Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд нэгдүгээр сарын 23-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1942 оны энэ өдөр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат мэндэлжээ. П.Очирбат 1961-1965 Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхай ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд тун удалгүй Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллаж, уурхайн амьдралыг арван хуруу шигээ мэддэг болж авъяаслаг зохион байгуулагч болохоо харуулжээ. Орлогч сайдаар ажилласан жилүүддээ Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд гар бие оролцож, зохион байгуулан, Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээг хангах, Налайх, Шарын голын уурхайнуудыг өргөтгөх, Бага нуурын нүүрсний уурхайг байгуулах, орон нутагт нүүрсний уурхай нээх ажлыг зохион байгуулсан байна. Түлш, эрчим хүчний яамны сайдаар ажиллахдаа Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дэд станцын барилга байгуулалтын хамт иж бүрэн барих, Улаанбаатар III цахилгаан станцын өргөтгөлийг дуусгах, IV цахилгаан станцын зураг төслийг боловсруулж батлах, барьж эхлэх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн схемийг хийж батлуулах, дулаан шугам сүлжээг хөгжүүлэх шинээр барих, ЗХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орох зэрэг асуудлыг шийдвэрлэжээ. Тэр бээр Гадаад эдийн засгийн харилцааг удирдсан үедээ улс орнуудтай хамтын ажиллагааны үр ашгийн коэфицентыг нэмэгдүүлж, ЗХУ болон социалист бусад орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Эдийн засгийг гадаад олон улсын байгууллага, өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай холбох боломжийг судалж хэрэгжүүлэх, гадаад эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар томоохон алхам хийжээ. Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 боловсруулан батлуулах, уг хуулийн дагуу бүх ард түмнээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж, тус улсад эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн билээ. Тэр бээр “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал” боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр Ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж, Монгол, Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан, ОХУ, БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1943.01.23. Дэлхийн хоёрдугаар дайн: Буна-Гонагын тулаанд Америк, Австарлийн хамтарсан арми Японы армийг бут ниргэжээ.

1950.01.23. Шинээр байгуулагдсан Израйль улсын нийслэл хотыг Йерусалем гэж зарлав.

1957.01.23. Америкийн зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон нисдэг таваг зохион бүтээжээ.

1958.01.23. Венесуэль улсад ерөнхийлөгчөө эсэргүүцсэн жагсаал улам эрчээ авч байхтай зэрэгцэн тус улсын ерөнхийлөгч Маркос Перез Хименез албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.

1963.01.23. Гвиней-Биссаугын босогчид Португалийн захиргаанаас мултрахын төлөөх дайныг эхлүүлэв.

1967.01.23. ЗХУ Африк тивийн Кот Д'Вуар улстай дипломат харилцаа тогтоожээ.

1973.01.23. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Вьетнамтай энхийн хэлэлцээ хийж байгааг олон нийтэд зарлажээ.

1986.01.23. Рок н Роллын алдарын танхим байгуулагдав. Алдрын танхимын анхны гишүүнээр Литтль Ричард, Чак Берри, Жеймс Браун, Рей Чарльз, Сем Күүк, Фатс Домино, Эверли Бродерс, Бадди Холли, Жерри Лий Льюс, Элвис Пресли нарыг бүртгэн авчээ.

1997.01.23. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Медлин Олбрайтыг томилов. Ингэснээр тэрээр АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга болсон юм.

Эх сурвалж www.zms.mn