Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд хоёрдугаар сарын 1-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

One Direction хамтлагийн гишүүн, дуучин Харри Стайлес 1994 оны энэ өдөр мэндэлжээ. Харри Стайлсыг One Direction хамтлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Харри Стайлес 2010 онд The X Factor шоунд тэнцэхээсээ өмнө "White Eskimo" нэртэй панк, поп хамтлагийн гоцлол дуучин байжээ. Тэрээр од болохоосоо өмнө халаасны мөнгө олох зорилгоор нарийн боовны дэлгүүрт ажиллахын зэрэгцээ хамтлагтаа дуу зохион хөгжмийн авъяасаа хөгжүүлдэг байжээ. Гэхдээ Английн Реддитч хотоос гаралтай хэний ч танихгүй нэгэн залуугийн хувь тавилан The X Factor шоуны шалгаруулалтад орсноор хормын зуур өөрчлөгдсөн билээ. Хэдийгээр Харри соло дуучны төрөлд нэвтрүүлгийг үргэлжлүүлж чадаагүй ч шоуны продюсер, шүүгч Саймон Коуэлл түүнийг дөрвөн өөр авъяаслаг залуугийн хамтаар хөвгүүдийн хамтлаг бүрдүүлж оролцохыг санал болгосноор "One Direction" хамтлагийн "эрин үе" эхэлсэн түүхтэй. Түүнчлэн Их Британийн залуу дуучин хөгжмийн карьераас гадна, кино урлагт ч бас хүчээ сориод амжжээ. Түүний хамгийн сүүлд оролцсон томоохон хэмжээний төслөөс дурдвал "Dunkirk" нэртэй Дэлхийн II дайны тухай кино бий. Уг киног алдарт найруулагч Кристофер Нолан найруулж, хөгжмийн зохиолыг Ханс Циммер бичсэн бөгөөд 2017 оны долоодугаар сарын 21-нд нээлтээ хийжээ. Түүний анхны бие даасан цомог нь "Harry Styles” энэхүү цомгоо гаргаснаас хойш түүний хөгжмийн замнал нь гэрэлтсэн гэж хэлж болно.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1897.02.01. Өмнөд Солонгосын хамгийн хуучны банк болох Шинхан банк Сөүл хотноо нээгдэв.

1908.02.01. Португалын хаан I Карлос болон түүний том хүү Луйс Филиппэ нар Лисабон хотын гудамжинд хувьсгалчидийн гарт алагджээ.

1913.02.01. Монгол Улс өөрийн хязгаар нутаг Өвөр Монголын ихэнх хошуудыг чөлөөлөв. Монгол Улсын Засгийн газар Өвөр Монголыг хятад цэргээс чөлөөлж улс үндэстнээ нэгтгэн, хязгаар нутгаа батлан хамгаалахаар Дотоод чуулганы Чуулалт хаалга, Бат хаалга, Долон нуур, Хөх хот, Бугат хотын чиглэлд таван замаар цэрэг хөдөлгөхөөр шийдвэрлэж зүүн өмнө хязгаарын цэргийг захирах жанжинд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг томилжээ.

1918.02.01. Хаант Орос улс Григорийн тоололд албан ёсоор шилжив.

1924.02.01. Их Британи улс ЗСБНХУ-ыг хүлээн зөвшөөрчээ.

1942.02.01. "Америкийн дуу хоолой" радио, телевизийн нэвтрүүлэг бэлдэх эрхийг АНУ-ын засгийн газраас албан ёсоор авав. Дайны жилүүдэд тус радио станц Зөвлөлтийн нутгуудад өөрсдийнх нь хэлээр цацгдаж байжээ.

1946.02.01. Норвегийн улстөрч Трайгве Лиэ НҮБ-ын хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1960.02.01. Хойд Каролина мужийн Гринсборо хотод 4-н Африкийн Америк оюутан өөрсөдөд нь үйлчлэхээс татгалзсан хоолны газрыг эсэргүүцэн суулт хийжээ.

1964.02.01. Алдарт "Бийтлз" хамтлаг АНУ-д хамгийн анх удаагаа хит болсон "I Want to Hold Your Hand" дуугаа цацав.

Эх сурвалж www.zms.mn