Цаг хатуу ч хөөгдөж туугдахын зовлонгүй сэтгэл амар байна

0
хуваалцах
234
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Өмнөговийн 13 суманд Өвөрхангайн 200 гаруй малчин өрх өвөлжиж байна

Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн  С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдоржийн хамт энэ сарын 16, 17-нд Өмнөговь, Дундговь аймагт  отроор өвөлжиж байгаа нутгийн малчдаа эргэж, Дэлхийн банкны санхүүжилтээр малчин өрх бүрт олгож байгаа хүчит тэжээлийг хүргэхийн хамт отрын малчдыг хүлээж авсан аймаг, сумдын удирдлагуудтай уулзаад ирсэн юм. 

Өвөрхангай аймагт зуншлага оройтсон, говийн сумдад худлаа хэлсэн хүнд дусал ч хур унаагүй зуссанаас малын хамар хатгах байтугай газрын өнгө ч засраагүй учраас малчид хэдэн малынхаа аяыг харан холыг зорихоос аргагүй байсан гэнэ. Өвөрхангай аймаг 16.5 мянган малчин өрхтэй. Сүүлийн гурван жил дараалан зуншлага тааруугаас нүүж суухаас аргагүйд хүрч зөвхөн энэ өвөл гэхэд тус аймгаас  1970 гаруй малчин өрх нэг сая илүү малтайгаа өөр аймаг, сумын нутагт алсын оторт явснаас  170 гаруй нь Өмнөговь аймгийн 13 суманд өвөлжиж байгаа аж.

Өмнөговьд очсон оторчдоос хамгийн олон айл Цогтцэций суманд төвхнөжээ. Тэдний дийлэнх нь Богд сумынхан байсан бөгөөд Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Сант, Тарагт сумаас 300-500 км хол зам туулж ирсэн байна.

Малчдын дийлэнх нь намар ес, аравдугаар сард нутгаас гарсан ч өвлийн эхэн сард хөсөг хөдөлгөн нүүдэл хийсэн айл нэг биш таарсан.

Өвөрхангайн малчид “Манай говийн сумдыг бодвол зун бага ч бол бороо орсны хүчинд малын хоолтой сайхан байсан. Гэвч цас ихтэй, дээр нь өнгөрсөн сарын сүүлээр цаг агаар эрс хүйтэрсэн нь зун, намартаа тарга сайн авч чадаагүй мал осгож бээрэх нь амархан болохоор малын хорогдол нэлээд гарч байна. Манайхыг бодвол цаг уярахаар цасан дор ногоо бий гэдэгт найдаж сууна даа” байсан юм.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой уулзахад Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу отрын малчдыг хөөж туух, элдэв татвар хураамжаар дарамталж зовоолгүй аятай өвөлжүүлэхэд анхаарахыг сумдынхаа удирдлагуудад хэлж байгаа гэсэн. Өмнөговийн хувьд уул уурхай голлосон нутаг, энэ өвөл цас нэлээд орсон учраас малын амны устай ч хавартаа усны асуудал нэлээд хүндэрдэг тухай ярьж байв.

Отрын малчдын судалгааг аймаг, сумд сайн хийснээс гадна багийн Засаг дарга нар нь байнга холбогдож байгаа учраас ойр байршлаар нь газар товлон, цаг тогтож цуглуулахад малчид олноор ирж УИХ-д сонгосон гишүүнтэйгээ, аймгийн даргатайгаа уулзан амьдрал ахуйгаа хөөрч, отор нүүдлийн зовлон, өвс тэжээлийн үнэ гээд бүхий л асуудлаар санал бодлоо солилцон төр засгаас малчдын талаар ямар арга хэмжээ авч буй тухай шинэ мэдээлэл сонсоод, өрх бүрт үнэгүй олгож байгаа 250 кг хүчит тэжээлийг ачаад, аймгаас өгч буй түлш, эмийн дэмжлэгээ аваад буцсан.

 

С.Чинзориг: Хаяа багтвал бууж, хамар хатгавал иддэг хуучин зарчмаар явах аргагүй болжээ

Өвөрхангайн гишүүдийн хувьд зуншлага муу байснаас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй учраас өвөл, хаврыг хохирол багатай давахад дэмжлэг үзүүлэх, отрын малчдад анхаарах хүсэлтийг Засгийн газар, Хөдөө аж ахуйн яаманд хамгийн олон удаа олон удаа тавьсан. Тэр дагуу эхний ээлжинд 400 сая төгрөгийг шийдэж өгсөн. Энэ мөнгөөр оторт явж чадаагүй нутагтаа өвөлжиж байгаа малчдад өвсний дэмжлэг үзүүлэх гэнэ. Мөн УОК-т хүсэлт тавьж улсын нөөцөөс 400 тонн өвс үнэгүй, 300 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр Өвөрхангай аймагт хуваарилуулсан байна.

Өнгөрсөн жил ган, зудын эрсдэлийг даван туулахад зориулан нэг тэрбум төгрөгийг аймгийн төсөвт суулгуулсан нь Засгийн газраас өгч байгаа өвс, тэжээлийг малчдад хүргэх, шаардлагатай дэмжлэг туслалцааг сум орон нутагт үзүүлэхэд ихээхэн нэмэр болж буйг С.Чинзориг гишүүн ярьж байсан.

Түүнээс отор нүүдэл, малчдад нь тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэх талаар тодруулсан юм.

-Өвөрхангай аймагт өвөлжилт хүнд байгаагаас олон айл оторт явжээ. Говийн аймгуудад өвөлжиж байгаа малчдын хувьд сэтгэгдэл гайгүй байх шиг санагдлаа?

-Шинэ оны өмнө арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Ганболд бид гурав аймгийн удирдлагууд, сумдын дарга нартайгаа хамтраад Төв, Булган, Сэлэнгэ аймагт өвөлжиж байгаа отрын малчдаа эргэж, түлшний дэмжлэг үзүүлээд ирсэн. Энэ удаа мөн хуваагдаад говийн болон зүүн бүсийн аймгуудад ажиллалаа.

Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио хэзээ ч хамаагүй хүссэн цагтаа гараад давхичихаж болохгүй амаргүй байгаа ч хоёр удаагийн явалтаар нэлээд олон хүнтэй уулзлаа. Өмнөговь, Дундговьд байгаа малчид маань цаг хэцүү ч хөөж туугдахын зовлонгүй сэтгэл амар байгаагаа хэлж, говь нутгийнханд ам сайтай байна билээ.

-Нутгийн малчид тань танд онцлон ямар асуудлуудыг шийдүүлэхээр хандаж байна вэ?

-Очсон газар уулзсан малчдад тулгамдсан нийтлэг хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, Засгийн газраас тогтоосон хугацаагаар малчид маань дөрөвдүгээр сарын 1 гээд нутаг буцах ёстой. Гэхдээ энэ үед цаг уярсан ч зун болоогүй нутагт нь мал идэх өвсгүй зутруухан байхаас гадна мал төллөөд эхэлчихнэ. Ийм үед халуун хэвтрээс нь салгаад олон зуун км зам туулж отроос буцна гэдэг хүндээ ч, малдаа ч халтай учраас буцах хугацааг тавдугаар сар хүртэл сунгаж өгөөч гэж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр цаг агаар эрс хүйтэрсэн нь тарга нимгэн мал амархан осгож, малын хорогдол их гарч алсын отроор яваа малчид малгүй, орлогогүй болох том эрсдэлтэй тулж болзошгүй учраас малчдыг малжуулах, орлоготой болгоход онцгой анхаарч, арга хэмжээ авах шаардлага бий болох нь. Мөн өөр нэг асуудал нь цар тахлын хөл хорио, улирлын амралт зэргээс үүдэн малчид сургуулийн хүүхдүүдээ алсын оторт аваад явж байгаа. Хэрэв хоёрдугаар сарын 1-нээс хичээл эхэлнэ гэвэл 300-500 км алс яваа малчид хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөхөд хүндрэлтэй байгаа тул хөдөөгийн сургуулийн улирлын амралтыг сунгаж хичээл эхлэх хугацааг хойшлуулах боломжтой юу гэцгээж байна. Отор нүүдлийн зардал өндөр, өвс тэжээлийн үнэ өссөн нь малчдын орлогод шууд нөлөөлж Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуульд хамрагдаж  чадаагүй хүн олон байна. Тиймээс энэ хуулийн хэрэгжих хугацааг сунгаж, малчдад боломж олгох зайлшгүй шаардлагатай байгаа.

-Жилийн жилд бэлчээр хөөж нүүж суудаг хуучин уламжлалаар мал аж ахуй хөгжихөд хэцүү санагдаж байлаа. Үүнийг өөрчлөх гарцыг та яаж харж байгаа вэ? 

-Бид хэдийг хүртэл байгалийн эрхшээлд захирагдан, бэлчээрийн соргогыг хөөж алсын отроор өвөлжиж, хаваржих нутаг хайн нүүж суух вэ гэдгийг бодох цаг болсон. Өөрөөр хэлбэл, төрөөс мал аж ахуйн салбарт баримтлах бодлогоо шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хаяа багтвал бууж, хамар хатгавал иднэ гэдэг хуучин уламжлалаар явахад хэцүү болсныг сүүлийн хоёр гурван жил дамнасан зудын нөхцөл байдал харууллаа. Тиймээс эхний ээлжинд малын тэжээлийн ургамлаа өөрсдөө тариалдаг байхад анхаарч Өвөрхангай аймагт орон нутгийн өмчит гурил тэжээлийн үйлдвэртэй болоход анхаарч ажиллаж байна. Хархорин суманд байгаа хуучин Тарилан эрхлэлтийг дэмжих сангийн мэдэлд байгаа Гурил тэжээлийн үйлдвэрийг 1600 га эргэлтийн газартай нь орон нутгийн өмчид шилжүүлээд авчихвал малчдаа гурилаар хангаад, малын тэжээлээ өөрсдөө үйлдвэрлэх боломжтой юм. Мөн манай аймагт өмнө нь тэжээлийн ургамал тариалдаг байсан Бүрд, Хужирт, Хархорин, Өлзийт суманд байгаа тариалангийн талбайг сэргээх, үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авах ёстой.

Цаашдаа малын тоо толгойд биш таваарлаг чанарт анхаарах цаг болсон. Үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлээр зөв бодлого явуулж малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг өндөр байлгах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад анхаарах хэрэгтэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )