Х.ОЮУНБОЛД

Ерөнхийлөгч Доналд Трампын охин Тиффани Трамп сүй тавьснаа уржигдар зарлажээ. 27 настай тэрээр инстаграммдаа Майкл Булостой авахуулсан зурагаа тавьсан байна. Мөн зурагныхаа дор “Цагаан ордонд гэр бүлийнхэнтэйгээ олон түүхэн болон чухал үйл явдлыг тэмдэглэсэн дурсамжийг бүтээх нь нэр төрийн хэрэг байлаа. Гэхдээ миний гайхамшигтай сүйт залуу Майклтай сүй тавьснаас илүү онцгой ямар нэгэн үйл явдал алга” гэж бичжээ. Мөн тэрбумтан Майкл Булос нийгмийн цахим сүлжээндээ сүйт бүсгүйнхээ тавьсан зургийг оруулаад “Би амьдралын хайртайгаа сүй тавилаа. Бидний амьдралын дараагийн бүлгийг хамтдаа хүлээж байна” гэж  бичсэн байна. Тиффани Трампын ирээдүйн нөхөр Майкл Булос нь 2016 оноос “Нигерийн SCOA” компанийн дэд захирал, 2019 оноос “Фадоул групп”-ын болон “Роялтон Инвестмент” худалдааг хөгжүүлэх компанийн захирлаар ажиллаж байгаа аж. Залуу хосууд 2018 онд Грекийн Миконос аралд танилцаж байжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )