Т.САЙХАН

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нэгдүгээр сарын 19, 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж, нэгдүгээр амаржих газарт өчигдөр өглөө төрсөн эхийг орой нь  ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан асуудалд хариуцлага тооцох талаар хэлэлцжээ. Шуурхай хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Нямхүү болон албаны бусад хүмүүс онлайнаар оролцсон байна.
 Дөнгөж төрсөн нялх эхийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авсны дараа харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгалан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцохыг хүсэж, албан тоот илгээжээ. Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газар удирдлагаар хангадаг учир харьяаллын дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг хотын дарга шийдэх юм.   Харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хуулийн дагуу цалингийн тодорхой хувиар торгох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn