Дохагийн тэмцээнээс юу харагдав

0
хуваалцах
675
үзсэн

Д.НАДМИД

Саяхан Катарын Доха хотноо жүдо бөхийн “Мастерс” тэмцээн болж өндөрлөсөн билээ. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид ямархан амжилт үзүүлсэн бэ гэвэл ердөө ганцхан медальтай ирсэн юм. Тэр медалийг хэн авчирсан бэ гэвэл дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг л дээ. Уржнан болж дээ. Тив, дэлхийн хэмжээний ойр ойрхон олон тэмцээн тэр жилийн зун, намар болсон. Монголын жүдочид оролцсоор ирсэн. Тэгэхэд мөн л М.Уранцэцэг л оролцсон тэмцээн бүрээсээ медальтай ирж багийнхаа нүүрийг тахалж байсан шүү дээ. Монгол ганцхан жүдочтой юм шиг санагдуулмаар тийм дүр зураг сүүлийн 2-3 жил давтагдав. 
Сая Дохад болсон “Мастерс” нь улс, улсаас дэлхийн чансаагаар жиндээ эхний 32-т багтсан шилдгүүдийн чуулга байсан. Тиймдээ дэлхийн аваргын дайтай тэмцээн байлаа. Манайхаас есөн тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 73, 81 кг-д хоёр хоёр тамирчнаа явуулсан. Тэгэхээр цөөн жинд Монголын нэр гарсан гэсэн үг. Тэгээд нэг хүрэл медальтай, тавдугаар байр нэгтэй ирлээ. Уг нь 2014-2016 оны үед “Мастерс” тэмцээнд манай жүодчид тун сайн оролцож байв. Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа гэхэд дөрвөн удаа жиндээ аваргалсан. М.Уранцэцэг нэг удаа түрүүлж, нэг удаа хүрэл медаль авч байсан гээд амжилтууд бий. Гэтэл манай жүдочдын чанар чансаа сүүлийн жилүүдэд эрс мууджээ. Энэ нь Жүдогийн холбооны удирдлага, дасгалжуулагчдын ажиллагаатай холбоотой юм. Тэд тамирчдынхаа залгамж халааг бэлтгэж чадахгүй байна. Тамирчдаа шинжлэх ухааны үндэслэлтэй дасгал, сургуульд хамруулахгүй зөнд нь тавьж тэмцээн болохоор нөгөө л нэр бүхий хэдийгээ л явуулдаг. Тэдний нь барилдааныг жүдогийн өндөр хөгжилтэй орныхон судалчихсан. Яаж дарж авахаа мэддэг болчихсон ийм л байгаа зураг харагдаж байна. Ер нь Халтмаагийн Баттулга, Чимэдбазарын Насантогтох нарыг жүдогоос холдсноос хойш тамирчдын амжилт буурсан гэж ч болохоор. Япон, БНСУ, Нидерланд, Франц зэрэг орноос ямар гялалзсан залуучууд гарч ирж байгааг саяын “Мастерс” харууллаа шүү дээ. Япон, Солонгосын жүдочид хөнгөн жинд гоц байна. Манайхан эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нарыг 81 кг-д Саид Моллаи, О.Ууганбаатар хоёрыг явуулахдаа жүдогийн холбооныхон тэднийг медаль авна даа гэж битүү горьдсон байх. Гэтэл тэд зарим нь эхний тойрогтоо бусад нь 2-3 дугаар тойрогтоо хасагдав. 
Энэ байдалд хэн дүгнэлт хийх ёстой юм бэ. Удахгүй олимп болох гэж байдаг. Энэ янзаар бол олимпоос медаль авах хүн гарах уу. Төсөөлөхөд М.Уранцэцэг л байна даа. Өөр ч мэдэхгүй. Хэзээ нэг цагт М.Уранцэцэг зодог тайлж таарна. Тэр үед түүний жинд барилдах бөх алга. Эмэгтэй 57 кг-ын жинд ч Д.Сумъяаг хэн орлох вэ. Жүдогийнхоон сэрмээр байна шүү.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)