З.БАТЦЭЦЭГ 

Удаан хугацаагаар дэлгэцийн ард буруу суувал “компьютерийн хүзүү” үүсдэг. Энэ байдал нь толгой, хүзүү, мөрний булчин өвдөж илэрдэг. Энэ талаар “Семейная” эмнэлгийн бариа зүйн эмч Николай Матвеев зөвлөгөө өгч байна.

“Компьютерийн хүзүү” гэх асуудал цар тахлын үеэр ихэнх хүмүүс онлайн ажиллаж эхэлснээр хурц яригдаж эхэлсэн. Ажлын гол багаж нөүтбүк. Түүний ард суух хугацаа нь уртассан. Булчинд удаан хугацаагаар их ачаалал өгөхөөр булчин чангарч, цусан хангамж өөрчлөгдөн, хүчилтөрөгч дутагддаг. Чангарал бол өвдөлтийн эх үүсвэр. Өвдөлтийн импульсыг чангарсан булчин барьчихдаг.

Голдуу хүзүүний ар тал, чамархай, мөр, дал хооронд янгинаж, татаж өвддөг. Толгойгооо хөдөлгөхөд орон зайн баримжаа алдагдаж, эвгүй мэдрэмж төрөн, толгой эргэдэг. Үзлэгээр толгой, хүзүүгээ эргүүлж тойруулахад хөдөлгөөн хязгаарлагдмал, өвдөлттэй, хүзүү цээжний хэсэгт блоктой байдаг. Гаднаас нь харахад хүзүү толгой урагшаа, бөгтгөр, хүзүүний 7,8 үе дээр овойсон харагдана. Хүзүүний арьс унжсан байна. Толгой хэт урагшаа байхаар хүзүүн дээр ачаалал их ирдэг. Байнгын ийм байдал нь нурууны нугалам хоорондын диск өөрчлөгдөн, эвэрхий үүсч, хүзүүний судас мэдрэл дарагдана, нурууны үений артроз үүсдэг.

Ажлын байраа зав зохион байгуулж, цаг тутамд 5 мин идэвхтэй завсарлага хийвэл ийм ачааллаас урьдчилан сэргийлж болдог.

Эмэн бус эмчилгээний хамгийн үр дүнтэй арга бол булчин суллах массаж, дасгал. Массаж хийснээр булчин суларч, нурууны блокийг арилган, өвдөлтийг багасгана. Үүнийхээ үр дүнг дасгалаар барьдаг.

 

Эх сурвалж: www.eva.ru