдийн зорчих хөдөлгөөнийг багасгасан. Үр дүнд нь дэлхийн даяар улс орнуудын эдийн засаг агшсан жил байлаа.

Монголын хувьд ч цар тахлын энэхүү нөлөөллөөс ангид байгаагүй. Оны эхэн үед цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилээ хаасан. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласан билээ. Гадаад зах зээл дээр түүхий эдийн ханш унаж, дотоодод цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил хумигдсан зэргээс шалтгаалан хоёрдугаар улирлын байдлаар эдийн засаг -9.7 хувиар унаж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4.2 хувиар суларсан. Цар тахал ийнхүү дотоодын эдийн засагт 2020 оны эхний хагас жилд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн хэдий ч түүнээс хойших хугацаанд эдийн засаг тогтворжиж ирсэн. Үүний үр дүнд эдийн засгийн уналт саарч, төгрөгийн ханш ч харьцангуй тогтвортой байлаа.

Үнэндээ COVID-19 цар тахал Монголын эдийн засагт эхэн үедээ хүндрэл үүсгэсэн ч том агуулгаар нь харвал дотоодын эдийн засагт байсан олон гажуудлыг засч өгсөн гэхэд хилсдэхгүй. Энэ нь гадаад худалдааны ашгийн өсөлт, төлбөрийн тэнцлийн алдагдлын бууралтаар тайлбарлагдаж буй билээ. Зарим тоон мэдээллийг түшвэл, гадаад худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх онтойгоо харьцуулахад 52.9 хувиар өслөө. Цар тахлын нөлөөгөөр онцын шаардлагагүй импортын зардлууд (аялал жуулчлал, тээвэр, тансаг хэрэглээний бусад импорт) хумигдсан. Үүний нөгөө талд уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотойгоор экспортын орлого нэмэгдсэн нь гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засагт эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид алт руу хошуурсан нь “шар металл”-ын ханшийг түүхэн дээд хэмжээнд хүргэв. Яг энэ үед Монгол Улс 23 тонн алт худалдан авч, экспортолсон нь мөн л орлогыг нэмэгдүүлэх чухал суурь болсон байна. 

Манай улсын экспортын гол түнш болох БНХАУ-ын эдийн засаг цар тахлын нөлөөллийг маш богино хугацаанд гэтэлгэж, эргээд сэргэж байгаа нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж, улмаар үнэ өссөөр байна. 2020 оны хувьд голлох түүхий эдүүдийн ханш 20-оос дээш хувиар өсчээ. Тухайлбал, нүүрсний үнэ 22.7 хувиар, алтны үнэ 25.1 хувиар, зэсийн үнэ 25.8 хувиар өссөн байна.

 Цаашид цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионоос үүдэн гадаад худалдаанд үзүүлж буй нөлөөлөл 2021 оны эхний хагас жил хүртэл үргэлжилж, 2021 онд төлбөрийн манай улсын төлбөрийн тэнцэл 614 сая ам.долларын ашигтай байх эерэг хүлээлттэй байгаа аж.

Монгол Улсын гадаад валютын нөөц 2020 оны эцэст 4.5 тэрбум ам.долларт хүрлээ. Мөн 2020 онд Засгийн газар, Монголбанк хамтран “Номад” бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжаалснаар өндөр хүүтэй гадаад төлбөрүүдийг дахин санхүүжүүлж, төлбөрийн хугацааг хойшлуулсан билээ. Тиймээс энэ оны хувьд төлөх ёстой томоохон өр төлбөр байхгүй байна.

Энэ бүх эерэг таатай нөлөөллүүд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхний хоёр долоо хоногийн байдлаар 2849.92 төгрөгтэй тэнцэж байв. Шинжээчид энэ оны туршид төгрөгийн ханш тогтвортой байх бөгөөд ханшид сөргөөр нөлөөлөх хүчин зүйл харьцангуй бага бага байгааг онцолж буй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)