Ө.Ган-Өлзий: 20 000 өрхөд хүнсний тусламж үзүүлээд байнa

0
хуваалцах
918
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

Хүүхдийн эрх хамгааллын ажлын  явц, хөл хорионы үеийн нөхцөл байдлын талаар нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзийтэй ярилцлаа.     

-Бид хөл хорионд ороод гурван сар боллоо. Яг энэ үед хүүхэд, гэр бүлийн орчин нөхцөл ямар байгаа бол. Үүнд танай байгууллага хэрхэн анхаарч ажиллаж байна? 

-Манай ГБХЗХГ-ын нийслэлийн есөн дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд дүүрэг дүүргийнхээ Онцгой комисстой хамтраад хүүхэд, гэр бүл, залуучуудын хамгааллын чиглэлээр  мэргэжлийн анги байгуулан ажилладаг. Эдгээр анги гэр бүлүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийхээс эхлээд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс хүргэж, түгээж ажиллаж байна. 108 утсанд ирсэн дуудлага, бичгээр өгсөн өргөдөл гомдол, тусгай дугааруудад ирсэн мэдээллийн дагуу манай газар хэлтсүүд, мөн дээрх мэргэжлийн анги иргэдэд үйлчилж, ажиллаж байна.  “Сovid19”-тэй холбоотой хөл хорио тогтоосноос хойш буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-ээс энэ оны нэгдүгээр сарын 08 хүртэлх хоёр сарын хугацаанд 108 утсанд нийтдээ 1870 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээр дуудлагуудаас үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой нь 180 гаруй, бие махбодын хүчирхийлэл 127, гэр бүлийн маргаантай холбоотой дуудлага 218 байна. Мөн хөл хорио тогтоосноос хойш хүнсний дэмжлэг хүссэн дуудлага анх удаагаа 108 дугаарт ирж байгаа. Хоол хүнс хүссэн 1081 дуудлага ирснийг бид дүүргүүдийн  онцгой комисстойгоо хамтарч судлаад ихэнх өрхөд хүнсний дэмжлэгийг ТББ, ОУБ, яам тамгын газар, ХГБЗХГ-уудтай хамтран хүргэсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байна.

-Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой дуудлага нэмэгдэж байна гэсэн. Хүүхэд үл хайхрах нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг манайхан тэр бүр сайн мэддэггүй болов уу. Энэ талаар тодруулбал?

-Энэ төрлийн дуудлага ковидын хөл хорионы үеэр өнгөрсөн хоёр сарын хугацаанд 270 болж бага зэрэг нэмэгдсэн байна. Хөл хорионы үеэр эцэг эхчүүд гэр бүлээрээ хамт байхдаа хүүхдүүдтэйгээ тоглож наадах, сонирхолтой зүйлсийг нь хамт хийх, хамт суралцах гэх зэргээр уламжлалт, уламжлалт бус аргаар хүүхдээ хөгжүүлэх боломжтой байтал хүүхдүүдээ утас, комьпютрээр тоглуулж, цахим донтолтод өртүүлэх нөхцөлийг бий болгож,  хайхрамжгүй хандах байдал ажиглагдаж байна. Үүнийг 108 утсанд ирж байгаа дуудлагаас ч харж болно. Мөн цахим донтолттой холбоотой дуудлага ч тасрахгүй байна. Эдгээр үйлчилгээнд тохируулан бид сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна

-Хѳл хорионы үеэр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хэр их ирж байна. Эцэг эхчүүд, гэрийнхэн, ойр тойрныхон нь ийм хүчирхийллээс сэргийлэхийн тулд  яах ёстой юм бол?

-Хѳл хорионы үед бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 11 дуудлага ирсэн байна. Далд хэлбэрт явагддаг хүчирхийлэл учраас бүгд мэдэгдэх нь ховор. Гэр бүлийн хүчирхийллийн 80 хувь нь архины хамааралтай хүмүүсээс үүдэлтэй байдаг. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “COVID-19” холбоотойгоор хөл хорио тогтооход архийг хориглосон учраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эрс багассан. Гэтэл хатуу хөл хорио цуцлагдаж, архи зарж эхэлснээс хойш гэмт хэргийн гаралт 80 хувь өссөн байх жишээтэй. Бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргүүдтэйгээ хамтраад архины хамааралтай иргэдэд зан үйл засах сургалт гээд олон ажил хийж байсан. Хүчирхийллийн дуудлага өгөөд аюултай нөхцөлд байгаа хүүхдээ хамгаалалтанд авах хоорондоо аав ээжид нь эмчилгээ, зөвлөгөөний ажлууд хийдэг. Тэгэхгүй бол нөгөө хоригдож байсан хүмүүс гэр бүлдээ буцаж ирэнгүүтээ “чамайг даа” гээд дайрах аюул байдаг учир зан үйлийг нь засах тал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Манай сургалтанд хамрагдсан хүн гэртээ очоод ахин хүчирхийлэл үйлдэх сэдэл нь багасаж байгаа юм. Энэ нь үр дүнтэй юм байна гэдэг нь харагдсан. Тиймээс энэ 2021 онд Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд архины хамааралтай хүчирхийллийг тэглэх зорилт тавиад, Наркологийн төвтэй хамтраад архинаас хамааралтай хүчирхийлэл үйлдээд байгаа гэр бүлүүд дээр зан үйл засах сургалт, дам хавьталтын заслын эмчилгээ зэрэг ажил хийхээр хамтарсан төлөвлөгөө гаргаж  явж байгаа.

-Хөл хорионы үеэр мянга гаруй өрх хүнсний тусламж авъя гэсэн дуудлага ирсэн гэлээ.  Дуудлага өгсөн айлд хүнсний тусламжийг тогтмол өгөх үү, эсвэл нэг удаагийнх уу. Яаж  шалгаж тогтоодог юм бэ?

-Дүүргийн онцгой комисс дээр эрсдэл өндөр айлуудынхаа судлагааг гаргачихсан байсан. Энэ бүх ажлуудыг хийж эхлэхэд дагаад эрсдэлтэй асуудлууд үүсч эхэлсэн. Хоёр, гурав хоног хоол ундгүй байсан айл байхад хөргөгч дүүрэн хүнстэй мөртлөө танай байгууллага хэрхэн хурдан ажилладгийг үзэх гэсэн юм гэж шалгаж дуудсан дуудлага байсан. Энэ нөхцөлд тухайн айлынхаа хөргөгчний зургийг аваад хүнстэй байсныг нь тайлагнадаг. Мэдээж хүнс хүргэлтийн тал дээр дүүргийн Онцгой комисс болон Нийслэлийн онцгой комистойгоо хамтран ажилласан. Одоогоор 108 дугаар дээр дуудлага өгсөн нөхцөл байдал нь хүндэрсэн 20 мянган өрхөд хүнс, тэжээл хүргээд байна. Нийслэлийн орлого багатай өрхөд эрүүл мэнд, боловсролын, анхан шатны нийгмийн суурь үйлчилгээг хүргэх туршилтын хөтөлбөрийг 2430 гэр бүлд үзүүлж байна.Өнөөдөр Хүүхдийн Урлан Бүтээх Төв,  Хүүхдийн Ордон гээд хотын төвд байдаг. Хүүхдийн байгууллага нийслэлийн нийт хүүхдүүдийн ердөө гуравхан хувьд л хүрч үйлчилдэг. Цаана нь 97 хувь нь орхигдож байна гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.26 МЯГМАР № 18 (6495)