С.САРУУЛ

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлгүүдийн бэлэн байдал, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэхийг шалгах, шинээр PCR шинжилгээний лабораторийг байгуулах асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон ЭМЯ-ны холбогдох удирдлагууд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

ЭМЯ-аас тус дүүрэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын болон оношилгооны дурангийн аппаратууд, рентген аппарат, компьютер томографикийн аппарат зэрэг эмнэлгийн суурь тусламж, үйлчилгээг сайжруулах ажлуудыг хийхээр болсон байна. Түүнчлэн төрөлжсөн төв эмнэлгүүдэд үзүүлж буй мэс засал, оношилгоо, эмчилгээг дүүргийн эмнэлгүүд үзүүлдэг болгох тал дээр анхаарч, бодлогоор бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм. Тус дүүргийн ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах, оношлох, эмчлэх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг энэ онд байгуулахаар болсон юм.

Цар тахлын үед шаардлагатай тохиолдолд иргэдийг тандалт, судалгаанд хамруулах үүднээс өнгөрсөн хугацаанд ЭМЯ-аас Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохархан  дүүргүүдэд Молекул биологийн лабораторийг байгуулаад байна. Удахгүй Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн лабораториуд ашиглалтад орохоор ажиллаж байна.  

Эх сурвалж: www.polit.mn