Шинэ цагийн “Арван тавны цагдаа”

0
хуваалцах
218
үзсэн

С.УЯНГА

“Арван тавны цагдаа”-гийн алдар цууг андахгүй хүн үгүй. Богд Жавзандамба хутагтын лүндэнгээр нийслэл хүрээг 15 хувааж захын эргүүлийн цагдааг морьтой,  дотоодынхыг  явган гэж ангилан тогтоосноос хойш “Арван тавны цагдаа” хэмээн олноороо нэрлэх болсон. Тэгвэл энэ нэршлийг цагдаагийн байгууллага 2018 оноос сэргээн шилдэг алба хаагчдаа “Арван тавны цагдаа” хэмээн алдаршуулдаг болсон. Нэг үгээр бол хүн ардын аюулгүй байдлыг сахиулдаг албаны “Гранпри” шагнал олон алба хаагчийн амбици, зорилго болсон гэж хэлж болно. Тэгвэл энэ шагналын гурав дахь эзнээр 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан Завхан аймгийн Завханмандал сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чойрогийн Жүгдэррагчаа тодроод байна. “Арван тавны цагдаа”-гийн өргөмжлөл, хантааз, малгай, энгэрийн тэмдэг таван сая төгрөгийн шагнал хүртээд буй шилдэг алба хаагчийг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа.

 

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН “АРВАН ТАВНЫ ЦАГДАА”

Ахлах ахлагч Ч.Жүгдэррагчаагийн гэмт хэргийн халуун мөрөөр хөөж, олон нийтийн аюулгүй байдлын төлөө уйгагүй зүтгэдэг газар нутаг онцлогтой. Завханмандал сум  Их Монголын элс, говь хээрийн эргийн дагуу аймгийн төвөөс 158 км зайтай. Өвөлдөө -40 хэм хүрч, зун +35 хүртэл халдаг хоёр туйлын солбилцол гэмээр. Бол хярын элс, Аргалант, Мандаат хайрхан, Цагаан ботго, Хүнгүйн гол хэмээх байгалийн үзэсгэлэнт газар, Аргал, янгир, цагаан зээр, шилүүстэй зэрэг ховор ан амьтан хосолсон нутагт ажиллаж, амьдарч буй юм. Мөн цагдаагийн алба хаагчийн тэсвэр, хатуужил, уйгагүй хөдөлмөр, хийж хэрэгжүүлэх ажил ч бусдаас өөр. Тиймээс албандаа сэтгэлтэй, үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажиллахыг эрхэмлэдэг тухайгаа зочин маань ярилаа. Тэр дундаа хүний амьдралд хамт олон гэдэг амжилт гаргахад хамгийн чухал гэдгийг мэдэрсэн. Мөрдэс нэгтэй олон нөхдийн дундаас ажил үйлсийг минь онцлон сайшааж, итгэл найдвар хүлээлгэсэн  энэ сайхан нэр хүндтэй шагнал хүртэж их урам зориг орж ажил албаараа бахархаж явдаг гэж байна.

Ахлах ахлагч Ч.Жүгдэррагчаа багын мөрөөдлөө биелүүлсэн нь өнөөгийн түүний нэгэн сэтгэлээр зүтгэж буй цагдаагийн алба юм. Энэ албанд тасралтгүй 18 жил ажиллахдаа дандаа хөдөө орон нутагт энхийг сахиулсан нь түүний амжилтын нэг үндэс гэж хэлж болно. Тэрээр энэ тухайгаа “2001 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ аймгийн начин цол хүртсэн нь хүүхэд наснаасаа цагдаа болно гэж мөрөөдөж бие даан уйгагүй бэлтгэл сургуулилт  хийсний үр дүн юм. Зорилгоо биелүүлж сайн сайхан, амар амгалангийн төлөө бие сэтгэлээ зориулан ажилладаг цагдаагийн алба хаагч болсон. Ажиллах хугацаандаа Завхан аймгийнхаа Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Түдэвтэй, Тосонцэнгэл, Дөрвөлжин, Завханмандал  суманд  ажилласан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагтаа эрчимтэй зохион байгуулан ажиллахыг эрхэмлэдэг” гэсэн юм.

Түүний ажлын арга барил, мөрддөг зарчим ч бусдаас ялгаатай. Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хариуцсан сумынхаа айл өрх бүрээр нэг бүрчлэн ордог нь илүү үр дүнтэй байдаг гэнэ. Тэр дундаа намар малын хулгайн гэмт хэрэг хамгийн их гардаг газруудаа нарийн судалж урьдчилан сэргийлэхэд  ямар ажил зохион байгуулбал үр дүнтэй байх талаар нарийн  төлөвлөж, малын хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй газруудад морьтой эргүүл хийдэг байна.

 

ХЭРЭГ Ч ИЛРҮҮЛНЭ. ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС Ч ӨРНҮҮЛНЭ

Ч.Жүгдэррагчаа хэсгийн цагдаа гэдгээрээ бахархдаг. Зарим нь хөдөө суманд зэвэрлээ. Төв орох болоогүй юу гэж их асуудаг гэнэ. Харин тэрээр “Цаг нь болохоор төв орно” гэж хариулна. Мөн зөвхөн цагдаагийн ажлаа хийхгүй. 18 жилийн хугацаанд хариуцсан сумандаа амьдардаг өнчин хүүхдүүд, өндөр настнуудад туслах сайн үйлсийг жил бүр санаачлан зохион байгуулна. Тасгийн алба хаагчдынхаа хамт модыг нь хөрөөдөх, хагалж хураах, гэрийг нь давхарлаж дулаалах, хаяаг нь манах,  эрүүл аюулгүй амьдрах талаар заавар зөвлөгөө өгдөг. Тэдний хамт олны энэ сайн үйлс иргэдэд сайхан сэтгэл, тусламж болж хүрэхээс гадна цагдаагийн албанд итгэх, цагдаагийн байгууллагын нэр хүндийг өргөдөг байна. Шинэ цагдаагийн “Арван тавны цагдаа” маань олон удаагийн хэрэг зөрчлийг илрүүлж ажил үйлсээрээ хамт олноо манлайлжээ. Энэ талаар нь асуувал “Цагдаагийн газрынхаа болон тойргийн сумдын эрүүгийн мөрдөгч нартай хамтран ажиллаж гэмт хэрэг илрүүлэх талаар мэдээ мэдээлэл солилцдог. Үүний үр дүнд олон төрлийн хулгайн гэмт хэргийг хамтран илрүүлж байсан. Нэг хавар суманд гурван айл, хоёр дэлгүүрт хулгай орж мөнгө, эд зүйл хулгайд алдсан дуудлагаар хэсгийн төлөөлөгчийн хамт очиж хэргийн газрыг хамгаалалтад авч, хэсгийн төлөөлөгч хэргийн газрын үзлэг хийж ажилласан юм. Дараалан гарсан таван орон байрны хулгайн гэмт хэргийн газарт нэг хүний гутлын ул мөр давтамжтай гарсан байсан. Удалгүй сумын айл өрхөөр орж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг тарааж яваад нэг айлын хашаанд ортол орон байрны хулгайн гэмт хэрэг гарсан газарт үлдсэн гутлын ул мөртэй адил төстэй мөр байсан.Тэгээд айлд нь ортол зүс танихгүй хоёр залуу байсны  нэг нь тэр гутлыг өмссөн байсан.Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид танилцуулж, тухайн үед гарсан таван орон байрны хулгайн хэрэгт холбон шалгахад үйлдсэн нь тогтоогдсон. Энэ мэт цөөнгүй  хэрэг илрүүлсэн дээ.  

Цагдаагийн алба хаагч  гэр бүлдээ гаргах цаг зав бага, ажлын өдөр, амралтын өдөр гэсэн ялгаа байхгүй. Амарч байсан ч ажлаа бодоод сэтгэл амар байдаггүй хүмүүс чинь цагдаагийн алба хаагч шүү дээ. Ээлжийн амралтаа авсан үедээ гэр бүлээрээ байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялах дуртай. Спортоор хичээллэнэ гэдэг нь зорилгодоо хүрэх бас нэг гүүр болдог учраас үндэсний бөх, самбо, жүдо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийхийг хичээдэг. Цаашид энэ албандаа ажиллаж илүү туршлага хуримтлуулах, мэргэжлээ ахиулан суралцах зорилготой байгаа. Цагдаагийн алба хаагч харилцаа хандлага сайтай, хууль дүрмээ биелүүлдэг, бие бялдар сайтай, дүрэмт хувцсаа цэвэр өнгө үзэмжтэй өмсөхөөс гадна бусдын төлөө өөрийн амь, биеэ үл хайрлах зоригтой, өргөсөн тангарагтаа үнэн ч байх хэрэгтэй гэж боддог” хэмээсэн юм. Одоо ч тэр өдөр, шөнийг ялгалгүй хөдөөгийн буйдхан сумандаа аюулгүй байдал сахиулж, бусдад туслах чин сэтгэл өвөртлөн яваа гэдэгт эргэлзэхгүй байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )