Казахстан: Дарига Назарбаева “буцаж ирсэн нь”, Токаевын “сул байр суурь”, засгийн эрх барьж буй намын “цирк”.

0
хуваалцах
321
үзсэн

З.Батцэцэг

Гадаадын хэвлэлийнхэн өнгөрсөн долоо хоногт болсон Казахстаны сонгуулийн талаар бичихдээ улс төрийн ирээдүйн төлөв байдлын талаар дүгнэлт өгөх гэж оролдов. Шинжээчдийн үзэж буйгаар ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев “өөрөөс нь хойш нэг ч ерөнхийлөгч түүнээс илүү хүчирхэг байх ёсгүй” гэж хүсч байгаа учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байх гэж үзэж байна. Зарим хэвлэлийнхэн Дарига Назарбаева парламентад буцаж ирсэн нь “Токаев сул байр суурьтайн шинж” гэж үзэж байна.

Назарбаев өөр “хүчирхэг ерөнхийлөгчийг” хүсэхгүй байна

Eurasianet.org цахимд “Сонгууль дууслаа, улс төрдөө орцгооё” нийтлэлд Казахстанд сонгуулийн дараа үндсэн хуульд өөрчлөлт орох санаачилга гарч магадгүй гэв. Уг хэвлэлийн үзэж байгаагаар ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев бараг 30 жил төрийн эрх бариад, 2019 онд ажлаа өгсөн ч их эрх мэдлээ хадгалж үлдсэн тэрээр өөрийнхөө залгамжлагчийн эрхийг хязгаарлах гэж оролдоно гэжээ. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн албан ёсны дүнгээр Назарбаевын нам “Нур Отан” нь 71 хувийн санал авч хуучин ерөнхийлөгч нь “Казахстанчууд улсынхаа ирээдүйг манай намтай холболоо” гэж хэллээ. Гэвч саяны сонгууль нь сөрөг хүчингүй явагдсан тул энэ мэдэгдэл нь үнэн зөв гэдгийн шалгуур болж чадахгүй. “Одоо цаг үед Казахстаны нийгэм эдийн засгийн зогсонги байдалд дургүйцлээ илэрхийлэх нийгмийн төлөөллийг олоход амархан” гэж Eurasianet.org цахимд бичжээ.

“Би “Нур Отан”-ны төлөө саналаа өгч яах юм. Багахан тэтгэврийн төлөө юу. Тэднийг дэмжигчид олон гэдэгт би эргэлзэж байна. Хүмүүс аль эртнээс өөрчлөлтийг хүсч байгаа” гэж Алматагийн өндөр настан Болат Ескендиров Eurasianet.org цахимд ярьжээ. Засгийн газар ийм сэтгэгдлийн талаар сайн мэдэж байгаа. Тиймээс сонгуулийн өмнө Нур Отан нэр хүндээ сэргээхийн тулд анхан шатны сонгуульд өөрсдийн нэр дэшигчдийг сонгож авсан. Анхан шатны сонгуулийг үзэмжтэй болгохын тулд дуучид, тамирчид, бизнесменүүд, интернэтэд алдартай хүмүүсийг оролцуулсан гэж уг цахимд бичжээ. Хараат бус шинжээчдийн үзэж байгаагаар Сонгуулийн төв хороо “Нур Отан” намыг хэт их дэмжсэн гэв.

“Засгийн газар дандаа 70 хувиас дээш авах ёстой. Үүнээс доош оноог сэтгэл зүйн хувьд тэд хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс хэрэгтэй тоогоо өөрсдөө зохиодог” гэж улстөрч Казбек Бейсебаев Eurasianet.org цахимд ярьжээ. Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) ардчилсан байгууллага, хүний эрхийн товчооны сонгуулийг ажиглах хорооноос гаргасан урьдчилсан дүгнэлтээр уг сонгууль ардчилсан стандартад нийцээгүй гэж шүүмжилжээ. “Интернэтээр олон янзын үзэл бодлыг нэмэх боломж байсан ч хязгаарлагдмал сурталчилгаа нь сонгогчдод мэдээлэлтэйгээр сонголт хийх боломжийг нь илүү багасгасан юм. Сонгуулийн өмнө тохиролцсон арга хэмжээ нь орон нутгийн ажиглагчдад үр дүнтэй ажиглахад саад болж байсан. Сонгууль зохион байгуулалт сайтай байсан ч олон журмын асуудал бүрэн ил тод биш байлаа” гэж ЕАБХАБ-ын дүгнэлтэд бичжээ. Мажилисд Нур Отан намын хуучин, шинэ хүмүүс урьдын адил давамгайлж байна. Хуучны хүмүүс дунд Назарбаевд үнэнч хүмүүс байна. Жишээ нь түүний охин Дарига Назарбаева. Тэрээр түрүү жилийн тавдугаар сард Дээд танхимын спикерын ажлаа өгсөн байна.

Зарим нэг шинжээчийн үзэж буйгаар сонгуулийн дараа “Үндсэн хуулийн дэг журмаар түрий барин ашиглах байх” гэж үзэж байна. Казбек Бейсебаевын хэлснээр үүнийг “Ак жол” Засгийн газрыг дэмжигч намын тэргүүн Азат Перуашевын хэлсэн үг нотолж байна. Тэрээр парламентын үүргийг нэмэгдүүлэх хуулийг дэмжинэ гэжээ. Шинжээчид энэ үйл ажиллагаа 2017 онд эхэлсэн гэж үзэж байна. Назарбаев тэр үед ерөнхийлөгч байхдаа эрх мэдлийг гүйцэтгэх засаглал, парламент хоёрт хуваан олгосон. Назарбаев өөрөө үүнийг түүхэн өөрчлөлт боллоо гэж нэрлэсэн ч шинжээчдэд энэ нь их сэтгэгдэл төрүүлээгүй юм. “Эргээд харахад Назарбаевын энэ өөрчлөлтийн гол зорилго нь өөрөөс нь хойш нэг ч ерөнхийлөгч өөр шиг нь хүчирхэг байхыг хүссэнгүй” гэж Eurasianet.org цахим бичиж байна.

Гэхдээ зохиогчийн хэлснээр Мажилисыг зүгээр хууль баталдаг “нойрмог заалнаас” бодит хүч болгон өөрчилтөл их ажил хийх шаардлагатай гэв. Засгийн газарт ч байсан, сөрөг хүчинд ч байсан Петр Своикийн бодлоор шинэчлэл болох магадлал бага. Нөөцийн эдийн засаг бүрэн шавхагдсан, Засгийн газар одоо “тогтвортой байдлыг хадгалах гэж оролдохоос биш ноцтой өөрчлөлт хийж чадахгүй”. Назарбаевын томилсон одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эрх мэдлээ алдахгүйн тулд “тэнцвэр, тасралтгүй байдлаа хадгалж үлдэх гэж хичээнэ. Тэрээр асгийн эрх шилжих нь өөрөө аяндаа дуусгавар болохыг хүлээнэ” гэж Своик үзэж байна.

Назарбаева буцаж ирсэн нь ямар шалтгаантай вэ?

АНУ-ын Дипломат сэтгүүлд бичснээр саяны сонгуульд гол сонирхол татсан зүйл бол аавынхаа намаас нэр дэвшин парламентад буцаж ирсэн Дарига Назарбаева байв. “Тэрээр парламентад сонгогдсон нь ирээдүйн улс төрийн өөрчлөлтийн талаарх яриаг үүсгэх байх” гэж нийтлэлийг бичсэн Кэтрин Пуц үзэж байна. Назарбаева парламентын тав дугаар хурлын гишүүн, 2016 оноос сенатын гишүүн байсан. 2019 оны гуравдугаар сард Назарбаев ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд үндсэн хуулийн заалтаар сенатын дарга Касым-Жомарт Токаев төрийн тэргүүн болж, түүний суларсан суудалд Дарига Назарбаева сууж дээд танхимын дарга болжээ. Гэвч Токаевыг ерөнхийлөгч болоод жил хүрэхгүй хугацааны дараа тэрээр сенатаас гарсан. Тэр үед Назарбаева ажлаа өгснийг яаж бичиж байсан талаар Дипломат анхаарлаа хандуулж байна. “Энэ үйл явдлыг янз бүрээр бичин, биднийг улс төрийн зөрчлийг ойлгоход хэцүү болгож байсан. Зарим нь Назарбаеваг сенатын даргын ажлыг өөрөө өгсөн, зарим нь түүнийг халсан, зарим нь Токаевын тушаалаар түүний эрхийг цуцалсан гэж бичиж байсан” хэмээн Дипломат бичжээ. “Назарбаева өөрөө огцорсон уу эсвэл түүнийг халсан уу гэдэг нь тодорхойгүй байлаа. Юу болж байгааг ойлгохын тулд үүний учирыг олох нь их чухал. Токаев гартаа удирдлагыг авах гэж оролдсон уу. Назарбаевагийн амбицийг хазгаарлах гэсэн үү. Казахстан цар тахалтай нүүр тулмагц Назарбаевынхан ухрах алхам хийхийг илүүд үзсэн үү. Үүнээс гадна Накарбаеватай холбоотой хэд хэдэн дуулиан гарсан. Энэ бүгд шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй” гэж Дипломат сэтгүүлд бичжээ. Кэтрин Пуцийн үзэж байгаагаар хуучин ерөнхийлөгчийн том охин улс төрд иргэж ирсэн энэ мэдээллийг 2020 оны улс төрийн цочрол, ирээдүйн улс төрийн чиг хандлагыг ойлгохын тулд анхаарч үзэх ёстой гэв. Парламентын мандатын хуваарилалтыг дүгнэж үзэхэд 76 суудлыг Нур Отан, Засгийн газрыг дэмжигч Ак Жол, Үндсэний намууд 12, 10 суудал тус тус авсан нь Засгийн эрх барьж буй нам найман суудал алдсан байна. Гэхдээ Нух Отаны цирк үлдэнэ гэж Кэтрин Пуц бичжээ.

Токаевын “сул байр суурь”

Нэгдүгээр сарын 10-нд болсон парламентын сонгууль нь ёс төдий болж “дэглэмийг бататгах” зорилготой болсон гэж барууны бизнес мэдээллийн агентлаг Intellinews бичжээ. Мөн уг нийтлэлд сонгуулийн өдөр цөөн хэдэн эсэргүүцэл болсныг цагдаа нар хөөн тараасан талаар дурджээ. Intellinews-ийн үзэж буйгаар ерөнхийлөгч Касым-Жомар Токаев, Назарбаевын хүрээний бусад бүлэглэлийн хооронд эртнээс улс төрийн тоглоом явагдаж байгаа гэв. Үүнийг баталж 2019 оны есдүгээр сард Атырау дахь нефтийн салбарын 120 жилийн ойгоор Назарбаевын хүргэн нөлөө бүхий бизнесмен Тимур Кулибаевыг үл ойшоон, үг хэлэх боломж олгоогүй байна. Дэглэмийн гол шүүмжлэгч, хөөгдсөн улстөрч Мухтар Аблязовтай “тэмцэж” байгаа нэрээр Назарбаевын эртний хамтрагч Булат Утемуратовыг золиос болгосон.

“Зарим шинжээчийн таамаглаж байгаагаар парламентын гишүүдийн нэрийг сайн харвал Казахстаны элитүүдийн төлөөлөл Засгийн газарт ямар их нөлөөтэйг харж болно. Жишээ нь 2020 оны тавдугаар сард сенатын даргын суудлаас буусан ч Дарига Назарбаева нь тогтвортой биш ч нөлөөтэй байгаагийн шинж юм” гэж Intellinews бичжээ. Нур Отаны тэргүүн Назарбаев байгаа хөшүүргээ ашиглаж байна. Энэ нь Токаевыг хянаж байхын тулд Назарбаев Аюулгүй байдлын зөвлөлийн дарга хийн, эрх мэдлийг барьж байх боломж юм. Энэ чухал, учир нь Токаевын зарим нэг үйлдлүүд Назарбаеваас холдох оролдлогыг харуулж байна гэж олон шинжээч үзэж буй талаар Intellinews таамаглаж байна. Токаевын байр суурь урьдын адил дэндүү сул. “Назарбаевын томилсон Токаев өөр шиг нь улс орныг чөлөөтэй удирдаж чадахгүй. Өөрийн “елбасы” буюу улсын лидер статусаараа мөн насан туршийн аюулгүй байдлын зөвлөлийн дарга тушаалаараа Назарбаев урьдын адил нөлөө ихтэй” гэж Intellinews бичжээ.

Уг нийтлэлд сонгуулийн өдөр эсэргүүцэгчдэд хатуу хандаж байсан талаар анхаарал хандуулжээ. Ардчилсан нам, “Oyan, Qazaqstan” хөдөлгөөний бүлгийн идэвхтэнүүдийг хэдэн цагийн турш шөнө болтол Алматын Бүгд найрамдах талбайд цагдаа нарын бүслэлтэд байлгажээ. Шуурхай арга хэмжээ авах тусгай ангийнхан кеттлинг (тайван жагсаалд оролцогчдыг бүслэж, хөдөлгөөнийг хорих) ашиглсан нь барууны хүний эрхийг хамгаалагчдын шүүмжлэлд өртөн “дарангуйлах практик” хэмээн буруутгав. Мөн өөр хотуудад хэдэн арван эсэргүүцэгчийг барьсан.

“Өөрсдийн дэглэмийг бататгах гэж ёс төдий хийсэн уг парламентын сонгуульд нөлөө үзүүлэхээргүй цөөн хэдэн эсэргүүцэлд Засгийн газар ингэж хандах нь ойлгомжгүй байв. 2019 онд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн үеэр нэгдүгээр сарын 10-нд болсон бүх улс даяар олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалтай харьцуулбал энэ нь ямар утаггүй байсан нь илт байна. Тэр үед нийгэм дургүйцлээ илүү тод илэрхийлж байсан” гэж Intellinews үзэж байна.

 

Эх сурвалж: www.rus.azattyq.org