Б.ТУУЛ 

“Монгол-Францын төв” -ийн хамт олон хөл хорионы дэглэм мөрдөгдөж буй энэ өдрүүдэд  гэртээ суугаа  хүүхэд залууст болон номд дуртай, номыг шимтэн уншдаг хэн бүхэнд зориулан “Шөнийн уншлага” хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж эхлээд байна.  
Энэхүү уулзалт нь цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд анхны уулзалтад Дэлхийн урлаг, соёлын академийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёог урьж оролцуулжээ.  Уг уулзалтад Франц улсаас  Монголын хэл соёл, утга зохиолыг шимтэн сонирхдог залуус оролцож байгаа нь франц хэлийг сонирхон судалж буй монгол залууст хэлний мэдлэгээ сайжруулах бас нэгэн боломжийг олгож байна. 
“Шөнийн уншлага”-ын цагаар “Чингис хаан” одонт зохиолч, яруу найрагч  Г.Мэнд-Ооёогийн  амьдрал уран бүтээл, шүлэг зохиолын утга агуулга, нүүдэлчин монгол орны ахуй амьдрал, үзэсгэлэнт байгалийн зураглал гээд олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн нь номын хорхойтнуудад дараа дараагийн уулзалтыг хүлээх бас нэгэн шалтгаан болж байлаа.  Харин эрхэм зохиолчийн зүгээс  уулзалтад оролцож буй гадна, дотны залууст зориулан “Дэлхий ээж” шүлэгээ уншиж сонирхуулсан юм.  Зохиолч, уншигчдыг холбож буй энэхүү уулзалт нь Монгол-франц хэлээр давхар орчуулгатай явж байгаа болохоор оролцогчдын асуулт хариулт болон зохиолчдын уншсан уран бүтээлүүдийг улам сонирхолтой болгож байсан юм. Хоёр дахь уулзалтад Францын хүүхдийн зохиолч Marion Achard-тай уулзаж, ярилцсан байна. Харин дараагийн уулзалтын тов, оролцох зохиолчдын талаар асуухад “Энэ талаарх мэдээллээ “Монгол-Францын төв”-ийн пэйж хуудсаар мэдээлэх бөгөөд 11-351914 дугаарын утсаар мэдээлэл авах буюу оролцох хүмүүс culture@afm.mn майл хаягаар бүртгүүлээрэй” хэмээн зөвлөв. Иймд та цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхыг хүсвэл цахим орчинд зохион байгуулагдаж буй “Шөнийн уншлага”-д нэгдэж, гадаад дотоодын алдарт зохиолчидтой уулзаарай.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)