Б.ДОЛЖИНЖАВ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2021.01.26) хуралдаан 09:22 минутад 62 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр  гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуяны өгсөн мэдээллийг хүргэж байна.

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 28359 иргэнээ татан авсан. Өнөөдрийн байдлаар манай улсад 1659 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 75 хувь нь дотоодын халдвар байна. Иймд дотоодын халдварын тархалт болон тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад улс оронд гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хотод 39 тусгаарлах байр буюу зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага байна.Одоогийн байдлаар 31 тусгаарлах байранд дотоодын болон тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээ тусгаарласан. Өнөөдрийн байдлаар есөн тусгаарлах байранд 800-1000 хүнийг хүлээн авах боломжтой.

-Өнгөрсөн  арваннэгдүгээр сард  хийх байсан тусгай үүргийн таван нислэг цуцлагдсан. Тиймээс энэ сард гурван удаагийн нислэгийг үйлдэхээр төлөвлөсөн. Хоёрдугаар сард иргэдээ татан авах үйл ажиллагааг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байхаар төлөвлөж байна. Ингэвэл ирэх сард 800-1000 иргэнээ татан авах боломжтой болно. Гол бэрхшээл тусгаарлах байртай холбоотой байдаг. Өвлийн улиралд зөвхөн зочид буудлыг л ашиглах боломжтой.Гэвч эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, харуул хамгаалалт зэрэг олон шаардлага хангахгүй байгаагаас халдвар алдах эрсдэл өндөр байна. Тусгаарлах байрны нэг өдрийн зардал нь 50 мянган төгрөг. Үүнээс өндөр бол иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг.

Эх сурвалж: www.polit.mn