COVID-19: боловсролын салбарт “цонх” үе бий болголоо

0
хуваалцах
192
үзсэн

С.УЯНГА

Цар тахлын дэгдэлтээс болж дэлхий дахинд тэрбум гаруй хүүхэд сургуульд явж чадаагүй. Үүний улмаас 47 улс хөгжлийн байдлаасаа хамаарч теле хичээлээр сурагчдад боловсрол олгож буй юм. Манай улсад л гэхэд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд цар тахлаас шалтгаалж хөл хорионд орж теле хичээлд хамрагдаж буй. Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байна.Теле хичээл багш, сурагчдын аль алинд нь анхны болоод гэнэтийн нөхцөл байдлыг бий болгов. Нэг үгээр боловсролын салбарын бэлтгэл, чанарыг шалгаж байна гэж хэлж болно. Тэгвэл хөл хорионы үед теле хичээлийн чанар, хүртээмж ямар байсныг НҮБ-ын Хүүхдийн сангаас судалж, хоёр шатны үнэлгээгээ өчигдөр танилцууллаа. 
Манай улс 2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид 165 өдөр хичээллэхээс 85 өдөр танхимд хичээллэж, 75 өдрийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлээр үзэж судалжээ. Теле хичээлийн хүртээмжийг эцэг, эх, хүүхдүүдээс тандах судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үздэг буюу сурагчдын 53 хувь нь теле хичээлээ тогтмол үзээгүйг харуулж байгаа юм. Судалгааны үр дүнгээр багшийн ярих чадвар сайн ч сурагчийн оролцоо, дагаж хийх тал дээр хамгийн бага үнэлгээ авчээ. Ерөнхий дүнгээр нь харвал төле хичээл сурагчдын сонирхлыг татахуйц хэлбэрээр явагдаж чадаагүй. Тиймээс сонирхолтой агуулгаар баяжуулах, цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой, үр дүнтэй ашиглах зэргээр сайжруулах шаардлагатай гэж үзжээ. 
НҮБ-ын Хүүхдийн сан судалгаагаа 10 аймаг, гурван дүүргийг хамруулан хоёр сарын туршид явуулахад сурагчдын 16 хувь орчим нь теле хичээлийг хангалттай хэмжээнд үзэх боломжгүй байжээ. Ялангуяа, малчин айлын болон эмзэг бүлгийн хүүхдүүд теле хичээл үзэх боломж хомс байсныг судалгаанд тэмдэглэсэн байна. Сурагчдын дунд теле хичээл үзэх хамгийн түгээмэл хэрэгсэл нь телевиз, гар утас байсан бөгөөд Улаанбаатарт сурагчдын 59 хувь нь гар утас ашиглаж байсан бол сумдад 77 хувьтай байна.Гэтэл эсрэгээрээ сурагчдын зургаа орчим хувь нь телевиз, компьютер, гар утасгүй гэж хариулжээ. Иймд теле хичээлийг боловсролын үйлчилгээ үзүүлэх өөр арга хэрэгсэлтэй хослуулах. Тухайлбал сургалтын хэвлэмэл материал, интернэт холболт шаардахгүйгээр ажиллах боломжтой технологийн шийдлүүдийг судлах зайлшгүй шаардлага тулгарч байгааг зөвлөсөн байна. Мөн сурагчдын 57 хувь нь теле хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг тааруухан буюу танхимаас заадаг хичээлтэй харьцуулахад “чанаргүй” гэж хариулсан байна. Түүнчлэн сурагчдын 57 хувь нь телевизийн хичээлийн хурд болон ойлгомжтой байдлыг “дунд зэрэг”,  “муу” гэж үнэлсэн байна. Багш нарын илтгэх байдал эерэг үнэлгээтэй боловч мэдлэг эзэмших, дадлагажуулах боломж хязгаарлагдмал байгаа учраас сурагчдын бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд түлхэц дэмжлэг болохуйц интерактив, оролцоог хангасан онлайн сургалтын системийг бий болгох шаардлагатай байгааг судалгааны гол зөвлөмжид тусгажээ.
Мөн өчигдөр Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021”-ын хоёр үе шатны үр дүнг танилцуулав. Хот, хөдөөгийн 2200 өрхийг түүвэрлэж дөрвөн бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар сонгожээ. Хөдөөний 10 хүүхэд тутмын дөрөв нь, хотынхны гурав нь теле хичээлд хамрагдаж чадаагүй гэсэн дүнг гарчээ.  Хотын хүүхдүүдийн тэн хагас нь, хөдөөгийн хүүхдүүдийн хувьд арай илүү хувь буюу 55 хувь нь сургууль, багш нараасаа нэмэлт хичээл авсан бөгөөд  өдөрт дунджаар нэмэлт онлайн хичээлд 67-79 минут зарцуулж байна. Гэрийн даалгавартай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг гэрийн даалгавраа хийхэд ямар нэг дэмжлэг аваагүй. Хотын дөрөв, хөдөөний гурван хүүхэд тутмын тус бүр нэг хүүхдийн багш болон сургууль өрхтэй нь огт холбоо бариагүй. Зайн сургалтын явцад сургалтын материалын хүртээмж хангалтгүй бөгөөд хүүхдүүдийн тал хувьд ч хүрээгүй байна. Гурван өрх тутмын нэг нь интернэт холболтгүй. Эндээс харвал хүүхдүүд COVID-19 цар тахлаас үүдэн хөл хоригдож буй энэ хугацаа боловсролын салбарын чанар хүртээмжийг хумьж боловсрол тааруу “цонх” үе бий болгож буйг шинжээчид тэмдэглэж эхэллээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)